Ким Жон Уны бие муудсан байж магадгүй


Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун зүрхний мэс засалд орсны дараа  биеийн байдал хүндэрсэн байж болзошгүй гэх  тагнуулын мэдээллийг АНУ-ын удирдлага анхааралтай ажиж байгааг   СNN суваг эх сурвалжийг дурдан мэдээлжээ. Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт  болсон өөрийн өвөг эцэг буюу БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сенийн төрсөн өдрийн ёслолын арга хэмжээнд оролцоогүй улмаас дээрх мэдээлэл  гарчээ. Хамгийн сүүлд удирдагч 4-р сарын 11-нд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны хурлын үеэр л олны өмнө ил гарсан байна. АНУ-ын өөр нэг албан тушаалтан Даваа гарагт CNN-д хэлэхдээ “Кимийн эрүүл мэндийн байдал найдвар төрүүлж байгаа боловч тодорхой дүгнэлт өгөхөд хэцүү байгаа” гэжээ. Өмнөд  Солонгосын “Daily NK” цахим сонинд мэдээлснээр бол Ким Жон Ун зүрхний мэс засал хийлгэсний дараа Пхеньян хотоос 100 км зайтай оршдог Хянсан амралтын газар курс эмчилгээ хийлгэж байгаа аж.  Энэ сарын 12-нд Пхеньяны шилдэг мэс заслын эмч нарыг тус амралтын газрын ойролцоо байдаг БНАСАУ-ын дээд удирдлагуудад зориулсан тусгай эмнэлэгт цуглуулсан байна. Кимийн биеийн байдал сайжирсан гэж үнэлсний дараа тэдгээр эмч нарын ихэнх нь   4-р сарын 19-нд буцсан бөгөөд цөөн тооны эмч нар  түүний нөхөн сэргээх байдлыг хянахаар үлджээ. “Кимийн бие 2019 оны 8-р сараас эхэлж суудсан бөгөөд  "хэт их тамхи татаж, жингийн хэт илүүдэл, мөн  хэт их ачаалалттай  ажлласны" улмаас зүрх судасны мэс засалд орсон гэж тус сонин эх сурвалжийг иш татсан байна. Тэгвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Цэнхэр ордон сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ Кимийн эрүүл мэндийн талаар мэдээллийг баталгаажуулах зүйл байхгүй бөгөөд Умард Солонгосын дотор "ер бусын шинж тэмдэг" илрээгүй гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)