Ким Жон Ун ард иргэдээсээ уучлалт гуйжээ


Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “сайн удирдагч” болж чадаагүйдээ тус улсын иргэдээс уучлалт гуйсан тухай Солонгосын Төв цахилгаан мэдээ агентлаг мэдээлэв. БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам байгуулагдсан 75 жилийн ойн баярын тохиолдуулан болсон парадын үеэр Ким Жон Ун "хангалттай сайн" удирдагч болж чадаагүйдээ иргэдээсээ уучлалт гуйгаад, ард түмнийхээ итгэлийг "амь насаараа ч хамаагүй" хамгаална гэдгээ амласан байна. “Нөхөд өө, би ямагт иргэдийнхээ тэнгэр шиг том, далай шиг өргөн итгэлийг хүлээж авч байсан. Харин би хэзээ ч зохих ёсоор хариулж чадаагүй, надад өөрийгөө зөвтгөх арга алга. Би агуу удирдагч Ким Ир Сен, агуу жанжин Ким Чен Ирийн үйл хэргийг хүлээн авч, улс орноо удирдах хүндхэн хариуцлагыг үүрч байгаа ч надад хүчин чармайлт хангалтгүй байна. Тийм учраас манай иргэд өдөр тутмын амьдралыг хүнд бэрхшээлээс салж чадахгүй байгаа юм" гэж тэрбээр хэлжээ. Мөн ард түмний итгэл бол түүний хувьд нэр төрийн хэрэг гэж Хойд Солонгосын удирдагч онцолсон байна. Түүнчлэн хар салхинд нэрвэгдсэн бүс нутгийг сэргээн босгох ажлын хүндрэлийг даван туулж буй, коронавирусийг эх орондоо нэвтрүүлэхгүйн тулд тэмцэж байгаа Хойд Солонгосын армийн цэргүүдээс уучлалт гуйжээ. "Би маш их харамсаж байна, энэ ёслолын үеэр тэдэнтэй хамт байж чадахгүй байгаадаа миний зүрх өвдөж байна" гэж Ким Жон Ун хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)