Ким Чен Ирийг залгамжлагчийг ирэх есдүгээр сард нэрлэж магадгүй

Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны бүгд хурал ирэх есдүгээр сард болно гэж Хойд Солонгосын албан ёсны мэдээллийн агентлаг уламжлав. Дээд удирдлагыг сонгохын тулд уг хуралдааныг зарлах гэж байгаа тухай уг мэдээнд дурдсан байна.

Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчоо тун ховор хуралддаг учраас уг хуралд ажиглагчид ихээхэн анхаарал хандуулж байна. Тэрхүү хурлаас 68 настай Ким Чен Ирийн халааг авах хүний тухай асуудлыг шийдвэрлэж магадгүй байгаа бөгөөд үүнд Ким Чен Ирийн 27 настай хүү Ким Чен Ун ихээхэн магадлалтай буй юм. БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын Улс төрийн товчоо ирэх есдүгээр сард түүхэндээ анх удаа шинэ удирдагчаа сонгохын тулд тусгай уулзалт хийх гэж байна хэмээн Пхеньяны албан ёсны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс эш татаж АР мөн мэдээллээ.

Солонгосын Хөдөлмөрийн нам 1948 онд үүсэн байгуулагдсанаас хойш гурав дахь удаагаа, 1980 оноос хойш анх удаа ийм хурал болох гэж буй нь энэ юм. 1980 онд ирэх есдүгээр сарынхтай “агаар нэг” хурал болж, Ким Чен Ирийг эцэг Ким Ир Сений оронд албан ёсоор баталсан түүхтэй. Энэ оны нэгдүгээр сард БНАСАУ өнөөгийн удирдагч Ким Чен Ирийн хүү Ким Чен Унын төрсөн өдрийг үндэсний баярын өдөр болгохоор зарласан.

Түүнээс гадна Ким Чен Ир отгон хүүгээ Улсын батлан хамгаалах хорооны зааварлагч болгож, түүнд бүхий л эрх мэдлийг төвлөрүүлэх “замын чулууг цэвэрлэсэн” хэд хэдэн заалтыг хууль тогтоомжид суулгаж өгсөн юм.

Б. БУЯНЦОГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)