К.Бакиев: Би аллагад буруугүй

    Эрх мэдлээ алдсан Курманбек Бакиев өөрийгөө Кыргызийн хууль ёсны Ерөнхийлөгч гэдгээ дахин мэдэгдээд, НҮБ-д хандан энхийг сахиулагчдыг илгээн байдлыг тогтворжуулахад туслахыг уриалав. Тэрбээр төрөлх тосгондоо байгаа бөгөөд АР агентлагт ярилцлага өгсөн байна.

К.Бакиев “Би Кыргызийн төрийн тэргүүн хэвээрээ байгаа. Өнөөдөр ард түмэн айдастай байна. Эмх замбараагүй байдлыг Кыргызийн цэрэг, цагдаагийн хүчин дангаар зогсоож дийлэхгүй учраас НҮБ нэн даруй энхийг сахиулагчдаа илгээх хэрэгтэй. Дөрөвдүгээр сарын 7-нд болсон үйл явдлыг мөрдөн шалгах олон улсын бие даасан комисс л асуудлыг үнэн зөвөөр шийдэж чадна. Бүх зүйлд намайг буруутгаж байгаа, өөрсдийгөө “Түр Засгийн газар” гэж нэрлэсэн хүмүүст би итгэхгүй. Хэрэв олон улсын бие даасан комисс намайг буруутай гэж үзэх юм бол бүх хариуцлагыг хүлээхэд бэлэн байна” гэжээ.

Түүний хэлж байгаагаар анхны буун дуу эсэргүүцлийн жагсаалд оролцогчдийн зүгээс гарсан агаад түүний толгойг онилсон мэргэн буучийн сум байгаа оноогүй гэнэ. Шинжээчдийн үзэж байгаагаар К.Бакиев өөрийн төрсөн нутаг болох өмнөд Кыргызстанд олигтой дэмжлэг авч чадахгүй байгаа нь түүний удирддаг авлига, хээл хахуулийн систем ард түмний дургүйцлийг ихээхэн хүргэсэнтэй холбоотой хэмээн тайлбарлажээ. Кыргызийн нийгэм аль ч засгийн үед овгийн байгуулал дээр суурилсаар ирсэн агаад энэ удаа өмнөдийн голлох овгийнхон түүнийг төдийлөн дэмжихгүй бололтой.

Бишкек дэх бие даасан шинжээч Токтогул Какчекеевийн таамаглаж байгаагаар К.Бакиев өөрийн болон  хамаатан садныхаа аюулгүй байдлын баталгааг Түр Засгийн газраар гаргуулах гэж албан тушаалаараа барьцаа хийж байгаа аж.  

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дөрөвдүгээр сарын 10-нд Түр Засгийн газрын тэргүүн Р.Отунбаеватай утсаар ярьж, хүмүүнлэгийн тусламж санал болгохын хамт тус улс дахь агаарын цэргийн баазынхаа тухай санал солилцсон байна. АР агентлагын мэдээлснээр Р.Отунбаева цэргийн баазтай холбоотой өмнөх гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөнө хэмээн мэдэгджээ.

Кыргызээс АНУ-ын цэргийн баазыг хөөн гаргах хэрэгтэй гэж Москва К.Бакиевийн Засгийн газрыг түлхэж байсан ч бүтээгүй. Цагаан ордон цэргийн баазын түрээсэнд өгдөг мөнгөө олон дахин нэмэгдүүлж, 63 сая болгосны дараа К.Бакиев баазыг Кыргызэд үлдээх өгөөмөр шийдвэр гаргасан юм. Хэл ам гарахаас өмнө цэргийн баазын түрээсийн мөнгө 17 сая доллар байсан аж.
 

О.ТОГОО "ӨНӨӨДӨР" СОНИН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)