Их сургуулийн цогцолбор хотхоны А, Б байрыг ашиглалтад орууллаа

АШУҮИС Монголд анх удаа цогцолбор хотхон барьж буй. Үүнээс Анагаах ухаан, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн хичээлийн байр, Уламжлалт анагаах ухааны 62 ортой эмнэлгийг барьж дуусган, өчигдөр нээв. Тус сургуулийн захирал Ж.Цолмон “1942 онд МУИС Хүн эмнэлгийн факультет нээснээр 76 жилийн түүхтэй АШУҮИС-ийн суурь тавигдсан гэж үздэг. 

Өнгөрсөн хугацаанд бид Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 90 гаруй хувийг бэлтгэжээ. 1954 онд манай сургуулийн төв байрыг ашиглалтад оруулсан бол 1986 онд Сувилахуй, 2010 онд Нүүр, ам судлал, 2014 онд Эм зүйн тусдаа сургуультай болсон. Тэгвэл өнөөдөр их сургуулийн цогцолбор хотхоны А, Б байрыг ашиглалтад орууллаа.

Ингэснээр 900 гаруй багш, ажилтан, 12 000 оюутан суралцагч нарт өсөж, хөгжих шинэ орчин бүрдэж байна. Сүүлийн үеийн техник төхөөрөмжөөр тоноглосон Уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь рашаан сувилал, шавар, зүү төөнүүр, бариа заслын чиглэлээр жилд 110 000 гаруй хүнд II шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой” гэж ярив.

Япон Улсын Засгийн газар манайд 170 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, их сургуулийн цогцолбор хотхон барьж өгч буй бөгөөд эхний ээлжийг нь ашиглалтад оруулж байгаа нь энэ. Ингэснээр АШУҮИС-ийн оюутнууд бааз эмнэлэгтээ дадлага хийж, чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэх юм. 

Үүнээс гадна багш, ажилтнуудын орон сууц, оюутны байр, Монгол, Японы сургалтын эмнэлгийг Ботаникт барьж байна. Япон менежмент нэвтрүүлсэн тус эмнэлэгт иргэд олон улсын жишигт нийцсэн тусламж, үйлчилгээ авах боломжтой. Их сургуулийн цогцолбор хотхоныг бүрэн ашиглалтад оруулсны дараа хотын төвийн замын түгжрэл ч тодорхой хэмжээнд буурна гэдгийг албаны хүмүүс хэлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)