Казахстаны олимпийн баг легионер хайж байна

Казахстаны шигшээ баг Лондоны олимпод амжилттай оролцож, долоон алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар 205 орноос арванхо ёрдугаар байр эзлэхэд ерөнхийл өгч Нурсултан Назарбаев “Энэ амжилт бол манай ард түмний эх орноо гэх үзлийн ач тус юм” хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэвч олимпийн наадам дуусаад удаагүй байхад л Казахстаны шигшээ багт зүтгэж, олимпийн медаль авсан зарим тамирчид нутаг буцах болсноо зарлаад байна. Нутаг буцах гэхээр та бүхэн гайхаж байж магад. Учир нь тэд Казахстаны иргэд биш. Тус улс гадны шилдэг тамирчдад иргэншил олгон, олимпод оролцуулдаг тактик баримталж амжилтад хүрсэн юм. Тэд 2000 оноос эхлэн легионеруудыг ашиглаж эхэлсэн бөгөөд эхний жилээ буюу Сиднейн олимпоос медаль авч чадсангүй.

Харин “Афин 2004”-өөс эхлэн легионерууд нь амжилт гаргаж эхэлсэн. Тэр жил Казахстаны олимпийн медалийн 37.5 хувийг, 2008 онд 30.8 хувийг легионерууд авсан бол өнгөрсөн Лондоны олимпод Казахстаны нийт медалийн 46.1 буюу бараг тал хувийг нь гадаадын иргэд авч өгчээ. Лондоны олимпийн гол баатруудын нэг, хүндийг өргөлтийн эмэгтэй тамирчин Зульфия Чиншанло олимпийн дараа Хятаддаа буцаж, жинхэнэ эх орныхоо төлөө 2016 оны олимпод оролцохоор болсон нь нэлээд шуугиан дэгдээгээд байна. Лондонд баг тамирчид нь амжилт гаргаж байхад бүгд л “Казахстаны далбаа л мандаж байвал хэн медалийг авчирсан нь хамаагүй” хэмээцгээж байсан бол одоо Казахстанд легионер хэрэгтэй юу, үгүй юу гэдэг маргаан хурцаар өрнөж байна. Дээр дурдсан Зульфия Чиншанло Хятадын Хунань аймагт төрсөн Жао Чанлин гэдэг нэртэйг бүгд мэдэж байсан ч намтар дээр нь түүнийг Алматыд төрсөн гээд казах нэр өгсөн байдаг.

Хэрэв тэр үнэхээр казах хүн байсан юм бол яагаад Хятад руу буцахаар болов? Учир нь Зульфия мэтийн бага ястан тамирчинд Хятадын шигшээд багтах найдвар бараг байдаггүй. Харин одоо олимпийн алтан медалийнхаа ачаар БНХАУын шигшээд багтаж чадах болсон. Тэгээд л эх орондоо харьж байгаа нь тэр. Хятадууд мэдээж хэрэг ямар ч тамирчнаа зүгээр өгчихгүй. Казахстаны хүндийг өргөлтийн холбоотой таван жилийн гэрээ байгуулж, Зульфияг өгсөн нь энэ оны есдүгээр сард дуусчээ. Хятадуудын хувьд нэг сайн тамирчнаа гадны мөнгөөр бэлтгээд авсан бол Казахстаны хувьд олимпийн алтан медаль хохирлыг нь барагдуулж байгаа юм. Дөрвөн жилийн дараа болох олимп, жил бүр явагдах дэлхийн аваргын тэмцээнүүдэд бэлтгэхээр Казахстаны олимпийн баг дахиад л гадны тамирчдад анхаарлаа хандуулж эхлээд байна. Гэхдээ энэ удаа дан казах тамирчдыг судалж байгаа аж.

Хятад бөх-Ерланбек Катейулы 1990 онд Хятадын Шинжань Уйгарт төрсөн. 2011 оны улсын аваргын тэмцээнээр чөлөөт бөхийн 66 кг-ийн жинд Хятадын аварга болж, шигшээ багт багтсан. Монгол дасгалжуулагчтай хэмээн ярих энэ залуу 2012 онд анх удаагаа Казахстанд очиж үзжээ. 2013 оны хавар болох Бүх Хятадын аваргын тэмцээнд орохоор бэлтгэж байна. Монгол боксчин-Ерболат Толек 1990 онд Баян-Өлгий аймагт төрсөн. 2012 оны улсын аваргын тэмцээнд түрүүлж, улсын шигшээ багт багтсан. Тэрбээр Казахстаны сэтгүүлчийн асуултад “Дөрвөн настайгаасаа боксоор хичээллэсэн. Анхны багш маань Кайнар Кайсанай. Одоо шигшээ багт Т.Ганзориг багшийн удирдлага дор хичээллэж байна. Энэ жилийн дөрөвдүгээр сард Казахстаны Астанад тэмцээнд оролцож байсан. Монголд боксоор амжилт гаргах бүх нөхцөл бүрдсэн. Гадаад дотоодын тэмцээнд байнга оролцдог. Одоо 2013 оны Азийн аваргад бэлтгэж байна. Казахстаны багт орох уу гэж хэн ч урьж байгаагүй, би ч ер бодож байгаагүй юм байна. Тэгээд ч миний тоглодог 91 кг-ийн жинд Казахстанд сайн боксчин олон бий.

Хэрэв Казахстанд дураараа явчих юм бол дахиж бокс тоглож чадахгүй болж болох юм. Харин Казахстаны шигшээ багаас албан ёсоор урилга ирвэл яагаад явж болохгүй гэж. Монголын шигшээд надаас гадна Е.Жамантай, Ы.Тлеухан гэсэн хоёр казах боксчин байгаа” гэж ярьсан байна. Узбекистаны тамирчид-26 настай казах залуу Серик Мейрбеков Узбекистаны сэлүүрт завины шигшээ багийн тамирчин. Улсынхаа таван удаагийн аварга, 2010 оны Азийн тоглолтын аварга. Харин Даулет Нарметов Узбекистаны гимнастикийн шигшээ багт 2008 оноос зүтгэж байна. 2011 онд тэрбээр Беларусьт болсон олон улсын тэмцээнд түрүүлж байлаа. 2009, 2011 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2010 оны Азийн тоглтонд оролцож байсан.

Германы хоккейчин-Данияр Жуни сов 1986 онд Берлинд төржээ. Германы “Гризли Адамс Вольфсбург” хоккейн багийн хаалгач. Түүний эцэг Айгали Жунисов Алматыд төрсөн. Их сургуульд герман хэл сураад Герман явж, амьдрах болсон байна. Данияр Жунисов Вольфсбург хотод амьдардаг. 190 см өндөр, 90 кг жинтэй Данияр багийнхаа үндсэн хаалгач. Германы цомын эзэн, улсын аваргынхаа мөнгөн медаль хүртэж байсан. Данияр 2013 онд Казахстанд очиж болох юм гэж аман зөвшөөрөл өгсөн гэнэ. Финланд хөлбөмбөгч-25 настай Мурат Онал Туркт төрсөн ч одоо Финландын “AC Kajaani” багт тоглож байна. Зургаан настайгаасаа Амстердамын “Веспуччи” хөлбөмб өгийн сургуульд суралцсан тэрбээр “Амстердам”, “Брюгге”, “Ден Хааг”, “Волендам” зэрэг багт тоглож байв. Мурат Онал “2008 онд Голландын дасгалжуулагч Арно Пайперс Казахстаны шигшээг дасгалжуулж байхдаа намайг урьж байсан. Би хичээл ном гээд амжаагүй. Карагандагийн “Шахтер” баг намайг бас урьсан. Тэд намайг Казахстаны иргэн болсон тохиолдолд л багтаа авна гэж мэдэгдсэн. Гэхдээ би бас л иргэншлээ сольж амжаагүй” гэж ярьжээ. Түүний “AC Kajaani” баг Финландын нэгдүгээр лигэд тоглодог, Онал өнгөрсөн жил 12 тоглолтонд оролцож, долоон гоол хийжээ.

М.СУГАР-ЭРДЭНЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)