Камерын синдром

УИХ-ын дарга хараахан захирамж гаргаагүй байгаа ч ээлжит бус чуулганыг өнөө, маргаашгүй зарлах нь нэгэнт тодорхой болсон. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр урьдчилан тохиролцсоны дагуу энэ оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх уг чуулганаар улстөрчдийн элдэв “синдром” хурц хэлбэрээр сэдрэх нь гарцаагүй.

Сэтгэл гэгэлзүүлж, хааш нь ч хамаагүй “хийсгэчих” гээд байдаг хаврын “синдром” хүн л болсон хойно улстөрчдөд ч тусах биз. Харин тэдний олонх нь хавар, намар, өвөл, зунаас үл хамааран, камер харахаар сэдэрдэг “синдром”-той болчихсон. Түүнийг нь “камерын синдром” гэвэл таарна.

Тэгж яривал энэ “синдром” гэдэг үгийг Төрийн тэргүүн хэлсэн юм шүү. Өнгөрөгч нэгдүгээр сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар өргөтгөсөн хуралдааныг хаалттай хийсэн. Уг хуралдааныг нээлттэй хийж болох байсан ч улстөрчид, албан тушаалтнуудын өөрийгөө харуулах гэсэн амбийцаас “айж”, илүү ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлэхийн тулд хаалттай хаалганы цаана ярилцсан хэмээн Төрийн тэргүүн учирласан. Энэ үед тэрбээр дээрх үгийг хэрэглэсэн юм.

Харамсалтай нь тэрбээр ердөө тэгж хэлчихээд 2009 онд анх Төрийн тэргүүнээр сонгогдсон даруйдаа утаатай дайн зарлаж, асуудал хэмээн олж харж, энэ чиглэлд өнөөдрийг хүртэл маш их ажил хийснээ тоочиж, түүнийгээ үнэлүүлж, шагнуулж явснаа дурсахын хажуугаар уг асуудалтай тэмцэхэд хэвлэл мэдээллийнхэн хойрго байсан хэмээн тэнд ирсэн сэтгүүлчдийг бүлтийтэл “загнасан” юм даг.

Тэгэхэд тус уулзалтыг Монголын үндэсний олон нийтийн телевизээс авахуулаад хэд хэдэн байгууллага шууд дамжуулсныг санаж байна. Гэхдээ Төрийн тэргүүн маань тэр даруй уучлал гуйгаад, “Телевизээр шууд дамжуулахаар надаас эхлээд өөрийгөө магтах синдром туссан зарим нь хамаагүй ярьчих гээд байж магадгүй” гэж билээ.

Ер нь бол манай улстөрчид ийм “синдром”-той болсноо өөрсдөө хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч сарын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний аюулгүй байдлын асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хаалттай мэдээлэл хийж, бүтэн өдөр хуралдсан. Хэдийгээр тус хуралдаанд хэн, юу гэж ярьсан нь нууц ч тэгж хаалттай хуралдаж, телевизийн камергүйгээр сайн, муугаа ярилцсан нь цагаа олсон гэдэгтэй тэд санал нийлж байсан юм. Тэгэхээр хаврын болоод камерын “синдром”-той, халуухан улс төр юу юугүй эхлэх нь ээ.

Жил жилийн улсын төсөв батлах үйл явц жинхэнэ “синдромдох” талбар болж хувирсан гэхэд болно. Төсөв гэлтгүй УИХ-д өргөн мэдүүлсэн мөнгө, төгрөгтэй холбоотой бүхий л асуудал хууль тогтоогчдын камерын “синдром”-ыг сэдрээж орхидог. УИХ-ын гишүүн нь “Тэр аймгийн тийм сум” гэж ирээд л нутаг, усаар нь зарлан, тэнд тийм ч сургууль, ийм ч эмнэлэг, цэцэрлэг, соёлын төв хэрэгтэй байна, мөнгийг нь төсөвт заавал тусгаж өг, үгүй бол... гэх маягтай, чухал царай гарган, зурагтаар гарч гэмээнэ тухайн орон нутгийнхан нь түүнийг ажилсаг, өөрсдийнх нь төлөө сэтгэл гаргаж байна гэж ойлгодог.

Гишүүд энэ тухайгаа Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны аль алинд нь тоть давтаж, жич жичдээ төлбөртэй ч хамаагүй ярьж, телевиз, хэвлэлээр цацуулна. Тэгээд эцэст нь өөрийнхөө халааснаас мөнгө гаргаад хийчихсэн аятай хүндлэл хүлээж, тууз хайчилдаг.

Ийнхүү тойрог руугаа төсөв, мөнгө татаж, сонгогчдодоо тал засах гэсэн тэдний энэ үйлдэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг задалж, бүр орвонгоор нь эргүүлэн, хэд дахин томруулсаар ирсэн нь өнөөгийн эдийн засгийн хямралын томоохон шалтгаан болж буй. Хэтэвчнийхээ хэмжээгээр тооцож, боловсруулсан төсвийн төсөлд орлогын эх үүсвэр нэмэхээс илүүтэй зарлага, хөрөнгө оруулалтын арга хэмжээг хязгаар, хориггүйгээр нэмж, баталдаг нь тухайн оны Төсвийн тухай хуулиа хэд хэдэн удаа тодотгоход хүргэдэг. Тэр болгонд улстөрчдийн олонх нь өнөөх л тойргийн хөрөнгө оруулалтаа түлхүү ярьж, хөөцөлддөг. Түүнийгээ камерын өмнө дэглэнэ.

Төрийн байгуулалт, Үндсэн хуулийн чиглэлээр даацтай судалгаа хийж ирсэн зарим эрдэмтэн Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага-УИХ-ыг “супер” парламент хэмээн тодорхойлдог. Улмаар түүний эрхийг зарим талаар хязгаарлаж, гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэхийг санал болгож буй. Үүний хүрээнд УИХ-ын мөнгө захиран зарцуулах, эдийн засгийн эрхийг гүйцэтгэх засаглалд шилжүүлэх ёстой гэсэн байр суурь давамгайлах нь бий. Юутай ч улстөрчид сүүлийн 20 гаруй жил мэдэх, мэдэхгүй бүхий л асуудлаар дэлгэцийн өмнө популизм хийснээс болж үндэсний хэмжээний олон төсөл, хөтөлбөр гацаж, улстөржилт гаарч, улс орон хөгжихгүй байна. Ард түмэнд таалагдах гэсэн гоё, сайхан үг болгоны цаана эерэг гэхээсээ сөрөг үр дагавар дагалдаж буй.

Анагаахын шинжлэх ухааны үндсэн нэр томьёо гэгддэг “синдром” (Грекийн давхцал гэх үгнээс гаралтай)-ыг монгол хэлнээ “хам шинж” хэмээх нь бий. Хийсэн үйлдэл, хэлсэн үгнийхээ төлөө бол бүр ч хариуцлага хүлээдэггүй, хэнэггүй хэрнээ хэтийдсэн амбийцтай хүмүүсийн үйлдлийн хам шинж, давхцалыг та мэдэх үү. Камер л харагдвал зогсохоо мэдэхгүй ярьдаг зарим гишүүнээс сэтгүүлчид залхчихсан байдаг. Тэдний зарласан хэвлэлийн хуралд уриад ч очдоггүй. Очихгүй болохоор тэд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан албан хаагч нараа “зовооно”.

“Сэтгүүлчид миний мэдээллийг сурвалжлахгүй байна, хэлсэн үгийг маань хэвлэн нийтлэхгүй юм. Телевиз, радиогоор тараа” хэмээн “томордог” гэсэн. Зарим нь бүр “Тэр гишүүн л зурагтаар гараад байна, би ер гарахгүй юм” хэмээн барьцдаг сурагтай. Уг нь 2008 оноос хойших УИХ-ын Тамгын газрууд хэвлэл мэдээлэл, гишүүдийн байр суурийг олон нийтэд хүргэх чиглэлд ихээхэн анхаардаг болсон. Болж өгвөл хаалттай хуралдаж, хэлэлцсэн асуудлыг нь мэдэхэд ч түвэгтэй байсан хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа өнөөдөр харин ч нээлттэй болоод буй.

Хуралдааны танхимуудыг хамгийн сүүлийн үеийн камер, төхөөрөмжөөр тоноглож, дүрс, яриа, бичлэгийг хэвлэл мэдээллийнхэнд хамгийн богино хугацаанд түгээж байгаа. Энэ нь нэг талаас Төрийн ордноор “хөлхлөө” хэмээн ад үзэгдэх сэтгүүлчдийн хөл хөдөлгөөнийг цэгцлэх, нөгөө талаас гишүүдийн харагдах байдалд анхаарсан арга хэмжээ болсон. Үүнээс өмнө зураг, дүрсийг ар, нуруунаас нь авлаа, урд талаас нь харуулсангүй, нүүрийг нь хагасаллаа зэрэг гомдол гишүүдээс Тамгын газрынханд тасралтгүй ирдэг байсан гэнэ лээ. Тийм болохоор одоо заримдаа УИХ-ын хуралдааны үйл ажиллагааг дандаа хаалттай болгоосой гэж ч хүсэх шиг. Хавартай “ханьсах” камерын “синдром” энэ удаагийн ээлжит бус чуулганаар бүү сэдрээсэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)