ИЧИХ “БУЛЧИРХАЙ”-наасаа ХАГАЦВАЛ ХАГАЦ

Хүнээс бусад амьтан “шараа” болох биш дээ. Нүүрэндээ үстэйдээ ч биш, ерөөс ичих мэдрэмж үүсдэггүй учраас чинэрч улайх зовлонг амьтад эдэлдэггүй. Түгших, айх, эсвэл баярлах, ичих мэдрэмжүүд бол хүн төрөлхтөнд заяасан байгалийн “бэлэг” юм. Өөрийг нь хананд өлгөөтэй хөрөг зургаас ялгаж буй сэтгэл хөдлөлийн илэрхийллийг зарим хүн бэлэг хэмээн хүлээж авахаасаа татгалзах болжээ.

Ичсэн, бантсан хүнийг барьж өгдөг нүүр улайх шинж тэмдгийг мэс заслын аргаар дарангуйлах аргад анагаах ухаан нэвтэрч орхив.Уг нь улс төрд төрөлхийн ичих “булчирхай”- гүй байж гэмээнэ хатуу шалгуурыг нь даадаг юм гэсэн. Яагаад гэвэл улстөрчийн сонгосон амьдралын замд улайхгүй худал хэлэх, хулгай хийх, хүн “алах” шаардлага хамгийн их тулгардаг. Сонгуульд ялах, сонгогдсон хойноо ч амжилтын оргил өөд ухралтгүй зүтгэх хүнд ичих мэдрэмжээ илчлэн харуулах нь тээр саад болдог аж. Тиймээс улстөрчдийн хувьд нүүр улайна гэдэг бол том дутагдалд тооцогдоно.

...Сонгуульд ялах, сонгогдсон хойноо ч амжилтын оргил өөд ухралтгүй зүтгэх хүнд ичих мэдрэмжээ илчлэн харуулах нь тээр саад болдог аж. Тиймээс улстөрчдийн хувьд нүүр улайна гэдэг бол том дутагдалд тооцогдоно...

Энэ дэлхий дээр эрэгтэйчүүд ч улайдаг, эмэгтэйчүүд ч улайна. Энэ бол сэтгэл хөдөлсөн үед илэрдэг ердийн үзэгдэл. Харин улстөрчдийн олонх нь улайхыг мэддэггүй. Улайчихвал өөрийгөө үзэн ядна. Улайхыг огт хүсэхгүй хүмүүсийн захиалгаар эмч нар гайхал нүүрний өнгийг хувилгагч “гайт” үзэгдлийг арилгах мэс засал хийх болов. Өмнө нь их хэмжээгээр хөлөрдөг хүмүүст зориулан хийж байсан дурангийн хагалгааны арга өдгөө ичих дургүй хүн болгоныг “анагаах” боломжтой.

Мэдрэлийн системд “Т2” хэмээн нэрлэгддэг, нугас дагуу байршилтай зангилаа байх бөгөөд үүнийг л “янзалчихвал” ичиж байгаагаасаа ичих шаардлагагүй болдог юм байна. Хагалгаанаас 2-3 хоногийн дараа ажил амьдралын хэмнэлээ хэвийн үргэлжлүүлж болох хөнгөн мэс ажилбар аж. Энэ эмчилгээг дэлхийн олон оронд хийж эхэлсэн бөгөөд манай хоёр хөршөөс оросууд лав нэвтрүүлчихэж. Думын хэд хэдэн депутат нууцаар үйлчлүүлсэн тухай мэдээ байна.

Юу ч гэж худал хэлсэн, ард түмний өмнө ямар гээчийн нүгэл үйлдсэн бай огт улайхгүй гээд бод доо. Энэ яг улстөрчдөд амин чухал мэс засал байгаа биз. УИХ-ын сонгууль дөхсөнийг хэлэх үү, манай улстөрчид олны өмнө үл улайн, өөрийгөө увайгүй этгээд гэдгээ илчлэхгүйн тулд хойд хилийн дээс алхаж л таарах болов уу. Сонгуулийн сургаар сонгогчдод залуухан, эрч хүчтэй харагдахын тулд унжсан арьсаа сойгоод татуулчихдаг эрхмүүдэд одоо улайдаггүй болж цөхөх юухан байх билээ.

Улстөрч биш бол энэ тэнэг хагалгааг хийлгэхгүй байвал зохистой. Улайна гэдэг чинь хүний л шинж. Яаж ч хичээгээд албаар улайж чадахгүй учраас л хагацаж үл болох мэдрэмж. Эрх мэдлийн төлөө увайгүй зүтгэх хүмүүс улаан хацар бүү хэл зүрх сэтгэлээсээ ч салж дөнгөх нь харин ч өрөвдөлтэй. Хүн мөртлөө хүн шиг байх эрхээсээ татгалзана гэдэг гунигтай тавилан юм шүү.

Б.Энхцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)