“Капитал” банкны өрийг барагдуулах явц удаашралтай байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт нар “Капитал” банканд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн мөнгийг төрд эргүүлэн авахаар хийж буй ажлынхаа талаар мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд С.Чинзориг “2017 оны аравдугаар сарын эхээр сайдаар томилогдсон. Ажил хүлээж авсан тухайн үед “Капитал” банканд Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг байсан. Үүнээс 20 тэрбум нь хадгаламж хэлбэрээр байршиж байсан. Би сайдын ажлыг хүлээж авахдаа нэг ч төгрөг нэмж тус банканд байршуулаагүй, гэрээ байгуулаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” гэв. 2017 оны арванхоёрдугаар сарын 26-нд дээрх хадгаламжийн гэрээ дуусаж, 79 тэрбум төгрөгөө авах хүсэлт тавихад “Банкны санхүүгийн байдал тааруу байна” хэмээжээ. Өөрөөр хэлбэл, тус банканд эрсдэл үүссэнийг мэдсэн ч байршуулсан мөнгөө эргүүлэн татаж чадаагүй байна. Гэвч УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу гэрээг есөн сараар сунгасан гэнэ. Улмаар тус байнгын хорооноос гаргасан шийдвэрийг сэтгүүлчдэд тараасан юм.

Энэ оны тавдугаар сард Монголбанкнаас “Капитал” банкыг татан буулгасан. “Капитал” банкны өрийг барагдуулах явц удаашралтай байгаа аж. Тиймээс С.Чинзориг сайд уржигдар Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзаж, банкны үндсэн хөрөнгийг барьцаалж, нийгмийн даатгалын сангийн өрийг барагдуулах талаар ярилцжээ. Гэхдээ “Капитал” банкны удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үндсэн хөрөнгүүдийг эргэлтэд оруулахад хүндрэл учруулж буй. Мөн үндсэн хөрөнгөөс өр барагдуулахад асуудал үүсжээ. Тодруулбал, барьцаа хөрөнгийн чанартай эсэх, зах зээлийн үнэлгээ нь өрийг барагдуулахад хүрэлцээтэй зэргийг нягтлах шаардлагатай байгаа аж. “Капитал” банканд одоогоор Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг бий. Цаашид нийгмийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах байдлаар арвижуулах шийдэлд хүрчээ. Энэ тохиолдолд хүү нь тодорхой хэмжээгээр буурах аж. Гэхдээ хүүгийн орлогын хойноос хөөцөлдөх биш, сангийн мөнгө эрсдэлгүй байх ёстой гэж салбарын яамныхан үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)