”Их сунгаа”-нд ӨРСӨЛДӨГЧИД

  Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах ажил ид өрнөж байна. Хөрөнгө оруулж, хамтрах сонирхолтой уул уурхайн компаниудаас энэ сарын эхний өдөр материал хүлээн авч дууссан. Үндэсний “Energy Resources” болон Хятадын “China Shenhua Energy”, Японы “Sumitomo” компанийн хамтарсан консорциум болон АНУ-ын “Peabody Energy” корпорац саналаа хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Эдийн засагт үзүүлэх нөлөөгөөрөө “Оюутолгой”-той эн тэнцүү үнэлэгдэх, унаж буй эдийн засгийг уяж тогтоох гогцоо хэмээн дотоод, гадаадын шинжээчдийн тодотгож буй эл төсөлд хэн бидэнтэй хамтрах хүсэлтэй байгааг тоймлон танилцуулъя.

“PEABODY ENERGY”

Тавантолгойн төлөө бүр анхнаас нь буюу 2008 оноос хойш тууштай хөөцөлдөж байгаа гурван компанийн нэг нь Америкийн “Peabody Energy”. Дэлхийн нүүрсний хамгийн том компани гэх эрэмбэ тэднийх. Хятад, Австрали, Герман, Их Британи, Индонез, Энэтхэг, Сингапур болон АНУ гээд дэлхийг хэрсэн аварга сүлжээ бүхий том корпорац. Америкийн эрчим хүчний 10, дэлхийн хоёр хувийг хангахуйц хэмжээний нүүрсийг “Peabody Energy” олборлодог гээд бодохоор хэр том компани вэ гэдэг нь төвөггүй мэдэгдэж байна уу. Өнгөрсөн жил 251.7 сая тонн нүүрс борлуулсан. 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар ойролцоогоор найман тэрбум тонн нүүрсний батлагдсан нөөцтэй нийт 28 уурхайн хяналтын багцыг эзэмшиж байгаа тухай “Wikipedia”-гийн цахим хуудсанд тэмдэглэжээ. Эдний мэдлийн нүүрснийх нь нөөцийг авч үзвэл дэлхийн хэмжээний манай Тавантолгойтой эн тэнцэх үзүүлэлт юм. “Fortune” сэтгүүлээс зарласан дэлхийн шилдэг 500 компанийн жагсаалтад 315 дугаарт эрэмбэлэгдсэн “Peabody Energy” байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хамгийн бага үнэлгээг авчээ.

“Peabody Energy”-гийн зах зээлийн үнэлгээг сонжъё гэвэл Нью-Йоркийн хөрөнгийн биржээс BTU кодоор хайгаарай. Биржийн өчигдрийн арилжаагаар ханш нь 5.34 хувиар дээшилж, 8.68 ам.долларын түвшинд хүрчээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд нэгж хувьцаа нь 21.28 ам.долларт хүрч, амжилт үзүүлж байжээ. “Peabody Energy” компани Монгол дахь Төлөөлөгчийн газраа 2007 онд нээн ажиллаж буй. Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу эл тендер “Mongolian mining corporation” буюу түүнтэй хамтарсан консорциумд ашигтай гэдэг нь илхэн харагдаж байхад найдвараа гээлгүй сонгон шалгаруулалтад оролцож байгаа нь “Peabody Energy”-д том “хөзөр” бий гэдгийг гэрчилнэ.

“CHINA SHENHUA ENERGY”

Хятадын төрийн өмчийн “China Shenhua Energy”-гийн хувьд Тавантолгойн тендер анх яригдаж эхлэх үед хүчтэй оролцогчдын нэг байлаа. Монголын Засгийн газрын зүгээс угтуулан тавьсан нөхцөл болох нүүрс тээвэрлэх төмөр зам, далайн боомт, урьдчилгаа төлбөр, транзит тээвэр, боловсруулах үйлдвэр, шилдэг технологи сэлт нь тэдэнд цөм бий. Хятадын нүүрс буюу нурмаг ачаа тээврийн хоёр дахь том боомт “Хуанхуа” тэднийх. Нүүрснээс гадна тээвэр, эрчим хүч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ компани 75000 ажилтантай гэнэ. “SUMITOMO” Тавантолгойн тендер яригдсан эхний жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэлийн туршлагагүй хэмээн адлагдах шахам байсан Япон, Солонгосын компаниудаас яг одоогоор үлдээд байгаа нь ердөө “Sumitomo”. Хөрөнгө бэл сайтай, коксжих нүүрсний хэрэглээ асар өндөртэй эдгээр орны хувьд уул уурхайн баялаг туршлагатай компанитай нэгдвэл тендерт тодорч харагдах боломж бий гэдгийг шинжээчид сануулж ирсэн. Энэ гаргалгаа биеллээ олж, өнөөдөр тэд Монгол, Хятадын компаниудтай нэгдэн Тавантолгойн төлөө өрсөлдөж байна. Австралийн Күинслэндэд “Rolleston” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Sumitomo” корпорацын өнгөрсөн санхүүгийн жилийн нийт орлого 32.16 тэрбум ам.доллараар хэмжигджээ. Түүнээс ашиг нь 2.16 тэрбум ам.доллар.

“ENERGY RESOURCES”

Түүхэнд Засгийн газрын 268 дугаар тогтоол хэмээн тэмдэглэгдэн үлдэх тогтоолд “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч компанийн 51-ээс багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх” хэмээн заасан нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining corporation”-ы хувьцааны ханшид эергээр нөлөөлж байв. Эх орондоо “Energy Resources” нэрээр танигдсан компанийн “толгой” “Mongolian mining corporation” нь Хонконгийн хөрөнгийн биржид 2010 онд IPO хийсэн билээ. Засгийн газар 268 дугаар тогтоолыг гаргаснаас хойш Хонконгийн хөрөнгийн биржид хувьцааных нь ханш 0.68 хонконг доллар хүрч дээшилжээ. Харин өчигдрийн байдлаар өмнөх өдрөөс 7.6 хувиар хямдарч, нэгж нь 0.36 хонконг доллараар үнэлэгдэж байна. Тавантолгойн Ухаахудагийн уурхайд 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулан, 18 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай цахилгаан станц, усан хангамжийн систем, хүнд даацын авто зам, баяжуулах үйлдвэр зэргийг байгуулсан Монголын уул уурхайн тэргүүний компаниудын нэг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.3 сая тонн нүүрс олборлож, 3.1 сая тонныг нь экспортлон 192 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ.

Б.ЦЭЦЭГСҮРЭН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)