Киноны тухай хууль хаачив

Монгол Улсад кино урлаг 1930-аад оны эхэн үеэс хөгжиж, анхны киногоо 1936 онд “Норжмаагийн зам” нэртэйгээр бүтээж байлаа. Гэхдээ Сайн ноён Намнансүрэн 1913 онд Орос улсаас кино авчирч, Богдын өргөөнд үзүүлж байсан тухай баримт бий. 1936-2000 он хүртэлх буюу 56 жилийн хугацаанд нийт 292 бүрэн хэмжээний уран сайхны кино, 900 гаруй баримтат кино бүтээсэн нь Үндэсний архивын газарт хадгалагдаж буй.

Харин өнөөдөр манайд киноны уран бүтээлчид жилд дунджаар 30-40 орчим уран сайхны кино бүтээн, үзэгчдийн хүртээл болгож байна. Гэтэл уран бүтээлчид, кино үзвэрийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зохицуулах, удирдан зохион байгуулахад баримтлах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй учир тодорхой бодлого, чиглэлгүй урсгалаараа явсаар өнөөг хүрчээ.

Кино бол аль нэг давхарга, бүлэг хүн рүү чиглэсэн бус, олон нийтийг хамарч чадах, түүгээрээ хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг онцгой урлаг. Тийм ч учраас бусад улс кино урлагийг нийгмийн хөгжлийн чухал хүчин зүйлд тооцон, орчин үеийн техник технологийн ололт амжилтыг нэвтрүүлэн, хөгжүүлсээр ирсэн. Энэ нь ч улс үндэстний тусгаар тогтнол, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдгийг мартаж болохгүй.

1990-ээд оноос өмнө хийсэн кинонууд нэг намын үзэл сурталд баригдаж байсан хэдий ч монгол ахуйн онцлог, нүүдлийн соёл иргэншлийг тод харуулж өгснөөрөө соёлын өвийн чухал хэсэг, одоо ч үзэх дуртай кино байсаар. Харин 1990-ээд оноос хойш киноны уран бүтээлчид чөлөөтэй сэтгэж, хүссэн сэдвээрээ бүтээх болсон нь сайн талтай ч, хэл найруулгын алдаатай, үзүүлэх нөлөөлөл сул, гадаадын киноны хэв маяг, загварыг хэт дуурайсан, үзэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байгаа нь шүүмжлүүштэй. Тиймээс дэлхийн кино урлаг, түүний хөгжлийн жишгийн дагуу манай улс ч Киноны тухай хуультай болох шаардлагатай юм.

КИНОНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ “ТӨӨРӨВ”

Өнгөрсөн 20 гаруй жил төрөөс Монголын кино урлагт огт анхаарал тавьсангүй. Харин 2010 оноос хойш уран бүтээлчдийн дунд ам дамжин яригдсан ч, өнөөг хүртэл хэрэгжээгүй Киноны тухай хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард арайхийн боловсруулж, УИХ-д өргөн барьсан юм.

Уг төслийг БСШУЯ-наас санаачлан боловсруулсан аж. Тухайн үед БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр “Киноны талаар төрөөс батлан гаргасан бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, зорилгыг хэрэгжүүлэх, бодлого, стратегийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бий болгох шаардлага тулгарч байгаа учраас киноны үйл ажиллагаа эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, кино үйлдвэрлэлийн санхүүжилт, кино үзвэрийн үйлчилгээ болон үйлчлүүлэгчдийн эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуулийн төсөл боловсруулсан.

Киноны салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээрээ онцлог. Мөн энэ салбарт хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол Улсаа сурталчлах гол суваг бий болно гэж үзэж буй. Нөгөө талаар киноны уран бүтээлчдийн эрхийг хамгаалах боломж бүрдэнэ” хэмээн тайлбарлаж байв.

Уг төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх, түгээх, борлуулах, кино үйлдвэрлэлийг дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилготой. Гэтэл уг төслийн II бүлгийн V зүйлд кино төсөл сонгон шалгаруулах, түүхэн сэдэвт киноны төсөлд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, VI зүйлд Монгол Улсын дархан цаазат газар, байгалийн цогцолбор газар, байгалийн нөөц газар, дурсгалт газарт кино бүтээх, кино зураг авах иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөл олгоно.

III бүлгийн I зүйлд Киног дэмжих сан нь санхүү төсөв, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны академийн төлөөлөл, киноны мэргэжлийн зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн удирдах зөвлөлтэй байна. II зүйлд Сангийн дарга нь соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. Сангийн дарга удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилно.

III бүлгийн X зүйлд олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад кино бүтээгч нь төрийн байгууллагатай байгуулсан гэрээний харилцаанаас үүсэх маргааныг талууд харилцан тохиролцсоны дагуу гадаадын, эсвэл дотоодын арбитрыг томилон шийдвэрлүүлэх, XII зүйлд кино театр, киног нэмэлтээр үзүүлэгч байгууллага дэлгэцийн оргил цагийн жилийн хуваарилалтад монгол киноны цагийг 30 хувиас доошгүй байлгана. Монгол кино бүтээлийг өмчлөгчийн кино үзвэрээс олох орлого нь эхний долоо хоногт тасалбарын борлуулалтын орлогын 50 хувиас доошгүй байна.

Цаашид үечилсэн системээр ашиг хувааж болно. XIII зүйлд Монгол Улсын түүх, соёл, байгаль, ахуй амьдрал, үндэсний зан заншил, өв уламжлалыг дэлхий дахинаа сурталчлан таниулсан шилдэг кино бүтээгчид Монгол Улсын нутаг дэвсгэрт уг киног бүтээхэд оруулсан хөрөнгийн 40 хүртэлх хувьтай тэнцэх урамшууллыг олгоно гэхчлэн “цоорхой” гаргаж болзошгүй олон заалт оруулжээ. Уг хуулийн төслийг боловсруулахдаа Франц болон ОХУ-ын төрөөс кино урлагаа хэрхэн дэмжиж ирсэн туршлагыг гол болгожээ.

Шалтгаан нь Франц улс киноны тухай хамгийн шилдэг хуультай, түүнийг нь бусад улс ийм төрлийн хуулиа боловсруулахдаа ашигласан байдагт гэнэ. Гэтэл манайд олон жил дуншсан, таван бүлэг, 16 зүйлээс бүрдсэн уг төсөл сонгуулийн шуугиан, намуудын будлианы дунд “төөрөөд” алга болчихов. Өнөөдөр ч сураггүй. Уран бүтээлчид одоо ч хуулиа хүлээсээр.

КИНОЧДОД ЯМАР ХУУЛЬ

ХЭРЭГТЭЙ ВЭ

Киноны хуулийн төслийн талаар уран бүтээлчид ам муутай байгаа нь илт. Тэдний хүсэн хүлээсэн зүйлийг уг төсөлд суулгаагүй бололтой. Монголын кино урлагийн академийн ерөнхийлөгч Б.Цогтбаяр “Энэ хуулийг боловсруулах ажлын хэсэгт мэргэжлийн уран бүтээлч бараг ороогүй. Уран бүтээлчдээ хянасан, хяхсан, хаасан заалт олон байна. Ер нь кинотой холбоотой уран бүтээлчид ам муутай байгаа. Би киноны төрлөөр дагнасан урлаг судлалын ганц доктор. Намайг энэ зөвлөлд оруулаагүй. Бичгээр саналаа өгч болно гэсэн. Би өгсөн. Гэтэл мөн л тусгаагүй байна” гэв.

Мэргэжлийн уран бүтээлчдийн төлөөллийг төсөлд ажиллуулах явцдаа санал зөрөлдсөнөөс болж халж, сольж байсныг ч уран бүтээлчид хэлж байна. Тэгвэл киноны уран бүтээлчдэд ямар хууль хэрэгтэй юм бэ.

Киноны хуулинд дотоодын киног телевизийн хөтөлбөрт тодорхой хувь эзлэхийг зааж өгвөл зүгээр юм. Өнөөдөр Монголын телевизүүдээр гарч байгаа олон ангит кинонуудын 70 хувь нь гадаадынх гэсэн судалгаа байна. Гадаадын олон ангит киног монголчууд тогтмол үзсэнээр өсвөр үеийнхэн тухайн улсын соёлд хэт автаж, үг яриа, хувцаслалтаараа хүртэл даган дуурайх явдал ихсэж байгааг кино бүтээгчид шүүмжилдэг.

Энэ ч утгаараа монгол залуусын сэтгэхүйд нөлөөлж буй гадаад соёлоос монгол кино, өв соёлоо хамгаалж үлдэх, хүүхэд залуучуудын хүмүүжил боловсрол руу чиглэсэн дорвитой кино бүтээл туурвих шаардлага гарч байгаа юм. Түүнчлэн үндэсний кино урлагийг дэмжих сан байгуулах шаардлагатай. Гол нь уг сангаа холимог тогтолцоотой, урт хугацаанд төрийн дэмжлэгтэй, цомхон бүтэцтэйгээр байгуулахгүй бол гадаадынхны алдааг ч давтах эрсдэл бий.

Мөн кино үзвэрийн бодлого, кино уран бүтээлчдийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс дэд бүтцийн асуудал, уг салбарт хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байгууллага, компани, хувь хүмүүс болон гадаадын хөрөнгө оруулагчдад эдийн засаг, татварын оновчтой механизмыг нэвтрүүлж байж манайх шиг хоёр гуравхан кино театртай жижиг зах зээлтэй улсад кино урлаг хөгжинө. Үүнийг мэргэжлийнхэн ч хэлдэг.

ОЙРЫН ХӨРШҮҮДЭЭСЭЭ СУРАЛЦЪЯ

Франц бол кино урлагаа төрөөс дэмжих анхны алхам хийсэн улс юм.Үүний анхны оролдлого нь дэлхийн II дайны үетэй давхцдаг бөгөөд дайн дууссаны дараа 1948 онд Үндэсний кино төв байгуулжээ. Тэр төв Дэлхийн кино үйлдвэрлэлийг хөгжүүлэн дэмжих тухай хууль боловсруулж, түүний зохицуулах төрийн механизмыг тодорхойлсон нь өнөөдрийг хүртэл хэрэгжиж буй.

1998 онд Европын холбоо мөн “Евроимэж” гэж том сан байгуулсан бөгөөд жилд 24 сая еврогийн төсөвтэй, 34 орныг хамардаг аж. Уг сан дөрвөн улсад 40 орчим кино театр барьж, тэдний санхүүжүүлсэн кинонуудаас нь 1200 нь олон улсын шагнал хүртсэн байна. ОХУ-д 2011 онд Соёлын яаманд таван хэлтэс бүхий Кино урлагийн газар байгуулжээ. Мөн кино урлагийг дэмжих сан 100 гаруй байдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн ОХУ 2012 оноос кино урлагаа улам эрчимтэй дэмжиж иржээ. Үүний шалтгаан нь кино үйлдвэрлэлд оруулж буй тус улсын эзлэх байр суурь буурсантай холбоотой аж.

Харин төрөөс кино урлагийг дэмжих шийдвэр гармагц энэ салбарыхных нь санал эсрэг чиглэлд хуваагдаж эхэлжээ.Нэг хэсэг нь төрийн дэмжлэг уг салбарт зайлшгүй хэрэгтэй, нөгөө хэсэг нь кино урлаг Холливудын загвараар өөрийгөө санхүүжүүлж явах ёстой гэж үзсэн байна. ОХУ-ын ШУА-ын нийгмийн ухааны салбарын эрхлэгч В.Ю.Музычук “Соёл урлаг нь олон нийтийн сайн сайхны төлөө зориулагдсан байдаг тул их бага хэмжээгээр төрөөс тогтмол татаас өгч байх нь зүйтэй. Соёл урлаг нь бүх хүмүүст тэгш хүрдэг бөгөөд хэн нэгэн хувь хүнд тухайлан зориулагдаагүй” гэж хэлсэн байдаг. Тэрбээр ингэж хэлснээрээ кино урлагт төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай болохыг нотолсон байна.

Түүнчлэн 1922 он хүртэл Италийн кино урлаг төдийлөн урагштай байгаагүй бөгөөд энэ оноос кино урлагийг төрөөс дэмжиж эхэлсэнээр АНУ-ын кинотой өрсөлдөх хэмжээнд хүртлээ хөгжжээ. БНСУ-ын Засгийн газар бараг захиргаадалтын зарчмаар MPPC гэх байгууллага бий болгож, кино үйлдвэрлэлийг дэмждэг. Энэ мэт туршлагыг эш татсан нь манай улс эхлээд гадаадын улс оронтой хамтран бүтээх киног төрөөс заавал дэмждэг болох, ганц төрийн биш хамтарсан сан байгуулах байдлаар хуулийн төслөө боловсруулах шаардлагатайг дахин сануулах гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)