“Их хурд” долдугаар сард эхэлнэ

“Формула-1”-ийн багууд дөрвөн сар амарсны эцэст уралдааны замдаа долдугаар сард эргэн ирж, тун шахуу хуваарьтай есдүгээр сар хүртэл “хөдөлмөрлөх” боллоо. “Формула-1” уралдааныг зохион байгуулагчид 2020 оны улирлын эхний найман уралдааны хуваарийг танилцуулав. Бүх уралдаан Европт, үзэгчгүй болохоос гадна багийн ажилтнууд эрүүл мэндийн зөвлөгөөг ягштал дагаж мөрдөх ёстой. Дэлхийн аваргын тэмцээний эхний гараа долдугаар сарын 3-нд Австрийн Шпильберг хотод болж, сүүлчийн буюу “Италийн гран при” есдүгээр сарын 6-нд Монцад болно. Багууд дараа нь Сингапур руу нисэх ёстой ч эл төлөвлөгөө биелэх, эсэх нь бүрхэг байна. Гэхдээ “Формула-1”-ийн удирдлага энэ жил 15-18 уралдаан зохион байгуулах бодолтой гэдгээ илэрхийлж буй.

Шинэчилсэн хуваарийг харвал “Австрийн гран при” болсон “Ред булл ринг” авто тойруулгад долоо хоногийн дараа явагдах “Штирийн гран при” сонирхол татаж байна. Мөн Английн Силверстоунд наймдугаар сарын 2, 9-нд дараалж хоёр уралдаан явагдана. Энэ нь багуудыг нэг хотод үлдэж, коронавирусийн дараах Европоор аялж эрсдэл үүсгэхээс сэргийлэх арга аж.

“Ред булл” багийн хэвлэлийн мэдээнээс үзвэл “Формула-1”-ийн эл улирал гурван түүхэн үйл явдлаар эхэлж байгаа аж. Тухайлбал, Шпильбергт анх удаа “Гран при” уралдаан болж, нэг авто тойруулгад хоёр долоо хоног дараалж уралдаан явагдаж, мөн “Формула-1”-ийн уралдаан түүхэндээ анх удаа үзэгчгүй болох юм. Одоогоор хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажиллах талаарх заавар гараагүй байгаа ч нисгэгч нартай уулзахыг хориглох нь бараг тодорхой биз ээ.“Формула-1”-ийнхэн коронавирусээс ихээхэн айж буй. Австралийн Мельбурн хотод багийн зарим гишүүний шинжилгээ эерэг гарсны улмаас гуравдугаар сард “Австралийн гран при” цуцлагдсаныг бүгд сайн санаж буй. Тийм учраас уралдааны үеэр ажиллах бүх хүн урьдчилж “Ковид-19”-ийн шинжилгээ өгөх ёстой төдийгүй уралдаан болох өдрүүдэд ч давтан шинжилгээ өгөх аж. Техникийн албаныхны тоог байж болох хамгийн бага хэмжээнд байлгах бол механикуудыг тусгай бокст суулгаж, бусадтай аль болох харилцахгүй байхыг шаардана. Уралдаан болох хотуудын хооронд аялахад энгийн нислэг, нийтийн тээвэр ашиглахыг хориглож, автодром дээр хоорондын зай барих шаардлагыг хүн бүхэн ягштал биелүүлэх ёстой гэнэ. Үүнтэй холбоотойгоор шагналын ажиллагааны журам өөрчлөгдөх бололтой. Британид ирж буй бүх хүнийг хоёр долоо хоног тусгаарлалтанд байлгах шийдвэр гаргасны улмаас “Британийн гран при” цуцлагдах эрсдэлтэй байсан ч Ерөнхий сайд Б.Жонсон авто спортыг дэмжиж, улсад нь болох хоёр уралдаанд оролцохоор ирэх бүх хүнийг авто тойруулга болон эргэн тойрны байрлалд нь тусгаарлалтад орохыг зөвшөөрсөн байна. Түүнчлэн “Формула-2”, “Формула-3” уралдаан зэрэг эхлэх бөгөөд тэмцээний хуваарь нь “Формула-1”-тэй ижил байх юм. Ингэснээр оролцогчдын тоо нэмэгдэхээс гадна зохион байгуулалтын зардлыг тодорхой хэмжээгээр хэмнэх давуу талтай ажээ.

2020 оны улирлын эхний хагасын хуваарь

Бэлтгэсэн:Н.Баяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)