Ким Жөн Ун 103 эрдэмтнээ шагнав

Ким Жөн Ун Хойд Солонгосын Ерөнхийлөгч БНАСАУ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун цэргийн шинжлэх ухааны салбарт болон улс орныхоо батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан 103 эрдэмтний цолыг ахиулан урамшууллаа. Тэрбээр технологийн ярвигтай асуудлыг шийдэж, үндэсний батлан хамгаалах үйл хэргийг эргэлтийн үе шатанд гаргах боломж олгосонд талархаж буйгаа эрдэмтдэд илэрхийлснийг тус улсын Төв цахилгаан мэдээний агентлагаас уламжлав.

БНАСАУ-д энгийн иргэдэд цэргийн цол олгох нь хамгийн дээд шагнал бөгөөд тэдний гавьяа зүтгэлийг эрх баригчид нь хүлээн зөвшөөрч буйн нотолгоо болдог аж. Өнгөрсөн сард БНАСАУ ойрын тусгалтай баллистик хэд хэдэн пуужин харвасан бөгөөд хамгийн сүүлийнхийг энэ сарын 10-нд туршсан. Түүнчлэн тус улсын удирдагч Ким Жөн Ун баллистик пуужин тээх, харвах чадалтай шинэ шумбагч онгоцыг биечлэн шалгасан билээ.

Үүний сацуу БНАСАУ-аас зугтан гарсан 42 настай эмэгтэй, зургаан настай хүүгийн хамт Сөүл хот дахь байрандаа амиа алдсаныг цагдаа нар олжээ. Тэд өлсөж үхсэн байж магадгүй гэнэ. Байж суухын аргагүй үнэр тархсан тухай оршин суугчдаас гомдол ирсний дараа цэвэрлэгч цогцсуудыг олсон байна.

Цагдаагийн газраас мэдээлснээр цогцсууд хүчирхийллийн, эсвэл амиа хорлосон гэх шинж тэмдэггүй бөгөөд амьсгал хураагаад хоёр сар орчмын хугацаа өнгөрсөн байжээ. Амиа алдсан эмэгтэй 2009 онд БНАСАУ-аас Хятад руу зугтан гарч, тэндээсээ БНСУ-д очсон аж. Сайн, сайхан амьдрах гэж БНСУ-ыг зорьсон БНАСАУ-ын иргэд таних мэдэх хүнгүй, эзэмшсэн мэргэжил, ур чадваргүйн улмаас нийгмээс тусгаарлагдаж, эх орондоо байснаас илүү дор нөхцөлд орох тохиолдол олонтоо гардаг аж. Одоо БНСУ-д БНАСАУ-ын 30 мянга гаруй иргэн оршин суудаг гэнэ.

Нөгөөтээгүүр, БНАСАУ-ын хакеруудын кибер халдлагын гол бай нь БНСУ болдог гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-д хориг арга хэмжээ авах асуудал хариуцсан хорооны илтгэлд дурджээ. Тус улсаас 17 оронд үйлдсэн гэх 35 кибер халдлагад мэргэжилтнүүд дүн шинжилгээ хийсэн байна. Тэдгээр халдлагын 10 нь БНСУ, гурав нь Энэтхэг, хоёр нь Бангладеш болон Чилийг онилсон байжээ. БНАСАУ-ын хакерууд санхүүгийн байгууллагууд болон криптовалютын биржүүдээс хоёр тэрбум орчим ам.доллар хулгайлсныг илтгэлд дурдсан байна. БНАСАУ-ын эрх баригчидтай холбоотой гэх “APT38” хакеруудын бүлэг ийм гэмт хэрэгт холбогдсоныг компьютерын аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн Америкийн “Fire eye” компани өнгөрсөн оны аравдугаар сард мэдэгдэж байв.

БНАСАУ-д үзүүлдэг эдийн засгийн шахалт, хориг арга хэмжээ өргөжихийн хэрээр 2014 оны хоёрдугаар сараас хойш тус бүлэг янз бүрийн банкуудын эсрэг үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх болсон гэнэ. Гэмт этгээдүүд эхлээд Зүүн өмнөд Азийн улсуудад халдаж байсан бол дараа нь Африк, Өмнөд Америкийн улсууд дахь санхүүгийн байгууллагууд руу кибер халдлага үйлдэх болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)