"Капитал" банкны ТҮҮХ

Өчигдөр Монгол банк "Капитал” банкийг татан буулгах шийдвэр гаргаснаа зарлалаа. Тус банкинд 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор иргэн, аж ахуйн нэгжийн 256,000 хадгаламжийн данс байсан бөгөөд хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахаа мэдэгдсэн. Ийнхүү нэгэн цагт Монголын банк санхүүгийн салбарт томоохон байр суурь эзэлж байсан УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн банк бизнесийн талбараас "арчигдлаа".

“Капитал” банк нь дараах шалтгаануудаас улбаалан татан буугдлаа.

  • Чанаргүй зээл 208 тэрбум төгрөг байгаа нь нийт зээлийн 80 гаруй хувийг эзэлж байна
  • Банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөг
  • Өр төлбөр нь активаасаа 279 тэрбум төгрөгөөр хэтэрсэн зэргээс үүдэн Монгол банкны дүгнэлтээр хэвийн үйл ажиллагаа явуулах чадваргүй гэж үзжээ.

“Капитал” банк нь 1990 оны Ардчилсан хувьсгалын эд үеэр байгуулагдсан бөгөөд санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхийг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Нийтдээ 60 салбар нэгж, 360 орчим мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан тус банк урьд өмнө нь ямар асуудлуудад холбогдож байв? Энэ талаарх мэдээллийг та бүхэнд дэлгэрэнгүй хүргэж байна.

2014 онд тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөгийг “Капитал” банкинд байршуулсан талаар мэдээлэл цацагдсан. Улсын төсвийн хөрөнгөөс их хэмжээний мөнгийг арилжааны банкинд байршуулсан нь хууль зөрчиж байсан бөгөөд тухайн банк ямар нэг эрсдэлд унавал Нийгмийн даатгалын сангийн их хэмжээний мөнгө “алга” болно гэсэн дүгнэлтийг Үндэсний Аудитын газраас гаргаж байж.

Энэ талаар С.Эрдэнэ “Аудитын байгууллагын мэргэжилтнүүд дүгнэлт гаргахдаа тухайн оны активын үлдэгдлээс тооцолгүйгээр 2012 оны жилийн эцсийн дүнгээс үндэслээд одоогийн байгаа хадгаламжийн хэмжээнд харьцуулж 39 хувьтай гэсэн дүгнэлт гаргасан нь буруу дүгнэлт болсон. “Капитал” банкинд хадгалуулж байгаа мөнгө хууль зөрчөөгүй” хэмээн тайлбарласан. 

Зарим эх сурвалжууд С.Эрдэнийг өөрийн мэдлийн хөрөнгөөр “Капитал” банкийг дэмжсэн ч гэж ярьдаг. Тэгвэл “Капитал” банк татан буугдах болсон бас нэгэн шалтгаан нь саяхан түүний зохион байгуулсан “АН-ын онц их хуралдай” жагсаалтай ч холбоотой хэмээн зарим эх сурвалжууд ярьж байна. Хэдийгээр тус банк анхнаасаа дампуурах нь тодорхой байсан ч өнгөрсөн баасан гарагт болсон жагсаал нь “Капитал” банкны асуудлыг түргэсгэсэн ч байж болно.

Түүнчлэн тус банк 2015 оноос хойшхи санхүүгийн тайлангаа өөрсдийн вэб сайтаар дамжуулан нийтэд мэдээллэхгүй байсан нь “банк дампуурах шатандаа орсон” гэх сэжүүрийг олон нийтэд төрүүлжээ. Уг нь Банкны тухай хуулиар “арилжааны банк нь санхүүгийн тайлан, бусад мэдээллийг нийтэд нээлттэй мэдээллэж байх” ёстой аж.

“Капитал” банктай холбоотой асуудал үүгээр хязгаарлагдахгүй. 2018 оны сүүлээр УИХ-ын хэсэг гишүүний авсан ЖДҮХС-гийн зээл дуулиан дэгдээсэн. Тухайн үед АТГ болон Эрүүгийн цагдаагийн газраас “Капитал” банкийг шалгаж байжээ. Учир нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь ЖДҮХС-гаас зээл авч, “Капитал” банкаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байсан.

2018 оны арваннэгдүгээр сарын 1-6-ны хооронд буюу долоо хоногийн дотор “Капитал” банк нийт найман удаагийн гүйлгээгээр 872 сая төгрөгийг ЖДҮХС-д буцаан төлжээ. Учир нь үүнээс өмнө 2015 онд “Капитал” банк гурван удаагийн гүйлгээгээр нийт хоёр тэрбум 336 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан байжээ.

Түүгээр ч зогсохгүй 2015 оны 9 сард “Капитал” банк “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас 7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тодруулбал, Хөдөлмөрийн сайд болон “Капитал” банк хооронд жижиг зээл олгоход зориулж 7 тэрбум төгрөгийг тус банкинд байршуулсан гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ярьсан. Гэрээний дагуу 2018 оны гуравдугаар сарын 23-нд 7 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буцаан төвлөрүүлэх ёстой. Гэтэл “Капитал” банк одоог хүртэл зээлийн эх үүсвэрийг төвлөрүүлээгүй байсаар татан буугдлаа. Иймд “Капитал” банк улсад их хэмжээний хохирол учруулсан нь тодорхой болжээ.

“Капитал” банк 7 тэрбум төгрөгийн 3.58 тэрбум буюу 51.1 хувийг иргэдэд зээл хэлбэрээр олгон зарцуулжээ. Харин үлдэгдлийг тус банк зориулалтын бусаар ашигласан гэж Сангийн яамны шалгалтын хэсэг үзжээ. Тиймээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ажилтнууд эх үүсвэрийг буцаан татах талаар удаа дараа банкны удирдлагуудад мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн ч үл тоож, 7 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр болон алдангийг төлөхгүйгээр өнөөг хүрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)