Ким Жөн Намын цогцсыг Хятад руу илгээнэ

Малайзын эрх баригчид БНАСАУ-ын удирдагчийн ах Ким Жөн Намын цогцсыг Хятад руу илгээх гэж байгаа тухай Сингапурын “Straits times” сонин мэдээлжээ. Ийм мэдээллийг Малайзын Засгийн газрын эх сурвалжаас авсан гэнэ. Гэхдээ цогцсыг Умард Солонгосын албан ёсны төлөөлөгчид болон Ким Жөн Намын гэр бүлийн алинд өгөх нь тодорхойгүй байна.

Талийгаачийн цогцсыг авах хүсэлт хамаатнуудаас нь өнөө болтол ирээгүй аж. Ким Жөн Намын цогцсыг Малайзад чандарласны дараа БНАСАУ-ын төлөөлөгчдөд шилжүүлэн өгнө хэмээн урьд нь мэдээлж байсан юм. Одоо уг асуудлыг Малайз, БНАСАУ-ын төлөөлөгчид Бээжинд хэлэлцэж байна. Ким Жөн Намын амь насанд халдсан хэргээс үүдэлтэй дипломат маргаанаа зохицуулахаар тэд хэлэлцээ хийж буй аж.

Ким Жөн Нам өнгөрсөн сарын 13-нд Малайзын нисэх буудлаас эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан юм. Түүнийг хордож үхсэн гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Субраманиам Сатхасивам мэдээлсэн. Тэгвэл БНАСАУ-ын Ким Чхоль гэдэг иргэн зүрхний шигдээсээр нас барсан гэж Пхеньян мэдэгдэж байна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)