КАТАРТ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХИЙГ ЗАВДАВ

Катарт мягмар гаригт шилжих шөнө цэргийнхэн төрийн эргэлт хийхийг оролдоод бүтэлгүйтсэн тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Арабын болон Ираны хэвлэл, мэдээллийн хэд хэдэн хэрэгсэл дамжуулсныг үзвэл, Эмирийн гварди шейх Хамад бен Халифа-ат Танийн ордныг эзлэхийг оролдсон агаад Катарын төрийн тэргүүнийг хамгаалж байсан Америкийн тусгай хүчнийхэнтэй ширүүн тулалдаан өрнүүлсэн байна. Энэ үеэр шейхийн өргөөний ойролцоо нижигнэсэн буудал цаан, дэлбэрэлтийн чимээ сонсогдож байжээ.

Үймээн дэгдээгчдийн талд Катарын зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, хошууч генерал Хамад бен Али аль-Атыйя орж, армийн бие бүрэлдэхүүнд бужигнаан үүссэн гэнэ. Шейх болон түүний гэргий Моза бинт Насер аль-Миссед дээрх үйл явдлын дараа цэргийнхний хамгаалалт дор өргөөгөө орхиж, Аме - рикийн нисдэг тэргээр үл мэдэгдэх тийшээ явжээ. Зарим мэдээгээр бол, тэд Италид хэдийнэ очсон бололтой. Арабын ертөнцийн хамгийн баян энэ улсад болсон төрийн эргэлтийн талаар Доха албан ёсоор ямар ч мэдэгдэл хийгээгүй нь анхаарал татаж байна. Түүнчлэн Арабын орнууд дахь үйл явдлын мэдээллээрээ толгой цохидог Катарын “Аль-Жазира” теле суваг таг чиг суугаа нь хачирхалтай.

Армийн дээд тушаалын офицеруудын үйлдсэн гэх эл оролдлогыг таслан зог соосны дараа тэдний заримыг баривчилсан тухай мэдээлэл Саудын “Аль-Араб” телестанцын сайтад гарчээ. Гэвч мэ дээлэл тавигдсанаас хойш дөрвөн минутын дараа алга болж, тус вэб “Сирийн цахим арми” гэгчийн халдлагад өртөж, хакерууд зохиомол мэдээлэл тавьсан тухай бичсэн байна. Катарын Эмирийн аминд халдах оролдлогын тухай мэдээлэл үүний өмнө хэвлэлд нэг бус удаа гарсан юм. 2011 оны гуравдугаар сард гарсан мэдээллээр, Эмирийн хувийн гварди болон арми дахь Эмирийн талынхнаас хэд хэдэн офицер үймээн гаргах гэж үзээд бараагүй агаад 30 хүнийг баривчлан саатуулсан аж. Тухайн үед эл мэдээг Саудын “Аль-Араб” теле суваг цацсан гэж зарим эх сурвалж нотолсон юм.

 

Эмирийн гварди шейх Хамад бен Халифа-ат Танийн

ордныг эзлэхийг оролджээ

Х.ЭНХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)