Канадад  "Huawei"  компанийн санхүү эрхэлсэн захирлыг баривчилжээ

Гар утасны харилцаа холбооны “Huawei”  компанийг  үүсгэн байгуулагчийн охин  Мэн Ваньжоуг энэ сарын 1-нд  Ванкувер хотод  баривчилан  АНУ руу шилжүүлэх гэж байгаа тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Мэн Ваньжоу нь тус компанийн ерөнхий захирлын орлогч  болон санхүү эрхэлсэн захирлын ажлыг хавсаран гүйцэтгэдэг аж.

Канадад суугаа Хятадын элчийн сайдын яам Мэн Ваньжоуг  үндэслэлгүйгээр баривчилсан явдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн “канадын болон америкийн ямар ч  хуулийг зөрчөөгүй” хэмээгээд хятадын дээрх иргэнийг  нэн даруй суллахыг шаарджээ. Хятадын Гадаад хэргийн яам ч  дээрх шаардлагыг  тавьсан байна.  “Huawei” корпорац санхүү эрхэлсэн захирлаа ямар хууль бус зүйл хийж,  юунд  буруутгагдсан  талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй гэдгээ мэдэгджээ.

Уг баривчилгаа  худалдааны дайнд үндсэндээ татагдан ороод байгаа  АНУ болон Хятад Улсын хоорондын харилцааны зөрчилтэй үеэр болов. Их 20-ийн уулзалтын үеэр Дональд Трамп, Си Зинь Пин нарын тохиролцсон 90 хоногийн эдийн засгийн найрамдлыг дээрх үйл явдал  бататгахгүй нь ойлгомжтой. Мөн уг баривчилга  барууны орнуудын  “Huawei” компанийн техникийн ашиглалтыг хязгаарлахад авч буй  арга хэмжээтэй давхацаж байгаа нь анхаарал татаж байна. АНУ, Австрали, Шинэ Зеланди зэрэг улс  5G гар утсаны сүлжээнд шилжихэд  шаардлагатай дэд бүтцэд  тус брэндийн техникийг ашиглахгүй байхаар тохиоролцсон юм.

АНУ-ын зарим хэвлэлд тухайлбал “New York Times” сэтгүүлд  АНУ-ын  Ираны эсрэг явуулж буй хоригийг зөрчсөн байж магадгүй гэсэн үндэслэлээр  Huawei компанийг мөрдөн шалгаж байгаа тухай бичсэн байна. Ингэхдээ Хойд Солонгосын эсрэг явуулсан хоригыг ч зөрчсөн талаар дурьдсан байна. Уг мэдээлэл цацагдсны дараа АНУ-ын хууль сахиулагчид “Huawei” компанийн технологийг Хятадын Засгийн газар  Америкийн эсрэг тагнах үйл ажиллагаандаа  ашиглан үндэсний аюулгүйн байдалд аюул учруулж болзошгүй хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.

Huawei компаний мэдэгдэлд  тус компан нь хууль дүрмийн дагуу бүх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд экспортын хяналт болон  НҮБ, Европын Холбооны гишүүн орон ба АНУ-д  үйлчилж буй хоригийн хүрэм журам багтдаг тухай  бичсэн байна.

Хятадын “Huawei”  бол гар утсаны харилцаа холбооны техник технологийн дэлхийн томоохон  үйлдвэрлэгчийн нэг бөгөөд одоогийн байдлаар “Apple”-ийг ардаа орхин “Samsung”-ийн дараа хоёрдугаарт бичигдэж байна.

Канадын Хууль зүйн яамны  ажилтнуудын хэлснээр бол АНУ Мэн Ваньжоуг шилжүүлэхийг Канадаас шаардаж байгаа бөгөөд энэ асуудал шүүхээр өнөөдөр орох ёстой гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)