Йордан голын Баруун эргийн нэг хэсгийг Израилд нэгтгэж эхэлнэ

“Кахоль-Лаван” намын тэргүүн Бени Ганцтай байгуулсан эвслийн хэлэлцээрийн дагуу ирэх долдугаар сард Йордан голын Баруун эргийн нэг хэсгийг нутаг дэвсгэртээ нэгтгэх алхмуудаа хэрэгжүүлж эхлэхээ Израилын Ерөнхий сайд бөгөөд “Ликуд” намын дарга Биньямин Нетаньяху нотлов. Парламент дахь “Ликуд” намын бүлгийн хуралдааны үеэр тэрбээр ийн мэдэгджээ. “Kan” радиогийн уламжилснаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын энхийн төлөвлөгөөний дагуу олдож буй түүхэн боломжийг алдаж болохгүй хэмээн Б.Нетаньяху тэмдэглэсэн аж. Өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны сонгуулийн дүнгээр түүний эмхлэн байгуулсан, Израилын 35 дахь Засгийн газар тангаргаа өргөх ёслолын өмнө буюу тавдугаар сарын 17-нд Б.Нетаньяху “Йордан голын Баруун эрэг, Йорданы хөндий дэх еврейн суурингуудыг газар нутагтаа нэгтгэх цаг болсон” хэмээн хэлсэн. 

Израилын Сайд нарын шинэ танхимыг “Ликуд”, “Кахоль-Лаван” нам хоорондын эвслийн хэлэлцээрийг үндэслэн эмхлэн байгуулсан юм. Тус улсын парламентын баталсан баримт бичиг нь ирэх долдугаар сарын 1-нээс хойш Д.Трампын төлөвлөгөөний дагуу Баруун эргийн зарим хэсгийг харьяандаа оруулах алхмуудыг хэрэгжүүлж эхлэх боломжийг Засгийн газрын тэргүүндээ олгожээ. Б.Нетаньяху мэдэгдэл хийсний дараа Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас энэ сарын 19-нд Израил, АНУ-тай байгуулсан бүх хэлэлцээрээс гарснаа мэдэгдсэн юм. Палестины газар нутгийг булаан авч, улсдаа нэгтгэх гэсэн оролдлогынхоо хариуцлагыг Израил хүлээх ёстой гэж тэрбээр нэмж хэлжээ. Булаан эзэлсэн газар нутагт суурин барих ажлаа зогсоохыг Израилаас шаардсан 2334 тоот тогтоолоо НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2016 оны арванхоёрдугаар сард баталсан билээ. Эл баримт бичгийн заалтуудыг хэрэгжүүлэхээс татгалзаж буйгаа Израил тэр үед мэдэгдсэн байна.

Израилын үйлдэл нь Ойрхи Дорнодын бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож, Палестинд хүчирхийлэл газар авахад хүргэсэнд түгшиж буйгаа ОХУ-ын ГХЯ өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Олон улсын хуулийн хүрээнд хоёр улсын зарчмуудыг үндэслэн Палестин, Израилын мөргөлдөөнийг цогцоор, тууштай зохицуулах зарчмын байр суурийг ОХУ баримталж буйг ГХЯ нь нотолсон байна. Мөн тус бүс нутгийн түгшүүртэй байдлыг дэвэргэх аливаа алхмаас түдгэлзэх, Палестин, Израилын шууд яриа хэлэлцээг сэргээх нөхцөлийг бий болгоход саад учруулахаас зайлсхийхийг талуудад уриалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)