Капитал банкнаас зээл авсан иргэд төлбөрийг нөхөн барагдуулна

Аль ч улсын санхүүгийн зах зээлийн салшгүй нэг хэсэг бол банкны салбар байдаг. Банк нь санхүүгийн зуучлал, хуримтлал, хөрөнгийн хуваарилалт зэргийг хамгийн үр ашигтай, зүй зохистой гүйцэтгэдэг учраас тэр биз. Гэхдээ мөнгийг итгэлцэл гэдэг маш чухал зүйл байнга дагаж явдаг учраас итгэлцэлгүйгээр энэ салбар нуран унах болно. Тиймээс ч кредит гэдэг үг нь зээл болон итгэл гэсэн давхар утгыг илэрхийлдэг байна.

Банкны олгосон зээл төлөгдөхөө больж, алдагдалтай ажиллахад банкны өөрийн хөрөнгө буурч, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдагддаг. Капитал банкны үйл ажиллагаа хүндэрч Монгол банкнаас арга хэмжээ авч, татан буулгасан нь их хэмжээний алдагдалтай ажиллаж, өөрийн хөрөнгийн хэмжээ үндсэндээ алдагдаж, хадгаламж эзэмшигчдийн эхний шаардлагаар мөнгийг нь олгож чадахгүйд хүрсэнд байгаа юм.

Аз болоход Монгол Улсад Хадгаламжийн даатгалын корпорац гэдэг байгууллага 2013 онд байгуулагдаж, 20 сая төгрөг хүртэл иргэдийн хадгаламжийг даатгадаг болсноор “Анодын хэрэг” давтагдахааргүй болжээ. Капитал банкны хувьд 221.000 иргэн, аж ахуй нэгжийн нийт 256.000 харилцах, хадгаламжийн данстай ба үүний 99.5 хувь нь даатгагдсан буюу Хаан банкаар дамжуулж мөнгөө буцааж авч болох нь ээ.

Тиймээс Капитал дампуурлаа гээд бусад банкны хадгаламж эзэмшигчид мөнгөө татах шаардлагагүй юм. Харин ч өмнөхөө бодвол татвар төлөгчдийн мөнгөөр биш Хадгаламжийн даатгалын корпорацийн сангаас нөхөн олговор төлөгдөхөөр болж. бидний хадгаламжийг даатгахын тулд банкууд сар бүр даатгалын хураамжийг Хадгаламжийн даатгалын корпорацид төлдөг ба энэ дүн өдгөө 421 тэрбум төгрөгт хүрчээ. Капитал банк нь активын хэмжээгээр нийт банкны салбарын 1.1 хувь эзэлдэг, доргио үүсгэхээргүй банк юм.

Тэгвэл 20 сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшигчид яах вэ. Тэдний эрхийг хамгаалах зорилгоор “Банкны эрх хүлээн авагч”-ийг томилсон бөгөөд банкны нэрийн өмнөөс зээлдэгч нарын мөнгийг авч, эргүүлээд хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгоно. Даатгагдсан хэмжээнээс дээш мөнгө эзэмшдэг хүн, нэхэмжлэлээ банкны эрх хүлээн авагчид гаргана. Гэхдээ бүх хүнд нөхөн олговор өгөхгүй. Хуулинд зааснаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаатай зөрчилдсөн буюу нэргүй, хуурамч данс эзэмшигчид мөнгөө буцааж авахгүй юм.

Эцэст нь энд онцолж хэлэхэд банк дампуурлаа гээд зээлээ төлөхгүй орхиж болохгүй шүү. Хэрэв Капитал банкнаас зээл авсан этгээд зээлээ төлөхгүй бол зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгч болон бичигдэхээс гадна, банкны эрх хүлээн авагч хуулийн дагуу арга хэмжээ авч, төлбөрийг нөхөн барагдуулах болно. Энэ үед зээлдэгч өөрөө л хохирох учир ахархан бодлоор ипотекийн зээлээ төлөхгүй байж байгаад байраа хураалгах эрсдэлд битгий ороорой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)