“Их хотын бүсгүй”-чүүдийг шалгаруулав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Их хотын бүсгүйчүүд-2019” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. “Их хотын бүсгүй”-гээр энэ жил нийслэл хотынхоо гудамж, талбайг цэвэр цэмцгэр байлгахаар тууштай ажиллаж буй Д.Түмэнжаргал, хүндээр өвдсөн, тусламж шаардлагатай 400 гаруй хүүхдийг эмчлүүлэх аян өрнүүлсэн С.Нямсүрэн, найман хүүхэд төрүүлж, өсгөж буй 36 настай Ө.Өрнөхбилэг нарын есөн эмэгтэйг шалгаруулсан байна. Ө.Өрнөхбилэг удахгүй ес дэх хүүхдээ өлгийдөх аж.

Арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэлээ хөгжүүлэхийн тулд хүний хөгжил, хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэсэн ажилд анхаарал хандуулах ёстой. Хүний хөгжлийг, Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст боловсрол мэдлэг, ёс суртахууны хүмүүжлийг олгоход ямар ч тохиолдолд материаллаг эд зүйлс, дэд бүтцийн хөгжлийн бодлогоос хойш тавих ёсгүй. Энэ асуудалд эмэгтэйчүүд, эхчүүд та бүхний дуу хоолой, сэтгэл зүтгэл, анхаарал, оролцоо чухал. Түүнчлэн эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг гарч болзошгүй хүчирхийллийг таслан зогсоох, өсвөр үеийнхнийг элдэв муу зуршилд холбогдохоос урьдчилсан сэргийлэх, үндэсний өв, түүх соёлоороо бахархах төлөвшлийг бий болгох зөв дадлыг төлөвшүүлэхэд илүүтэй анхаарч ажиллана” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)