Картаа цэнэглэх гэсэн иргэдээр автобусны буудлууд дүүрчээ

Нийтийн тээврийн үйлчилгээний чанар цахим хэлбэрт шилжсэнээр арай л дээрдсэн. Гэхдээ л аливаа зүйл сайнтай, муутай байдаг хойно цахим төлбөрийн систем иргэдийг бухимдуулсаар байгаа юм.

2015 оны долдугаар сард нийтийн тээвэрт цахим үйлчилгээ анх нэвтрүүлсэн билээ. Тухайн үед карт уншигчийн зэрэгцээ бэлэн мөнгөний хайрцаг байрлуулж байв. Харин 2017 оны дөрөвдүгээр сараас бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, зөвхөн картаар үйлчилдэг болсон. 

Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээг 100 хувь цахим системд шилжүүлсэн гэсэн үг. Мөнгөний хайрцагтай байх үед зорчигчид дутуу, урагдсан мөнгө хийх зөрчил их гарсан тул ийнхүү 100 хувь цахим системд шилжүүлэх шийдвэр гаргасан юм даг. Гэсэн ч одоо хүртэл жолоочид бэлэн мөнгө өгч зорчих асуудал байсаар. Энэ нь нэг талаас иргэд хариуцлагагүй байгаатай холбоотой мэт харагдавч нөгөө талаас автобусны карт цэнэглэх, худалдах цэг хомсоос шалтгаалж буйг дурдалгүй өнгөрч болохгүй нь.

Орон нутагт амьдардаг найз минь Улаанбаатарт нэлээд будилсан тухайгаа сонирхуулав. Учир нь нөгөө ухаалаг автобуснаас болж өдөржин алхах, эсвэл таксигаар үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрчээ. Улаанбаатарт байнга оршин суудаггүй түүнд карт тэр бүр хэрэг болохгүй нь лавтай. Өмнө нь нийслэлд ирэхдээ карт худалдах цэг олоогүй аж. Энэ удаад “жолоочид нь мөнгө өгөөд суучихдаг” гэх “арга”-ыг бусдаас сонсож, хэрэгжүүлэхээр автобусанд ортол нийслэлийн Тээврийн газрын хянагчтай тааран, үгийн сөхөөгүй хөөгдөөд бууж. 

Энэ нь ч зохих ёсны шаардлага. Ингээд ойр хавийнхаа ТҮЦ-үүдээс автобусны карт сураглахад “Цагаан сарын өмнөөс карт хэвлэхээ больчихсон. Миний картыг 5000 төгрөгөөр худалдаж авбал ав” гэж. Түүний буусан автобусны зогсоолд уг нь карт цэнэглэх хоёр ч цэг байжээ. Гэтэл нэг нь хаалттай байв. Арга ядахдаа худалдагчийн санал болгосон картыг аваад, дахиад л цэнэглүүлэх цэг хайгаад олоогүй гэнэ. Ингээд эцэст нь таксигаар үйлчлүүлэхээс өөр сонголт түүнд үлдсэнгүй.

Хөдөөнөөс ирсэн хүмүүс гэлтгүй улаанбаатарчуудад ч энэ зовлон өдөр бүр тулгарсаар байна. Нийслэлийн хэмжээнд одоогоор автобусны 970 орчим буудал байдгаас 547 нь карт цэнэглэх, борлуулах цэгтэй аж. 50 гаруйхан хувьд нь л цэг бий гэсэн үг. Гэтэл тэдгээрийн олонх нь ажиллахгүй байна. Тиймээс иргэд хэдэн буудал алхаж, картаа цэнэглүүлэх цэг хайснаас жолоочдоо учраа хэлээд, бэлэн мөнгөө өгөөд явахыг илүүд үзэх нь аргагүй.

Уг төслийг хэрэгжүүлж эхлэхдээ 500 цэг байгуулахад хангалттай гэж үзсэн ч хэрэгжүүлэх явцад энэ нь хангалтгүй байсан тул “Улаанбаатар смарт карт” компанийнхан 47 цэг нэмж байгуулсан гэлээ. Цаашид 650-д хүргэхээр ажиллаж буйг тус компанийн менежер Ц.Түвшинжаргал хэлсэн. Түүнчлэн ХААН банкны “Сити пасс” картаар ч зорчиж болох бөгөөд цэнэглүүлэх цэг хайж цаг алдах шаардлагагүй болсныг дуулгав. Цаашид Худалдаа хөгжлийн болон “Голомт” банктай хамтран ажиллаж, ийм төрлийн карт гаргахаар ажиллаж буй аж. Ингэснээр иргэдэд учраад буй хүндрэлүүдийг шийдэж болох гэнэ.

Автобусны карт цэнэглэх цэгүүд ажиллаж буй, эсэхийг сурвалжлахаар хэд хэдэн газарт очлоо. Сонгинохайрхан дүүрэг, Таваншарын автобусны буудал дээр “U-money” гэсэн том бичигтэй, карт цэнэглэх, борлуулах зориулалтын цэг байрлуулжээ. Түүний хажуугийн ТҮЦ ч тус үйлчилгээг үзүүлдэг аж. Гэтэл аль аль нь цоожтой байлаа. Автобусны буудал орчимд зогсож байсан 30 орчим насны эмэгтэй “Энд зориулалтын цэг байрлуулаад хагас жил болж байна. Нэг ч удаа үйлчлүүлж үзээгүй. Ажилладаггүй юм билээ. 

Харин ТҮЦ-т байдаг төхөөрөмж нь ажилладаг ч үе үе эвдэрсэн гээд цэнэглэхээ больчихдог юм. Одоо бас л эвдэрчихлээ гээд миний мэдэхийн 10 хонож байна” гэсэн юм. Түүнийг хаана картаа цэнэглүүлдгийг лавлахад “Ихэнхдээ жолоочид нь 500 төгрөг өгчихдөг. Цэгүүд нь ажиллахгүй байгаа юм чинь бидний буруу биш шүү дээ. Ажлынхаа ойролцоох цэгт цэнэглүүлэх гэхээр эрт хаачихсан байдаг” гэсэн юм. Харин X хорооллоос Зүүн дөрвөн зам хүртэлх автобусны буудал дээрх цэгүүд хэвийн ажиллаж байсан бол Баянзүрх дүүрэг, Чулуун овооны автобусны буудал дээрх цэгүүд мөн л ажиллахгүй нь их байсан юм. 

Тус автобусны буудал дээр зогсож байсан хүнээс карт цэнэглэх цэгийн үйл ажиллагааны талаар лавлахад “Машин эвдэрчихлээ гээд ажиллахгүй байх тохиолдол гардаг. Тийм үед яах аргагүй жолоочид нь мөнгөө өгнө. “Цэнэглэх, борлуулах цэг ажиллахгүй байна” гээд учраа хэлэхээр жолооч нар эсэргүүцээд байдаггүй” гэсэн юм. Харин III, IV хороололд байрлах “Өргөө” кино театрын урд талын цэгээс карт худалдаж байгаа, эсэхийг лавлахад “Одоохондоо байхгүй байна. Голохгүй бол үүнийг ав” гээд хуучин карт үзүүллээ. Яагаад хуучин карт худалдаж буйг асуухад “Хүнийх байгаа юм. Картгүй хэцүү байх гэж бодоод туслах гэсэн юм. Өөр асуудал байхгүй” хэмээн ундууцсанаа далд хийчихэв. 

Араас орж ирсэн бүсгүй түүнийг нь худалдаж авахыг хараад, яагаад хуучин карт худалдаж авч байгааг асуувал “Би автобусныхаа картыг олон удаа хаясан. Энэ жил л гэхэд 3-4 ч удаа гээлээ. Одоо ч хаяад байна уу, алдаад байна уу гэж хардах болсон. Учир нь карт цэнэглэх, борлуулах цэгээс дандаа л хуучин карт худалдаж авч байна” гэсэн юм. “Улаанбаатар смарт карт” компанид иргэдээс ийм төрлийн гомдол ирдэг аж.

Тиймээс иргэдэд хуучин карт худалдаж авахгүй байхыг анхааруулж байлаа. Уг нь нийтийн тээвэр цахим системд шилжсэнээс хойш тус компани нэг сая 410 мянга, өнгөрсөн жил 300 мянга гаруй, энэ сарын 13-нд 568 ширхэг карт худалдсан гэсэн тооцоо бий аж. Гэтэл энэ бүхний цаана иргэдийн хаясан, алдсан хэчнээн карт дахин эргэлтэд орж буйг хэлж мэдэхгүй.

Үүнээс гадна карт цэнэглэх, борлуулах цэгүүд эрт хаадгаас иргэд ажлаа тараад цэнэглүүлэх боломжгүй байгаа юм. Энэ мэт шалтгаанаас үүдэж иргэд жолоочид бэлэн мөнгө өгөх нь багасахгүй байна.

Энэ талаар “Улаанбаатар смарт карт” компанийн менежер Ц.Түвшинжаргал “Уг төслийг мэдээллийн технологи ашиглан хэрэгжүүлж буй учир бүх үйлчилгээгээ цахимаар хянах боломжтой. Өөрөөр хэлбэл, гэрээт цэгүүдээ ажиллаж байгаа, эсэхийг хянах боломжтой гэсэн үг. Жишээлбэл, энэ сарын 13-нд гэхэд 547 цэг ажилласан байна. Ажиллагсадтай 07.00-22.00 цагт ажиллах гэрээ хийсэн. 

Гэтэл гэрээт цэгт ажиллаж буй иргэд цагийн хуваариа зөрчөөд байна. Тиймээс манай компанийн зүгээс 09.00 цагаас өмнө, 21.00 цагаас хойш ажиллаж буй цэгүүдэд нэмэлт урамшуулал буюу цэнэглэлтээс олгодог шимтгэлээ хоёр дахин нэмж өгч буй. Харин ажиллахгүй, эрт хааж буй цэгийнхэнтэй хийсэн гэрээгээ цуцалж, ойролцоох ТҮЦ-ээр сольж байна” гэсэн юм. Гэтэл бодит байдалд 22.00 цаг хүртэл ажилладаг цэг ховор байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)