Ким Жон Уны нууцлаг эхнэр

БНАСАУ-ын улирдагч Ким Жон Ун болон "Хүндэт тэргүүн хатагтай" нар Хятадад айлчилж буй нь

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун уламжлалаасаа татгалзан  олны өмнө эхнэрийн хамтаар   гардаг болжээ. Саяхан тэрээр  Хятадад айлчлахдаа  мөн л эхнэр Ли Соль Жугийн хамтаар ирсэн байна. Тэгэхээр БНАСАУ-ын удирдагчийн эхнэр хэн юм бол?

Түүний тухай мэдээлэл үнэхээр хомс бөгөөд тэрхүү  мэдээллийн үнэн худлыг  шалгах боломжгүй ажээ. Анх Ли Соль Жу 2011 онд өмнөх удирдагч Ким Чен Ирийн оршуулгын үеэр түүний хүү Ким Жон Уны хажууд зогсож байгаагаар телевизийн мэдээгээр ил гарчээ.  Тухайн үед Өмнөд Солонгосын ч Америкийн ч тагнуулын албад  түүнийг хэн гэдгийг мэдэхгүй байжээ.

Албан бус мэдээлээр Ким Жон Ун, Ли Соль Жу нар сонгодог хөгжмийн концертон дээр танилцжээ.

Өмнөд Солонгосын тагнуулын зарим мэдээллээр бол тэрээр “Почхонбо” хамтлагийн Хён Сон Воль гэдэг дуучин аж. Умард Солонгосын эрх баригчид айлуудаар явж дуучин бүсгүйн уран бүтээлийн дискуудыг хураасан гэдэг мэдээлэл ч байдаг аж.  Ким Жон Ун, Ли Соль Жу хоёрын хуримын талаар Умард Солонгосын хэвлэл 2012 онд мэдээлж байсан бол Өмнөд Солонгосын тагнуулын албныхан  хуримыг түүнээс гурван жилийн өмнө болсон гэж үздэг юм байна

Хэдий өнөөдөр Ли Соль Жуг тахин шүтэх хандлага ажиглагдаж байгаа ч  түүний тухай мэдээлэл тун бага байгаа нь хачирхалтай. 2018  оноос эхлэн БНАСАУ-ын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг нөхөр Ли гэхээ болж “Хүндэт тэргүүн хатагтай” гэж бичих болжээ. Умард Солонгост нэрээ сольдог заншилтай тул “Хүндэт тэргүүн хатагтай”-н жинхэнэ нэр Ли Соль Жу мөн гэдэг нь бас л батлагдаагүй мэдээлэл аж. Жишээ нь одоогийн удирдагчийн өвөө Ким Ир Сен эцэг эхээс төрөхдөө Ким Сон Жу гэдэг нэртэй байж. Хожим нэрээ Ким Ир Сен (Мандаж буй нар)  хэмээн сольжээ. Түүний хүү Ким Чен Ир Оросын Сибирийн нутагт төрсөн бөгөөд Юрий Ирсенович Ким гэдэг нэртэй байсныг Оросын архивын материал нотолдог.

Умард Солонгосын одоогийн удирдагчийн эхнэр хэдэн настай нь мөн л тодорхойгүй гэнэ. Мэдээллүүдээс үзвэл тэрээр 1985-1989 онуудын хооронд төржээ. Тэгэхээр “Хүндэт тэргүүн хатагтай” одоо 30-34 настай аж. “North Korea Leadership Watch” сэтгүүлийн редактор Майкл Мэдденын ярьснаар Ли Соль Жу Умард Солонгосын зүүн эргийн Чхонжин хотод төржээ. Бас Пхеньян хотод Ким Ир Сены Их сургуульд сурч байсан байх магадлалтай аж.  Эцэг эх нь ямар хүмүүс байдгийг ч мэдэх хүн бараг үгүй бөгөөд олдож буй мэдээллээр бол эцэг нь эмч, эсвэл цэргийн хүн ажээ. Өмнөд Солонгосын зарим эх сурвалж түүнийг Хятадад дуучны мэргэжил эзэмшсэн ч гэх мэдээлэл байдаг аж.

Ким Жон Ун, Ли Соль Жу хоёр хэзээ хаана яаж танилцсан нь мөн л нууцлаг зүйлийн нэг. Хосууд гурван хүүхэдтэй гэсэн мэдээлэл байдаг ч 100% үүнд итгэх хүн ховор гэнэ. Удирдагчийн гэр бүлд бүл нэмсэн ямар ч албан ёсны мэдээлэл гараагүй гэнэ. Гурван хүүхэдтэй байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэх ганцхан шалтгаан нь Их удирдагчийн эхнэр олны нүднээс гэнэт алга болсон шигээ гэнэт гарч ирдэг явдал аж.  Зарим мэдээллийн эх сурвалжаар бол  Ли Соль Жу 2010 онд хүү төрүүлж, 2012 онд  дахиад жирэмсэн болсон гэх яриа явагдсан байна.  2013 онд Америкийн сагсан бөмбөгийн од Деннис Родман Умард Солонгосын удирдагчийн гэрт айлчлахдаа тэдний охиныг өвөр дээрээ тэвэрч суусан төдийгүй охиныг Жу Э гэдэг хэмээн ярьсан байдаг. Өмнөд Солонгосын тагнуулын алба Ли Соль Жуг гурав дахь хүүхдээ 2017 оны хоёрдугаар сард төрүүлсэн гэж мэдээлжээ.

Ким Жон Ун болон Ли Соль нар Пхеньянд айлчилсан Кубын удирдагчийг гаргаж өгч байгаа нь

Өнөөдрийг хүртэл Умард Солонгосын  өмнөх удирдагчдийн эхнэрүүд сүүдэрт байдаг байсан бол Ли Соль Жу үргэлж нөхрийгөө дагалдан олны нүдэнд ил явах болжээ. Түүний фото зургуудаас харахад “Хүндэт тэргүүн хатагтай” барууны үнэтэй брэндээр гоёх дуртай бололтой. Хэдэн жил Ким Жон Унд өөрийн гарын сушийг хийж өгдөг байсан  Кэндзи Фудзимото гэгч япон тогооч удирдагчийн эхнэрийг анх 2012 онд харсан гэж ярьжээ. Ли Соль Жу түүнд “Christian Dior”-ыг цүнх бэлэглэсэн гэнэ. Тогочийн ярьснаар бол Солонгосын удирдагчийн эхнэр их ялдам намуун дуутай бүсгүй гэнэ. Мөн тэрээр  БНАСАУ-ын бусад иргэдээс ялгаатай нь олны өмнө Ким Ир Сен болон Ким Чен Ирийн дүрстэй тэмдэгийг зүүл зургуудаас харж болно.  Түүнийхээ оронд “Хүндэт тэргүүн хатагтай” үнэтэй энгэрийн зүүлт зүүдэг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)