Йеменд гал зогсоолоо

Саудын Араб тэргүүтэй эвсэл гал зогсоох тухай НҮБ-ын санаачилгын дагуу Йеменд явуулж буй цэргийн ажиллагаагаа түр зогсоосон тухай “Reu¬ters” агентлаг мэдээллээ. Шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэхтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авч буй аж. Йеменд одоогоор халдвар бүртгэгдээгүй байгаа билээ.

Эвслийн командлалын албан ёсны төлөөлөгч хурандаа Турки аль-Маликигийн мэдээлснээр өчигдөр үд дундаас хойш хоёр долоо хоногийн турш гал зогсоох дэглэм Йемен даяар хэрэгжих аж.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш цар тахалтай тэмцэхийн тулд хэд хэдэн орны эсрэг авсан хориг арга хэмжээгээ сулруулж, тэрчлэн байлдааны ажиллагаагаа зогсоохыг бүх улсад уриалсан билээ. Үүний дараа Йемений Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хади болон босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөнтэй тэмцэж буй Засгийн газар нь Антониу Гутерришийн санаачилгыг дэмжиж буйгаа мэдэгдсэн юм. Босогчид ч мөн дайн болон Йеменийг бүслэн хаахаа зогсоох бүх санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Тус улсад 2014 оны наймдугаар сараас хойш Засгийн газрын хүчин болон хусит босогчид хоорондын мөргөлдөөн үргэлжилж буй юм. Мөргөлдөөний хамгийн идэвхтэй үе рүү 2015 оны гуравдугаар сард Саудын Араб тэргүүтэй эвслийн ажиллагаа эхэлснээр шилжсэн билээ. Йемений нутаг дэвсгэрийн үлэмж хэсэгт босогчид хяналтаа тогтоосныг эсэргүүцсэн “Шийдэмгийн байдлын шуурга” хэмээн нэрлэсэн ажиллагааг Бахрейн, Катар, Кувейт, АНЭУ дэмжиж, Египет, Иордан, Марокко, Пакистан, Судан нэгдсэн юм. 2018 оны арванхоёрдугаар сард Йемений мөргөлдөөнд оролцогч талууд хэдэн жилийн хугацаанд анх удаа НҮБ-ын ивээл доор Шведийн Стокхолм хотод болсон хэлэлцээнд оролцсон. Тэд олзлогдогсдоо солилцон, Улаан тэнгисийн боомт хот Ходейдад гал зогсоож, НҮБ-ын хяналтад шилжүүлэхээр тохиролцсон билээ.

Гэвч хусит босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөн Йемений Мариб, Ходейда хот руу пуужин харвасныг Мэдээллийн сайд Муаммар аль-Ирьяни мэдэгдэв. Үүнийг олон улсын эвслийнхэн гал зогсоосноо зарласантай холбоотойгоор босогчид Эль-Жауф муж дахь цэргийн хуаранд хяналтаа сэргээн, тогтоох оролдлого хэмээн тэрбээр үзэж байна.

Үүний сацуу Йеменд хүмүүнлэгийн ажиллагаа явуулах, коронавирусийн тархалттай тэмцэхийн тулд НҮБ-д 525 сая ам.доллар олгох болсноо Саудын Арабын Батлан хамгаалахын дэд сайд Халид бен Сальман мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)