К.БАХАДБЕК: 14 метр өндөр, гурван замтай мөсөн хана босгоно

МҮИС-ийн Аялал жуулчлал газрын харилцааны сургууль, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 12 метр мөсөн хана босгожээ.

Авиралтын спортыг хөгжүүлэх зорилгоор шавь нартайгаа хамт үүнийг санаачлан, ажил хэрэг болгосон МҮИС-ийн багш К.Бахадбекээс энэ талаар тодрууллаа.

-Яагаад мөсөн хана босгохоор шийдсэн бэ?

-Манай аяллын компаниуд зуны гурван сар жуулчин идэвхтэй хүлээн аваад өвөл ажилладаггүй. Цөөн хэд нь ан хийх зорилготой жуулчдад өвөл үйлчилдэг. Өвлийн аялал жуулчлал хөгжихгүй байгаа шалтгааныг цаг агаар руу чихдэг. Харин ч энэ байдлаа давуу тал болгох боломжтой.

Монголтой адил эрс тэс уур амьсгалтай олон оронд өвлийн аялал жуулчлал цогц хөгжсөн. 2018 онд болох өвлийн олимпийн төрөлд мөсөнд авиралтын спорт багтлаа. Эрс тэс уур амьсгалд дасан зохицсон бид энэ төрөлд амжилт гаргах боломжтой.

Манайд Мөсөнд авиралтын холбоо, Мэргэжлийн спорт авиралтын үндэсний холбоо бий. Тэд жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээнээ Улаанцутгалан хүрхрээнд зохион байгуулдаг ч хиймэл хана нэг ч бариагүй.

-Танай босгосон хана олон улсын стандартад нийцсэн үү?

-Бид өнгөрсөн жил Тэрэлжид есөн метр өндөр мөсөн хана босгож байсан. Энэ онд нийслэлчүүддээ илүү ойртуулахаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 12 метр өндөр, зургаан метр өргөн, хурдны төрлийн хана босголоо. 50 гаруй улс энэ спортыг хөгжүүлж, 40 орчим нь олон улсын уралдаан зохион байгуулдаг.

Мөсөнд авиралтын спортынхон хурдны, техникийн, богино зайны хүндрүүлсэн гэсэн гурван төрөлд хүчээ сорьдог юм. Мөсөнд авиралтын хурдны төрөлд уралдахад зориулсан хананы олон улсын стандарт нь 12, 14 метр өндөр юм билээ.

Бид дэлхийн стандартад нийцүыүлж, хямд, бас хүний аминд аюулгүйгээр хэрхэн хийж болохыг жил гаруй судалж, барилгын угсардаг буюу заслын шат ашиглаж ханаа хийсэн. Америкчууд ийм шат ашиглан, өөрсдийн технологиор өнгөрсөн өвөл хана барьсан.

Түүнээс нь үлгэрлэж, усыг цастай холин монголчилж ханаа босголоо. Мөс 20-45 см зузаан тогтсон. Цэцэрлэгт хүрээлэн жавартай, бас ханаа салхины өөдөөс, нарны эсрэг зүгт харуулж босгосон болохоор ирэх сарын 15 хүртэл мөс нь хайлахгүй байх.

-Тэрэлжид өнгөрсөн жил босгосон хананд хэд орчим хүн авирсан бол?

-Нэг сар, дөрвөн хоногийн хугацаанд 576 хүн авирсны 80 гаруй хувь нь анх удаа оролдсон. Сэтгэл ханамж нь өндөр байсан. Монголчууд энэ спортыг ойлгож эхэлж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явахдаа манай хананд авирч үзсэн хүмүүс их сонирхож, хичээллүүлдэг газар байдаг, эсэхийг асууж байна.

-Мөсөнд авиралтын спорт хүний биед ямар ач тустай вэ?

-Сэлэхэд хүний бие жигд хөгждөгтэй ижил. Дөрвөн мөч, хараа, хурд, хүч, мэдрэмж, оюун зэрэг олон төрлийн ур чадвар, техник шаарддаг.

-Энэ ханандаа түшиглэн, тэмцээн зохион байгуулах уу?

-Монголын үндэсний спорт авиралтын холбоотой хамтарч энэ сарын 25-нд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна. 70 гаруй хүн оролцох төлөвтэй байна. Анх удаа мөсөн хиймэл хана ашиглан Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаараа онцлог.

-Энэ спортын зэрэг, цолтой тамирчин Монголд хэр олон байдаг вэ?

-Мөсөнд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн удаа түрүүлсэн хүн байдаг ч энэ чиглэлээр спортын мастер ч юм уу, зэрэгтэй тамирчин одоогоор байхгүй. Сочигийн олимпийн үеэр мөсөнд авиралтын спортыг сурталчлах үзүүлэх тоглолт, арга хэмжээ болоход монголчууд оролцсон.

-Цаашдаа энэ спортыг хөгжүүлэх зорилгоор юу хийх вэ?

-Манай уулчдын олонх Зайсан дахь “Богд хаан” баазаар дамжиж, Богд ууланд авирдаг. Тиймээс тэнд хурдны, техникийн төрлийн олон улсын стандартад нийцсэн 14 метр өндөр, гурван замаар зэрэг уралддаг мөсөн хана босгохоор зураг төслөө гаргасан.

Ирэх арванхоёрдугаар сард барьж дуусгаад, цаашдаа тэнд улс, хотын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байхаар төлөвлөсөн.

Б.ДӨЛГӨӨН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)