”Их хотын хямдралыг олж харсангүй дээ”

Нийслэлийн төв болох Чингисийн талбайд нийслэлчүүд олноороо цугларчээ. Сүүлийн жилүүдэд нүүрлээд буй эдийн засгийн хямралаас шалтгаалан иргэдийн гар дээрх бэлэн мөнгө багасч, худалдааны салбарт эргэлдэх мөнгөний хэмжээ 20 гаруй тэрбум төгрөгөөр буурсан өнөө үед үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ олонд сурталчилж, борлуулалтаа нэмэгдүүлэх үүднээс агуулах чөлөөлөх худалдаа, зад хямдрал явагдах байх гэсэн хүлээлттэй иргэд ийнхүү цугласан байв.

Гэтэл хүлээсэн шиг нь зад хямдрал явагдсангүй. 70 хувь хүртэлх хямдрал зарлана хэмээн рекламдаад байсан бараа бүтээгдэхүүнүүд угтаа 10-20 хувь л хямдарсан байх жишээтэй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдааны цар хүрээ улам өргөжин тэлж байгаа талаар зохион байгуулагчид ярьж буй. Өнгөрсөн жилийн хувьд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, нийтдээ нэг тэрбум гаруй төгрөгийн худалдан авалт хийсэн бол энэ жил 100 орчим аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа аж. Ингээд аж ахуйн нэгжүүдийн сэтгэгдлийг сонслоо.

“АПУ” компанийн Сүүний бизнесийн газрын маркетингийн менежер Г.Мөнхболд

-“Нийслэлийн өдөр”-өөр зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд жил бүр идэвхтэй оролцдог. Жил ирэх тусам үйл ажиллагааны цар хүрээ улам өргөжиж, зах зээл дээр гаргасан шинэ бүтээгдэхүүнүүдээ олон нийтийн сурталчлах, амтлуулах, хэрэглээнд нь хэвшүүлэх ажлыг хийдэг.

Мөн энэхүү өдөрлөгөөр манай компанийн хувьд мэдээжийн хэрэг ашигтай ажилладаг. Энэ нь юугаар илэрдэг вэ гэхээр олон хэрэглэгч манай бүтээгдэхүүнийг мэддэг болж, өдөр тутамдаа хэрэглэж байна. Тиймээс бид “Их хотын хямдрал” худалдааг маш зөв, үр дүнтэй ажиллагаа гэж боддог. Энэ жилийн хувьд “Дээж” бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж, 20 хувийн хямдрал зарласан. Үйлдвэрийнхээ үнээр худалдаалж байгаа гэсэн үг. Үүнээс гадна 15 цагаас “Happy hour” гэсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэ нь таван мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн хүн бүрт “Дээж” таргийг үнэгүй бэлэг болгож өгсөн.

“Ави” хувиараа эрхлэх аж ахуйн борлуулагч Г.Бямбатогтох

-Бид жил бүр энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцдог. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилүүдийнхээс ялгарах онцлог гэвэл иргэдийн худалдан авах чадвар муудсан нь ажиглагдаж байна. Тэрнээс биш зохион байгуулалт сайтай, иргэдийн оролцоо ч сайжирсан байна.

Өнгөрсөн жилийн хувьд 7-8 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулж байсан. Харин энэ жилийн хувьд бүх бараагаа үйлдвэрийн үнээр буюу 15 мянган төгрөгийн савхин бээлийг 10 мянган төгрөгөөр худалдаалж байна. Үр дүнгийн хувьд аж ахуйн нэгжүүд ч бараа бүтээгдэхүүнээ борлуулаад, иргэд ч хямдралтай үнээр худалдаж авч байна. Аль аль талдаа л ашигтай ажиллаж байна даа.

“Боса импекс” компанийн Сүхбаатар дүүрэг дэх салбарын борлуулагч Б.Буянтогтох

-Өнгөрсөн жилүүдийнхээс иргэдийн оролцоо эрс нэмэгдсэн нь ажиглагдаж байна. Аж ахуйн нэгжүүд ч нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилд 5-6 сая төгрөгийн худалдаа хийсэн.

Гэхдээ ашиг гэхээсээ илүүтэйгээр бараа бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг сайн хийж байх шиг байна. Иргэдийн худалдан авалт ч сайтай байна.

Мөн энэ үеэр иргэдийн санал сэтгэгдлийг сонссон юм.

Чингэлтэй дүүргийн иргэн Н.Гантөмөр – Их хотын хямдралыг олж харсангүй дээ. Зурагт, радиогоор 30-70 хувь хүртэл яхмдарлаа гээд л сурталчлаад байсан хэрнээ яг ирэхээр 10 хувь, цаашлаад 20 хүртэлх хувиар л хямдарсан байна. Нийслэлийнхээ ойгоор хямдарвал хямдарсан шиг хямдрах хэрэгтэй шүү дээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал нүүрлээд иргэд аль болох хямд бараа бүтээгдэхүүнийг илүүтэйгээр худалдаж авах болсныг мэдэж баймаар юм даа.

Сонгинохайрхан дүүргийн иргэн У.Учрал – Ихэнх бараа бүтээгдэхүүн 10 хувь л хямдарсан байна. Ихэнх нь хоол хүнс байх шиг байна. 3000 төгрөгийн бараа хямдраад 2700 төгрөг болсон байх жишээтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)