Киночид монгол хэлийг МОХООЖ БАЙНА

“Намрын синдром”, “Аз жаргалын шок”, “247 градус”, “Рэкет”, “Тютю”, “Амьдралоги”. Эдгээр нэр танд танил сонсогдож байна уу. Эд бол үзэгчдэд хэдийнэ хүргэсэн Монголын уран сайхны киноны нэр. Хоёр үгний нэг нь гадаад, тэр бүү хэл монгол, гадаад нь мэдэгдэхгүй нэртэй киноны жагсаалт үүгээр дуусахгүй. “Миний ах атаман”, “Микроны босс”, “Том толгойтын романс” гэхчлэн хөвөрнө.

Монгол хэлний үгсийн санд дээрх харь үгийг онож хөрвүүлэх үг байхгүй юу, эсвэл уран бүтээлчид нь судлахаас залхуурав уу. Кино зохиолын болоод нэрийн найруулгын талаар хөндөх гэсэнгүй. Харин харь үгтэй эрлийзжүүлсэн, эх хэлээ сэглэсэн үгсийн тухай бичих гэсэн юм. Профессор Д.Баттогтох “Харуусал, халаглалтай нь, өнөөдөр эх хэл минь ихэд эвдэрч, эрлийзжиж, эзэнгүй мал мэт болж байна. Хэл яагаад эд шиг эвдэрдэг билээ гэж гайхах хүн гарах байх. Эвдэрсэн эдлэл, эдэлгээгүй эд шиг боллоо, эх хэл минь. Эвдэрч, эдэлгээ хэрэглээ нь муудаж байна гэсэн үг” гэв.

Монгол хэлийг гадаадынхан бус, монголчууд өөрсдөө устгаж байгаа нь энэ цагийн эмгэнэл. Эх хэл, соёл руугаа довтолж буй буруутнуудын тэргүүн эгнээнд урлагийнхан явна. Ялангуяа, телевиз болоод кино урлагийнхан гэхэд хатуудахгүй. Урлагийнхан үзэгчдэд хэл бичгийн эрдэмтэн мэргэдээс хамаагүй дээгүүр нэр хүнд, нөлөөтэй. Олонхын тархийг тэд л “угааж” чаддаг.

Гадаад нэртэй, харь үгс хольж хутгасан киноны харилцан яриа, нэрийг үзэгчид давтан дуурайх, хэрэглээнд нэвтрүүлэх нь энгийн л үзэгдэл болж. Манайд телевизийн 100 орчим суваг байдгаас монгол хэлээр нэрлэсэн нь “Малчин”, “Монгол”, “Эх орон”, “Шинэ дэлхий” зэрэг тоотой. Бусад нь бүгд гадаад нэртэй. Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын толгойлдог суваг хүртэл UBS нэртэй. Тус телевиз “City news” мэдээллийн хөтөлбөр, “60 seconds”, “Universe best songs”, “My voice” цэнгээнт, “Sainaa’s talk show”, “City night” ярилцлагын зэрэг гадаад нэртэй өчнөөн нэвтрүүлэг хүргэдэг. Энэ бол зөвхөн нэг жишээ.

Эргээд киноны тухай ярья. 2018 он гарснаас хойш Монголын уран бүтээлчид дэлгэцийн 24 бүтээлийг кино театруудаар үзэгчдэд хүргэжээ. Тэдгээрээс дурдвал, “Такси-2”, “Бумеранг”, “One night”, “Параллель ертөнц”, “Орк”, “UB squad”, “Single ladies-3”. Бараг бүгд гадаад нэртэй байгаа биз. Уг нь “One night” биш “Ганц шөнө”, “Параллель ертөнц”-ийг “Зэрэгцээ ертөнц” гээд хөрвүүлж болно.

Энэ бол монголчууд төрөлх хэлээрээ ойлгомжтой, цэгцтэй ярьж, бичиж, чадахаа больж, гадаад үгийг ихээр хэрэглэж, нэр томьёогоор цэцэрхэх, чамирхах явдал элбэгшсэний шинж. Энэ үзэгдэл монгол хэлэнд утгын ноцтой алдаануудыг гаргаж, буруу зөрүү ойлголт төрүүлэн, монгол хэлний найруулгыг бүдүүлгээр гажуудуулах зэрэг олон сөрөг үзэгдлийг байнга дагуулж байна. Эх хэлээ гагажуудуулах, харь үгийг хавтгайруулах явдал хэтэрвээс өнөөдрийн мэт байдалд хүрч болно гэдгийг номч мэргэд маань эртнээс мэдэрч, сануулж байжээ.

Доктор Ц.Эрдэнэбат “Аливаа зүйлийг бичиж, туурвиж хүнд хүргэнэ гэдэг утгын маш нарийн урлал юм. Хэрвээ утгыг буруу бичиж туурвих аваас түүн шиг нүгэл үгүй. Буруу утгыг бусдад хүргэснээр ташаа ойлгоно. Тэгснээр буруу номлол түгнэ. Худал, буруугаас болж маргаан, тэмцэл өрнөнө гэх зэргээр буруугаар үйл үйлдэхийн балаг хорыг өгүүлэхэд барагдашгүй” хэмээсэн байдаг.

Эх хэлээрээ ярих, бичих чадвар жилээс жилд муудаж буйг их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт, адаглаад цахим орчинд бичсэнээс нь бэлээхэн харж болно. Үзэж буй кинонд нь ч гадаад үг хэрэглээд байхаар хэвшихээс яах билээ. Зохиолч Л.Дашням “Монгол хүн үгийн баялаггүй, санаагаа зөв илэрхийлж чадахгүй, хэлгүй болчихож. Аугаа их түүхээсээ, үндэсний уламжлалаасаа хөндийрч эхэллээ” гэсэн нь яахын аргагүй үнэн юм.

Бас нэг жишээ татъя. Өнгөрсөн сарын 20-ноос “Эрэгтэй охин” гэх киног үзэгчдэд хүргэсэн. Утгыг нь яаж ч бодоод олохгүй юм. Уг нь манай үгсийн санд манин гэж орлуулах үг бас бий. Мөн “Надын аав мангар” гэж киног өнгөрсөн жил олны хүртээл болгожээ. Хар ярианд байж болох ч бүтээлээ ийн нэрлэх нь хэр зохимжтой вэ. Ямар үйл явдлын талаар өгүүлдгийг нь бүү мэд. Гэхдээ киноны нэрээс харахад л монгол хэлээр тоглож байгаа нь тодорхой.

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Монголоор яриад ойлгохоо больцгоож. Миний гэсэн үгийг надын гэж ярьдаг хүмүүс олширч байна. Нэртэйгээр нь чиний гэхийг чадын гэх юм байна л даа. Юу гэсэн үг вэ, та минь. Энэ нийгмийн сэтгэлгээний өвчнийг засъя” гэж байх вэ дээ. Киноны менежмент талаасаа үзэгчдийг татах гэсэн оролдлого байж магадгүй. Гэхдээ эх хэлээ сүйтгэн байж маркетинг хийх шаардлага бий юү. Монгол хэлээр “оролдсон”-оос ялгаа юу байх вэ. Удахгүй “МООЖ”, “Кино сутра” зэрэг бас л ойлгомжгүй нэртэй киног үзэгчдэд хүргэх гэнэ. Үнэхээр сайн кино хийвэл ямар ч нэртэй байсан хүмүүс шуураад л үзнэ. Харин муу бол ямар ч менежменттэй нэр өгөөд өөдтэй явахгүй л болов уу.

“Алтан үе”-ийнхний бүтээлийн нэрсийг саная л даа. “Нийслэл хүү”, “Аман хуур”, “Толбот хивс”, “Алтан өргөө” гэхчлэн “бай”-гаа онож нэрлэсэн. Гавьяат жүжигчин О.Ичинхорлоо “Урлаг хүний оюуны чадлыг нээж, уран сэтгэцийг өрнүүлэх, зөн авьяасыг бадраах нөлөөнөөс гадна бодит байдлын үнэнийг дүрсэлж, ирээдүйг үзүүлдгээр уран сайхны үүрэгтэй. Иймээс урлаг мэдлэгийн эх болохын хамт түүнийг дэлгэрүүлэх хүчтэй зэвсэг мөн учир соён гийгүүлэх ач холбогдолтой. Уран бүтээл хүнд үзэл санааны, оюуны эрч хүчийг бодол ухаан, сэтгэл мэдрэлд нь шингээн өгдөг, сэнхрүүлэх үүрэгтэй” хэмээсэн. Урлагийн тэр дундаа киноны уран бүтээлчид үүргээ ухамсарлаж, нийгэмд ямар нөлөө үзүүлдгээ нягталж, хүүхэд, залууст юу “өгч” буйгаа анхаараасай.


Бэлтгэсэн: А.Тайшир


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)