И-баримт өгөхөөс дэлгүүр, захынхан татгалзан, иргэд ч нэхэх нь багасжээ

...Харин и-баримт олгоогүй аж ахуйн нэгжийг 1.5 сая, иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох журам бий. Иргэдийн мэдээлэл, баримтад үндэслэн уг торгуулийг ногдуулах бөгөөд хууль зөрчсөн аль ч борлуулагчийг хэдэн ч удаа торгож болох гэнэ. Өөрөөр хэлбэл, баримт өгөөгүйг нь иргэд мэдээлсэн тохиолдол бүрт торгууль тавина...

Дэлхийн 190 гаруй орны 160 орчим нь нэмүү өртгийн албан татвартай. Үлдсэн нь худалдааны татварын систем ашигладаг буюу бүх улс үйлчлүүлэгчдийн эцсийн хэрэглээнд ногдуулж татвар авдаг гэсэн үг. Манай орны хувьд НӨАТ-аас буцаалт олгодог цөөн улсын нэг. НӨАТ-ын хоёр хувийг иргэдэд эргүүлэн өгч буй нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, НӨАТ-ын босго тогтоох. Тухайлбал, нэг жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс дээш бол НӨАТ төлөгч болдог. Аж ахуйн нэгжүүдийг НӨАТ төлөгч болохыг нь дэмжин, далд эдийн засгийг ил болгох зорилгоор иргэдийн оролцоотойгоор борлуулалтыг нь хянаж буй хэлбэр юм. Үүнээс гадна татварын системийг боловсронгуй болгож, цахим сан үүсгэх улмаар үүний тусламжтайгаар орлого олж буй бүх нэгжийг бүртгэлжүүлэх зорилготой. Тиймээс иргэд бараа, үйлчилгээ худалдан авах бүртээ и-баримт авснаар тухайн үйлчилгээний төв, борлуулагчийн орлогыг цахим санд бүртгүүлж буй хэрэг. Иргэд ч НӨАТ-т төлсөн дүнгийнхээ хоёр хувийг буцаан авч, сугалаанд оролцох эрхтэй болдог. Ингэснээр далд эдийн засгийг хянаж, татварын баазыг өргөжүүлж, аж ахуйн нэгж, иргэдийн орлого, ашгийг ил болгон, зах зээлд үйл ажиллагаа явуулж буй нэгж бүрийн татвар төлөх үүргийн хэрэгжилтэд оролцох учиртай. Тэгвэл 2016 оноос хэрэгжүүлсэн НӨАТ-ын тухай хуулийн биелэлт хэр байгааг цөөн аж ахуйн нэгж, худалдааны төвөөр орж тодрууллаа.

“Peace mall” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлалтай гоо сайхны бараа, бусад бүтээгдэхүүн борлуулдаг “Zaya Bilgee” дэлгүүрээс энгэсэг худалдан авлаа. Маш олон төрлийн бараатай, нэлээд том зай талбай эзэлдэг тус дэлгүүрт үйлчлүүлэгч олон байв. Лангуун дээрх энгэсгийн үнэ нь 55 000 төгрөг бөгөөд хэрэв “И-баримт авбал эл дүн дээр 10 хувь нэмэгдэн 61 500 болно, та и-баримтгүй ч авч болно” гэв. Яагаад баримт өгнө, өгөхгүй гэсэн хоёр сонголтоор бүтээгдэхүүнээ борлуулж буйг нь лавлахад худалдагч нь “Бид мэдэхгүй, ингэж болно гэж дэлгүүрийн эзэд хэлсэн, та хүсвэл баримт авч болно шүү дээ” гэв. Энэ дэлгүүр төдийгүй дээрх худалдааны төвийн бараг бүх түрээслэгч, борлуулагч и-баримт өгдөггүй хэвээр байгаа аж. Нийт 12 давхар үйлчилгээний төвийн 1-5 дугаар давхарт нь бэлэн хувцас, гоо сайхны бараа, спорт хэрэгсэл зардаг. Гуравдугаар давхарт спортын хэрэгсэл, эрэгтэй бэлэн хувцас борлуулдаг Г.Оргилоос үйлчлүүлэгчдэд яагаад и-баримт өгөхгүй байгааг нь асуухад “300 000 төгрөгийн үнэтэй, баримт хэвлэдэг жижиг төхөөрөмж худалдан авч, үйлчлүүлэгчдэд баримт өгөх боломжтой гэж татварын албаныхан хэлдэг. Одоогоор би тийм төхөөрөмж авч чадахгүй байна. Мөн бүх худалдагч, лангууны эзэд баримт өгөөд эхэлбэл надад татгазах зүйлгүй” гэлээ.

Бидний нэрлэж заншсанаар III, VI хорооллын “Apex” их дэлгүүрийн лангуу, павильоны худалдагчид бүгд и-баримт өгөхгүй байв. Бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг и-баримттайгаар бичсэн байх бөгөөд хэрэв баримт авахгүй гэвэл тухайн үнээс 10 хувь хямдруулна гэлээ. Түүнчлэн “Билиг” их дэлгүүрийн номын худалдаанаас бусад тасгийн худалдагчид бараандаа и-баримт авахгүй гэвэл мөн л 10 хувь хямдруулаад өгье гэж байв. Тус дэлгүүрийн үйлчлүүлэгч Б.Одонтуяа “Билиг дэлгүүрээс бэлэн хувцас авлаа. 380 000 төгрөгийн барааны үнээс 10 хувийг нь хямдруулаад өгч байна. И-баримтын сугалаанд би нэг ч удаа азтан болж үзээгүй. Тэгээд ч хоёр хувийн буцаан олголт авснаас найман хувийн ашигтай байсан нь дээр биз дээ” хэмээн тун олзуурхангуй хэлж байв. Үүнээс гадна үйлчлүүлэгч олонтой, орлого, ашиг ч ихтэй цайны газар, гоо сайхны салон, гар утас засвар, худалдааны төв зэргийнхэн и-баримт өгөхгүй хэвээр байгаа юм. Иргэд ч и-баримт нэхэлгүйгээр үйлчлүүлдэг бөгөөд зарим үед баримт авахгүйгээр, 10 хувиар хямд үнээр бараа, бүтээгдэхүүнээ худалдан авахыг илүүд үзсээр байна. Энэ талаар Татварын ерөнхий газрын НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг хангах хэлтсийн дарга Ц.Эрдэнэхүү “Аж ахуйн нэгжүүд и-баримт өгөхөөс татгалзах, бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг баримттай, баримтгүй гэж хоёр янзаар хэлэх эрхгүй. Тиймээс и-баримт өгөөгүй аж ахуйн нэгж, иргэдийг үйлчлүүлэгчид нь Татварын ерөнхий газрын утас болон и-баримт аппликэйшний тусламжтайгаар мэдээлэх хэрэгтэй. Нэмж хэлэхэд, бараа, бүтээгдэхүүний шошгон дээр бичсэн үнэ эцсийнх байх учиртай. И-баримт авбал энэ үнэ дээр 10 хувийг нэмж төл гэж байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, хууль зөрчсөн үйлдэл. Үүнээс гадна олонх иргэний сонирхдог и-баримтын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх, эсэх талаар одоохондоо холбогдох алба, байгууллага хооронд яригдсан зүйлгүй” гэлээ.

Улсын хэмжээнд 383 зах, худалдааны төв байдгаас Улаанбаатарт 206, үлдсэн нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй. 2020 оны есдүгээр сарын 1-нээс цахим и-баримт үүсгэх хялбар шийдэлтэй QR код бүхий наалтыг нийслэлийн хэмжээнд 200 орчим зах, худалдааны төвд байршуулсныг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Ингэснээр иргэд дээрх зах, худалдааны төвөөр үйлчлүүлэх бүртээ и-баримт авах боломж бүрдсэн гэв. Түүнчлэн үсчин, гоо сайхан болон бусад үйлчилгээний газарт QR код бүхий наалт байршуулснаар баримт олгох боломжтой гэв. Улмаар бараа, үйлчилгээ зарж борлуулан, орлого олж буй нэгж бүрийг и-баримт өгөхийг харьяа дүүргийнх нь татварын албад, мэргэжилтнүүд шаардсаар байгаа аж. Харин и-баримт олгоогүй аж ахуйн нэгжийг 1.5 сая, иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох журам бий. Иргэдийн мэдээлэл, баримтад үндэслэн уг торгуулийг ногдуулах бөгөөд хууль зөрчсөн аль ч борлуулагчийг хэдэн ч удаа торгож болох гэнэ. Өөрөөр хэлбэл, баримт өгөөгүйг нь иргэд мэдээлсэн тохиолдол бүрт торгууль тавихыг Ц.Эрдэнэхүү дурдав. Нэмж хэлэхэд, Сүхбаатар, Баянгол дүүрэгт байрлалтай цөөнгүй дэлгүүр, үйлчилгээний төвд очиход дээр дурдсан QR код бүхий наалт байршуулан, и-баримт авах боломж бүрдүүлсэн аж ахуйн нэгж байсангүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)