“Их-7”-гийн уулзалтад оролцогчид хамтарсан мэдэгдэл хийсэнгүй

Францын Биарриц хотод болсон эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч долоон гүрний удирдагч дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэлэлцээ хийсэн ч хамтарсан мэдэгдэл гаргасангүй. Үүний оронд тэдгээр удирдагч харилцан зөвшилцөж, нэг хуудас баримт бичиг гаргасныг Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон эв нэгдэлтэй, эерэг хандлагатай байгаагийн илрэл хэмээн сайшаасан байна. Уг баримт бичигт Иран, Украин, Ливи, Хонконгийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдал, мөн худалдаа, татварын асуудлаарх санал зөрөлдөөн зэрэг бүс нутгийн болон олон улсын хэд хэдэн хямралын талаарх “Их- 7”-гийн орнуудын байр суурийг тусгажээ. Тодруулбал, Бүс нутгийн хямралын талаар дурдахдаа Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүй байх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад тус дөхөм болох гэсэн хоёр зорилт тавьсан байна. Украины хямралын асуудлаарх заалтад Франц болон Герман улс тодорхой үр дүнд хүрэхийн тулд ойрын хугацаанд Нормандын хэлбэрээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг тэмдэглэжээ.

Харин Ливид үргэлжилж буй цэргийн мөргөлдөөний тухайд яаралтай гал зогсоох, хямралыг улс төрийн арга замаар зохицуулах шаардлагатай байгааг “Их-7”- гийн удирдагчид онцлон тэмдэглэжээ. Энэ бол Хойд Африкийн тус улсын байдлыг тогтворжуулах цорын ганц арга зам юм. Хямралыг шийдэхийн тулд мөргөлдөөнд оролцогч бүх талын төлөөлөл, тус бүс нутгийн тоглогчдын оролцоотой, маш сайн зохион байгуулалттай олон улсын бага хурал хийхийг долоон гүрний удирдагчид уриалжээ.

Хонконгод болж буй үйл явдалд түгшиж буйгаа “Их-7”-гийн удирдагчид илэрхийлэв. Тэд Хонконгтой холбоотой 1984 оны Хятад, Британийн тунхаг хүчинтэй хэвээр гэдгийг, мөн уг тунхгийн ач холбогдлыг дахин дурдаад, хүчирхийллээс зайлсхийхийг уриаллаа. Эл хэлэлцээр нь Хонконг 1997 онд Британийн колончлолоос гарч, БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсныг баталсан ч Хонконгийн өөртөө засах эрхийг өндөр түвшинд хадгалахыг Хятадын эрх баригчдад үүрэг болгожээ.

Тэгвэл худалдаа болон татварын маргааныг зохицуулахад тулгарч буй саадыг хялбаршуулах, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хүрээнд олон улсын татварын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс 2020 онд зөвшилцөлд хүрэх үүргийг Биаррицын дээд хэмжээний уулзалтад оролцогчид хүлээсэн байна. “Их-7”-гийн орнуудын удирдагчид дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ нээлттэй, шударга худалдаа хийхээ мэдэгдэв. Үүнтэй холбоотойгоор оюуны өмчийг илүү сайн хамгаалах, маргаан, санал зөрөлдөөнийг түргэн шуурхай шийдвэрлэх, шударга бус худалдааг арилгахын тулд Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

“Их-7”-гийн орнууд Амазоны ойн түймрийг унтраахад 20 сая орчим еврогийн тусламж үзүүлэх болсон бөгөөд дэлхийн уушгийг алдах, эсэх нь дэлхий нийтийн асуудал болохыг Францын Ерөнхийлөгч тэмдэглэжээ. Тэрбээр мөн Амазоныг хамгаалах төслийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр албан ёсоор хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж буйг мэдээлсэн байна. Уг төслийг Амазоны бүсийн бүх оронтой хамтран боловсруулах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)