“Их цэвэрлэгээ” хийх цаг нь болсон хөрөнгийн зах

Монголын хөрөнгийн бирж бол хөрөнгийн зах зээлийн их “дэлгүүр”. Энэ “дэлгүүр”-ээр дамжуулж компаниуд хөрөнгө оруулагчдад хувьцаа, бонд зэрэг бараагаа худалддаг. Хөрөнгийн бирж хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах бараатай байж хөгжинө. Тэгвэл Монголын хөрөнгийн бирж лангуун дээрээ хүний сонирхол татах, хэрэгцээг нь хангах бараа цөөнтэй. Хөрөнгө оруулагчдад санал болгож буй барааных нь нэлээд нь чанарын шаардлага хангадаггүй, дийлэнх нь хугацаа нь хэтэрч, хөгцөрч муудсан.

Ийм “дэлгүүр”-ээр хэн тоож үйлчлүүлэх вэ. Хонконгийн хөрөнгийн биржид арилжаа хийж, үнэт цаасны ханшийн зөрүүнээс ашиг олдог А.Мөнх “Монголын хөрөнгийн биржээс ямар хувьцаа худалдаж авах вэ. Олигтой хувьцаа байхгүй. Компаниуд нь шударга, хариуцлагатай, ил тод биш. Идэвхгүй, хөрвөх чадваргүй учраас хувьцаа авлаа гэхэд эргүүлээд хурдан хугацаанд зарж чадах, эсэх нь тодорхойгүй” гэж ярьсан удаатай. Тэгвэл өөр нэгэн хөрөнгө оруулагч “Монголын хөрөнгийн бирж бол барааны сонголтгүй жижиг мунхлаг. Харин гадаадын биржид арилжаа хийхэд супермаркетаар үйлчлүүлж байгаа юм шиг санагддаг” гэсэн юм.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 220 хувьцаат компани бий. Эдгээрийг гурван ангилалд хуваасан. Хувьцаа нь идэвхтэй борлодог АПУ, “Сүү”, “Тавантолгой”, “МИК холдинг” гэх мэт 10 компани биржийн арилжааны нэгдүгээр самбарт бүртгэлтэй. Гэхдээ эдгээр компани олон улсын нэр хүндтэй хөрөнгийн биржүүдийн тавьдаг нарийн чанад шалгуурт тэнцэхгүй. Товчхондоо, Монголдоо л арай дөнгүүрүүд нь юм.

Хоёрдугаар ангилалд 46 компани бий. Энэ ангилалд хувьцааны төвлөрөл ихтэй, зах зээлийн үнэлгээ нь бага, хувьцаа нь төдийлөн идэвхтэй борлодогггүй компаниуд багтдаг. Тэгвэл гуравдугаар ангилалд бүртгэлтэй 167 компани байна. Эдгээр нь хувьцаат гэж хэлэхэд хэцүүхэн. Дийлэнхийнх нь зах зээлийн үнэлгээ нь 100 сая төгрөг ч хүрдэггүй. Хувьцаа нь бараг эргэлтэд ордоггүй. Зарим нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “сайхан гарууд”.

Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн таван жилд хувьцааг нь арилжаагүй гурван компани хөрөнгийн биржид бүртгэлтэй байгааг дуулгасан. Мөн сүүлийн гурван жилд нэг ширхэг ч хувьцааг нь арилжаагүй таван компани байгаа аж. Тэгвэл Монголын хөрөнгийн биржийнхэн сүүлийн үед 21 компанийн хувьцаа огт арилжигдахгүй байгаа гэсэн мэдээлэл өгсөн юм. Хаалттай биш хэрнээ хувьцаа нь арилжигддаггүй компани хөрөнгийн биржид бүртгэлтэй гэхээр өрөмдмөөр байгаа биз. Хувьцаат компаниуд хуулийн дагуу хагас жилийн санхүүгийн тайлангаа хөрөнгийн биржид бүртгүүлэх үүрэгтэй.

...Хөрөнгийн зах зээлд цэвэрлэгээ хийх цаг нь болсон гэдэгтэй санал нэгдэж байлаа. Тиймээс ч аажмаар “цэвэрлэгээ хийх” төлөвлөгөө боловсруулсан гэнэ. Ирэх гурван жилд гуравдугаар ангиллын компаниудад үе шаттай үүрэг даалгавар өгөхөөр төлөвлөжээ. Ирэх жилээс үйл ажиллагаагаа зогсоосон компаниудыг хөрөнгийн зах зээлээс “үдэх ажиллагаа”-г зохион байгуулах аж...

2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа 82 хувьцаат компани Монголын хөрөнгийн биржид ирүүлжээ. Нэг болон хоёрдугаарынхаас гадна гуравдугаар ангиллын цөөн компани хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн гэсэн үг. Тэгвэл Монголын хөрөнгийн биржийнхэн 94 компанийн хагас жилийн санхүүгийн тайланг Сангийн яамны бүртгэлээс татаж авчээ. Компаниуд нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас биржийнхэн өмнүүр нь орж аргалж байгаа царай нь энэ юм уу. Уг нь үүргээ биелүүлэхгүй бол шахаж шаардаж, Санхүүгийн зохицуулах хороонд “ховлож” хариуцлага тооцуулах дүрэм журам хангалттай бий. Ингээд 176 компанийг хуулиар биелүүлсэн үүргээ хүлээсэнд тооцсон хэрэг.

Цаана нь 40 гаруй компани санхүүгийн тайлан ч гарахгүй байна гэсэн үг. Монголын хөрөнгийн биржийн бүртгэлд нэр, тамганаас өөр хөрөнгөгүй олон компани бүртгэлтэй байгаагийн тод илрэл энэ. Хөрөнгөгүй, үйл ажиллагаа нь зогссон, хувьцааг нь арилждаггүй компаниудыг бүртгэлдээ байлгах хэрэгтэй юү. Хуулийн дагуу шаардлага тавиад хөрөнгийн зах зээлээс “хөөсөн” нь дээр бус уу. Гуравдугаар ангиллын бүх компани орчин цагийн хөрөнгийн зах зээлийн босго, шалгуурын захыг ч давахгүй. Дэлгүүр хугацаа нь дуусаж, хөгцөрсөн бараагаа хог руу хаядаг. Үүн шиг хөрөнгийн биржийнхэн “дэлгүүр”-тээ “их цэвэрлэгээ” хийж, чанарын шаардлага хангасан бараа борлуулахын төлөө эрмэлзэх ёстой.

Монголын хөрөнгийн биржийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан “Бид шалгуур хангахгүй байна гээд 167 компанийг хөрөнгийн биржийн бүртгэлээс хасаж болно. Гэтэл хувьцаа эзэмшигчид нь гомдол мэдүүлдэг. Хөрөнгийн бирж хувьцаа гаргах гэж байгаа компанийг бүртгэхдээ ч, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүддээ ч аядуу байр суурь баримталж байгаа. Хөрөнгийн биржийг хувьчлах шийдвэр гаргасан.

Энэ цаг үед өөрчлөлтийн шинжтэй алхам хийж болохгүй гэж харж байгаа” гэсэн юм. Гэхдээ тэрбээр хөрөнгийн зах зээлд цэвэрлэгээ хийх цаг нь болсон гэдэгтэй санал нэгдэж байлаа. Тиймээс ч аажмаар “цэвэрлэгээ хийх” төлөвлөгөө боловсруулсан гэнэ. Ирэх гурван жилд гуравдугаар ангиллын компаниудад үе шаттай үүрэг даалгавар өгөхөөр төлөвлөжээ. Ирэх жилээс үйл ажиллагаагаа зогсоосон компаниудыг хөрөнгийн зах зээлээс “үдэх ажиллагаа”-г зохион байгуулах аж.

Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг сүүлийн дөрвөн жил дараалан хийгээгүй хоёр, сүүлийн гурван жил дараалан хийгээгүй долоо, хоёр жил дараалан хийгээгүй компани хоёр байгааг танилцуулсан. Хувьцаат компанийн үйл ажиллагааны гол шийдвэр хувьцаа эзэмшигчдийн хурлаас гардаг. Хуулийн дагуу жил бүр хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг зарлаж хуралдуулах ёстой.

Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг олон жил дараалан хийхгүй байна гэдэг нь дампуурсантай ялгаагүй юм. Монголын хөрөнгийн биржийн албаны цахим хуудаснаас хувьцаат компаниудын мэдээллийг бүрэн дүүрэн авахад бэрх. Ялангуяа гуравдугаар ангиллын компаниудын талаар мэдээлэл хайгаад уншигч авхай та олигтой зүйл олохгүй. Хувьцаат компаниудын дийлэнх ийм байдалтай гэхээр Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил хаана яваа нь эрхгүй ойлгогдох биз.

Мөнөөх нэр, тамганаас өөр хөрөнгөгүй компаниуд сүүлийн үед эрэлттэй бараа болох шинжтэй боллоо. Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгүүлэх гэж байгаа компаниуд ажлаа хялбарчлахын тулд гуравдугаар ангиллын тартагтаа тулсан компанийг худалдаж аваад, нэгдэх нэрийн доор олон нийтийнх болох “мода” дэлгэрэх нь бололтой. Ард санхүүгийн нэгдэл “Жинст-Увс” гэж хөдөөгийн компанитай нэгдсэн. Тэгвэл “Монгол даатгал” “Хорго хайрхан” гэх Төв аймгийн Эрдэнэсант сумын үйл ажиллагаагаа зогсоосон хувьцаат компанитай нэгдэх гэж байна. Хаалттай аж ахуйн нэгж хувьцаат компанитай нэгдэж, хөрөнгийн зах зээлд хөл тавих нь дэлхийн жишигт байдаг л хэлцэл. Тиймээс болохгүй гэх зүйлгүй.

Гэвч Санхүүгийн зохицуулах хорооныхон “Энэ бол буруу жишиг. Компани өмнөх муу түүхтэй аж ахуйн нэгжтэй нэгдэхгүйгээр дангаар олон нийтэд хувьцаа худалдах ёстой” гэсэн байр суурь баримталж байгаа. Үүгээр зогсохгүй тэднийхэн компанийнхаа хөрөнгийг бодитой үнэлээд, үнэт цаасаа арилжих ханшаа зөв тогтоогоод, хувьцааныхаа 25 хүртэлх хувийг олон нийтэд зарахаар бол, ялангуяа үйлдвэрлэл эрхэлдэг компани ийм алхам хийвэл хоёр гараа өргөөд дэмжье гэж байна.

Тэгвэл Монголын хөрөнгийн биржийнхэн гуравдугаар ангиллын компани бусад хөрөнгө мөнгөтэй аж ахуйн нэгжтэй нийлээд “сайн бараа” болохыг дэмжих гэнэ. А.Мөнхбаясгалан захирал “Гуравдугаар ангиллын жижиг компани том компанитай нэгдсэнээр хувьцаа эзэмшигчийнх нь үхмэл үнэт цаас эргэлтэд орно. Үнэ цэнэ нь өснө. Энэ бол зөвхөн гуравдугаар ангиллын арга ядсан компанийн үйл ажиллагаа сэргэж байгаа хэрэг биш, хувьцаа эзэмшигчдийнх нь эрх ашиг нааштайгаар шийдвэрлэж байгаа явдал” гэж тайлбарлав.

Үнэхээр ч гуравдугаар ангиллын үхмэл компаниудыг “амь оруулах” нэг боломж нь энэ байх. Хөрөнгийн зах зээлд хөл тавих гэж байгаа компаниудыг гуравдугаар ангиллын компаниудыг худалдаж аваад өөд нь татаад байвал “их цэвэрлэгээ”-нд нэмэр болох нь ч дамжиггүй. Гэхдээ 167 компани бүгд ийм замаар сэхэл авна гэж байхгүй нь мэдээж. Хөрөнгөгүй, нэр, тамганаас өөр зүйлгүй компанийг хэн нэгэн худалдаж авна гэж хүлээлгүй, хуулийн дагуу арга хэмжээ авах нь зүйтэй. Хуулийг чанад мөрдүүлж, компаниудыг шударга, хариуцлагатай, ил тод ажиллуулж байж хөрөнгийн зах зээл хөгждөг жамтай. Энэ зарчмаас гажиж, хууль үл биелүүлэгсдийн толгойг илж болохгүй биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)