"Кино урлагийн хууль батлагдах шатандаа явж байгаа"

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын театрын музейд кино уран бүтээлчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд тэрбээр бүх нийтийг соён гэгээрүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд  кино уран бүтээлчид голлох үүрэгтэй.  Монгол Улсын Засгийн газар уран бүтээлч та бүгдээс дэмжлэг хүсч байна. Кино урлагийг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарсан байна.  Төр оновчтой бодлого хэрэгжүүлэх ёстой. Иймд салбарын уран бүтээлчдийн санал бодлыг сонсож, бодлогын баримт бичигт тусгах нь чухал учир уран бүтээлчидтэй нүүр тулан уулзаж байна гэдгээ хэллээ. Монгол Улсын Засгийн газраас  УИХ-д өргөн мэдүүлээд буй “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн төслийн талаар БСШУСЯ-наас товч танилцуулга мэдээллийг уран бүтээлчдэд өгөв.  

Мөн “Байгалийн түүхийн музей байгуулахаар 100 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Мөн Соёл урлагийн театр шинээр барихаар газрынх нь асуудлыг хөөцөлдөж байна. Улаанбаатар хотод газар олдохоо байж, сургууль, цэцэрлэгийн өргөтөл хийх гэж биеийн тамирынхаа талбайг нурааж байлаа. Ард иргэд ч үүнийг мэдэх байх. Бид ч гэсэн газрын асуудлаа хөөцөлдөөд хууль хяналтын газраар явж байна. Үүнээс гадна кино урлагаар дамжуулж эх орноо сурталчлах, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Социалист нийгмээс хойш кино урлаг эзгүйдсэн гэж хэлж болно. Тиймээс кино урлагийг дэмжих хуулийн төсөл боловсруулаад батлах шатанд явж байгаа. Амьдралд нийцсэн амьд хууль гарах ёстой. Кино урлагийн гадаад үйл ажиллагааг хөгжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэх, зураг авалтын орчин бүрдүүлэх зэрэгт төрийн зүгээс анхаарах шаардлага зайлшгүй байна” хэмээн онцлов.

Мөн сүүлийн 20 гаруй жилд нэгдсэн бодлогогүй, төрөөс дэмжлэггүй, хувь уран бүтээлчдийн сайн дурын хүсэл эрмэлзэл, санхүүжилтээр хөгжсөөр ирсэн энэ үед Засгийн газрын тэргүүн өөрийн санаачлагаар уулзалт зохион байгуулж санал бодлыг нь сонсож, эрхзүйн орчныг нь бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барьсан явдалд уран бүтээлчид талархлаа илэрхийллээ.

Контентийн хулгай, зохиогчийн эрхийн маргаан, үйлдвэрлэгч, түгээгч хоорондын ашиг хүртэх хувь, татварын дарамт, уран бүтээлчдийн нийгмийн хангамж, цалин хөлс, орлогын баталгаатай холбоотой зайлшгүй хуулиар зохицуулах шаардлагатай тулгамдсан асуудлуудыг ихэнхи уран бүтээлчид дурдаж байв. Иймд кино бүтээхэд оролцогч бүх талуудыг оролцуулсан салбарын нэгдсэн зөвлөгөөнийг Ерөнхий сайд өөрийн ивээл дор Төрийн ордонд энэ сарын сүүлээр зохион байгуулж нэгдсэн байр сууринд хүрэхээр болов


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)