Их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан хүнийг саатуулжээ

Үлэмж их хэмжээний буюу 70- 80 кг мөнгөн ус худалдахаар авч явсан нэгэн хүнийг МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн илрүүлэн, мөрдөж эхэллээ. Хууль сахиулагчдад тухайн иргэн “Оросын цэргийн ангийнхнаас авч, олон жил хадгалсан юм” хэмээн тайлбарлаж буйг эх сурвалжууд хэлэв. 

Харин ЗХЖШ болон цэргийн мэргэжлийн хүмүүс “Оросын цэргийн ангиудад мөнгөн ус төдийлөн ашигладаггүй байсан. Тэгээд ч оросуудыг гарах үед цэргийн ангийн эд хогшлыг манайхан бүгдийг нь тонож дуусгасан учраас химийн бодис тэднээс олж авсан гэдэг нь худлаа байх” гэсэн юм. Харин цагдаагийнхан өөр олон сэжүүрийг холбогдуулан шалгаж эхэлсэн гэнэ. 

Тухайлбал, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хашаанд байрлах агуулахад байдаг 120 гаруй кг мөнгөн уснаас тал нь алга болж одоо болтол эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байгаа хэргийн эд мөрийн баримт байж болзошгүй гэж үзэн шалгахаар болсон гэнэ. Энэ талаар МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн өнөөдөр хийх хэвлэлийн бага хурлын үеэрээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)