Кентуккигийн хатуу самар

Келли Крафт

Дипломатч, бизнес эрхлэгч хатагтай бөгөөд нүүрсний магнат Жо Крафтын гэргий Келли Крафт 2017 оны аравдугаар сард Канад дахь АНУ-ын Элчин сайдаар томилогдон ажилласан. Канадад томилогдсон анхны эмэгтэй Элчин сайд тэрбээр Америкийн Ерөнхийлөгч бага Жорж Бушийг төр барьж байхад НҮБ-д ажиллаж байсан туршлагатай. Харин одоо Келли Америкийн гадаад харилцааны гол албан тушаал буюу байнгын төлөөлөгчийн хувиар олон улсын байгууллагад дахин ажиллах боллоо.

БҮГД НАЙРАМДАХ НАМЫГ ИВЭЭН ТЭТГЭГЧИЙН ГЭРГИЙ

Келли Найт Крафт нь АНУ-ын Кентукки муж улсын Лексингтон хотод малын эмч Бобби Гилфойл, Шерри Дейл Гилфойл нарын гэр бүлд 1962 оны хоёрдугаар сарын 24-нд мэндэлжээ. 1980 онд тэрбээр Шотландын Глазго дунд сургууль төгсөж, 1984 онд Кентуккигийн их сургуулийг бакалаврын зэрэгтэй дүүргэсэн байна. Эцэг нь Ардчилсан намын идэвхтэн байсан бол Келли Крафтын хувь заяа Бүгд найрамдах намтай холбогдсон аж. 

Төрөлх Лексингтон хотдоо Келли бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг “Kelly G.Knight LLC” компаниа хэсэг хугацаанд удирдаж байгаад, 2004-2005 онд Кентукки муж улс дахь Бүгд найрамдах намын салбарын санхүүг хариуцаж, муж улсынхаа захирагч Эрни Флетчер, сенатч Митч Макконнелл, Конгрессын гишүүн Хэл Рожерс нарын сонгуулийн кампанит ажилд хөрөнгө мөнгө цуглуулахад тусалжээ. 2004 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэрбээр бага Жорж Бушийг дэмжин ажиллав. Түүнийг Төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд буюу 2007 онд НҮБ дахь байнгын төлөөлөгчийн газарт Африкийн талаарх АНУ-ын бодлогыг хариуцан ажилласан байна. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Келли Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Марко Рубиог эхлээд, дараа нь Дональд Трампыг дэмжжээ. 

Америкийн хэвлэлд бичсэнээр тэрбээр одоогийн нөхөр Жо Крафтын хамт Д.Трампын сонгуулийн өмнөх кампанит ажилд хоёр сая орчим доллар хандивласан. Жо Крафт нь АНУ-ын зүүн нутагт нүүрс олборлолтын хэмжээгээр гуравдугаарт ордог “Alliance resource partners, L.P” компанийн тэргүүн, тэрбумтан. Келли Крафт гурван удаа гэрлэж, хоёр удаа гэрлэлтээ цуцлуулжээ. Жо болон Келли Крафт 2016 оны дөрөвдүгээр сард гэр бүл болсон. Тэд зургаан хүүхэд, 11 ач, зээтэй гэнэ.

ДАХИАД Л НҮБ

НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалыг 2017 оны нэгдүгээр сараас хашсан Никки Хейли өнгөрсөн оны аравдугаар сард огцрох болсноо зарласан. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 оны арванхоёрдугаар сарын 7-нд мэдэгдэл хийхдээ эл албан тушаалд тухайн үед Төрийн департаментын хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан Хезер Науэртийг томилох бодолтой байгаагаа тодруулсан юм. Гэвч Хезер өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур гэр бүлийн шалтгаанаар нэрээ татсаны дараа Цагаан ордны тэргүүн Келлигийн нэрийг дэвшүүлсэн билээ.

“Келли улс орноо төлөөлөн гайхалтай сайн ажилласан. Түүнийг улсаа дээд хэмжээнд төлөөлнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Келли, түүний гэр бүлд баяр хүргэе” гэж Д.Трамп твиттер хуудсандаа бичжээ. Келли байнгын төлөөлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн дөрвөн хүний нэг юм. Түүнээс гадна Д.Трамп зөвлөх асан Дина Дауэлл, Германд суугаа Элчин сайд Ричард Гренелл, сенат асан Жон Жеймсийг санал болгож байснаас гадна Ерөнхийлөгчийн охин Иванка Трампын нэрийг дэвшүүлэхээр хэлэлцэж байв.

“Wall street journal” сонинд бичсэнээр Келлийг АНУ-ын Засаг захиргаанд өндрөөр үнэлдэг. Тухайлбал, тэрбээр Цагаан ордны Тамгын газрын дарга асан Жоэ Келлигийн бүрэлдэхүүнд сайн ажиллажээ. Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн оронд АНУ, Канад, Мексикийн хооронд шинэ гэрээ байгуулсны дараа Келлигийн нэр хүнд үлэмж өссөн гэнэ. Түүгээр зогсохгүй түүний нөхөр эрх баригч Бүгд найрамдах намын томоохон доноруудын нэг.

Келли Крафт гэртээ харих гэж ажлаасаа байнга хөндийрсөн нь олны анхаарлыг татжээ. “Politico” сонины тооцсоноор 15 сарын хугацаанд тэрбээр Оттавагаас АНУ руу 128 удаа ниссэнээс 70-ыг нь Лексингтон руу зорчжээ. Түүнийг Оттавад байгаагүй хоногийн талаар Д.Трампын засаг захиргаа ямар ч тооцоо гаргаагүй аж. Төрийн департаментын дотоод журамд зааснаар Элчин сайд ажлын 26 өдөр л чөлөөтэй байх боломжтой гэнэ.

НҮБ-д суух байнгын төлөөлөгчид нэр дэвшсэн хүнийг Сенатын гишүүдийн ердийн олонхын саналаар баталдаг. Одоо тус танхим бүгд найрамдахчуудын хяналтад байгаа тул Келлийг томилоход ямар ч асуудал үүсээгүй байна. Тиймээс өнгөрсөн долдугаар сарын 31-нд түүнийг 56 сенатч дэмжиж, 34 нь эсэргүүцжээ. Тэрбээр удахгүй НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгчийн хувиар тангараг өргөнө.

“ОРОСТОЙ НӨХӨРЛӨХ БОДОЛГҮЙ БАЙНА”

Сенатын Гадаад хэргийн хороонд болсон санал асуулгын үеэр Келли Крафт ОХУ-д дээд зэргийн дарамт шахалт үзүүлэхээ амласан байна. Ерөнхийлөгч Дональд Трамп Оростой харилцаагаа хэвийн болгох хандлагатай байгааг харгалзан үзээд түүнээс НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгчөөр батлагдвал Москвагийн талаар ямар байр суурь баримтлахыг лавлажээ.

“Бидний анд биш, боломж гарах бүрт манай байр суурийг хөнддөг Оростой нөхөрлөх бодолгүй байна” гэж тэрбээр тэмдэглээд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд ОХУ-ын хийж буй алхам бүрийг анхааралтай ажиглахаа амласан байна. “Тэдний үйлдэл бүрийг анхаарч, Умард Солонгос, эсвэл бусад асуудлаар бид ямар салбарт хамтран ажиллаж болох, эсэхийг тодруулах талаар надад найдаж болно. Бид ялангуяа Украиныг хамгаалж, тэдэнд бидний хамгаалалт хэрэгтэй байгааг ойлгох ёстой” гэж Келли хэлжээ.

“Манай засаг захиргаа өмнөхийн нэг ч удаа аваагүй тийм олон хориг арга хэмжээг Орост авсан. Тэдэнд би цаашид ч хариуцлага тооцсоор байх болно” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Энэ үг гайхлыг нь төрүүлэхгүй байгаа бөгөөд анхаарах нь ч утгагүй гэж ОХУ-ын ГХЯ-наас үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)