Их нүүдэл саарсан уу

Улаанбаатар хотод зочилсон ӨМӨЗО-ы нэгэн иргэн авто зам дээр түгжирч суухдаа “Танай монголчууд хүн амаа гурван сая гэж буруу тоолсон байх” хэмээсэн тухай хошин ч юм шиг, үнэн ч юм шиг яриа бий. Үнэхээр л Улаанбаатар хотын авто замын түгжрэл, хүүхдээ цэцэрлэгт хүмүүжүүлэх гэж аз, эзийг нь “шалгадаг” зэргээс харахад хэт олон хүн амтай, газар нутагтаа багтаж шингэх зайгүй болсон улс орон шиг харагдана. Зуны хоёр сард амралт зугаалгын үеэр түр амсхийх Улаанбаатарын амьдрал наймдугаар сарын дундаас дахиад л бужигнадаг.

2018 оны тоон мэдээгээр Улаанбаатар хотод 1 444 669 иргэн бий. Энэ бол зөвхөн бичиг баримт дээр “Улаанбаатарынх” гэсэн тодорхой хаягтай иргэдийн тоо. Нийслэлийн Улсын бүртгэлийн газрынхан өнгөрсөн зургадугаар сард Бичиг баримтын зөрчил арилгах сарын аян өрнүүлжээ. Энэ хүрээнд есөн дүүргийн хэмжээнд 1434 иргэн бичиг баримтгүй байсныг тогтоосон аж. Мөн жил бүр 150 мянга гаруй оюутан нийслэлд суралцдаг гэсэн тоо бий. Тэдний талаас илүү хувь нь хөдөө орон нутгаас ирдэг. Мөн оюутан хүүхдэдээ бараа болохоор таван малаа худалдаж, хот руу “хөврөх” хөгшид, улс орны хөгжил бараадан их, дээд сургуулиа дүүргээд нийслэлдээ “шингэсээр” Улаанбаатар хоҮүнийг зогсоох, өөрөөр хэлбэл, орон нутгаас шилжин ирэгсдийн тоог бууруулахаар нийслэлийн удирдлага тодорхой арга хэмжээг үе үе авдаг. Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сарын 9-нд нийслэлийн Засаг даргын захирамжаар хөдөө орон нутгийн иргэд Улаанбаатарт шилжин ирэхийг түр хориглосон билээ. 

Мөн тус оны арванхоёрдугаар сарын 27-нд дээрх захирамжийн нэгдүгээр зүйлд өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай, Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан, албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүлээс бусад тохиолдолд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1 хүртэл түр зогсоосон юм. Гэтэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд дээрх захирамжийг цуцалсан тухай нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэлийн хэлтсийн дарга Б.Байгалмаа хэлэв. Тэрбээр “2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэрэгжүүлж эхэлснээр шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох тухай захирамж хүчингүй болсон. Тиймээс шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн үргэлжилж байна” гэв. 

Орон нутгаас нийслэлд ирж, Баянгол дүүрэгт хашаа, байшин худалдан авсан нэгэн иргэн өнгөрсөн долоо хоногт хаягийн бүртгэлээ хийлгэж чадаагүй талаараа гомдоллож байв. Нийслэлийн Засаг даргын захирамжид дурдсанаар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шилжилт хөдөлгөөнийг түр хорьсон. Тиймээс дээрх иргэн нь байшингийнхаа халаалтыг цахилгаанаар бүрэн шийдээд ч тус болоогүй аж. Нийслэл, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийнхэн дээрх захирамж цуцлагдсаныг мэдэж буй ч ирэх жил сонгууль болох гэж байгаа тул “царцааны нүүдэл” идэвхжихээс сэргийлж, хүчингүй болсон захирамж баримталж суугаа гэдэг яриа ч чих дэлссэн юм.

Улаанбаатарт хүн амын хэт төвлөрөл үүссэнээс олон асуудал шил дараалан гарч ирсэн тул ингээд ч болов хэсэг торгоож буй нь буруу биш ч юм шиг. Гэхдээ л бодит байдалд шилжилт хөдөлгөөнийг хазаарлаж чадаж байгаа болов уу.

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын тоон мэдээнээс харахад дээрх захирамж үр дүнгээ өгч, нийслэл рүү шилжин ирэгсдийн тоо эрс цөөрчээ. Тухайлбал, 2014 онд орон нутгаас Улаанбаатар луу 36 825 иргэн шилжин ирсэн бол 2016 онд 25 245 байжээ. Харин захирамж гарсан жил буюу 2017 онд 9949 болж эрс буурсан. Өнгөрсөн онд 6441 хүн Улаанбаатар хотын иргэн болжээ. Үүнээс үзэхэд жилд 30-40 мянган иргэн нийслэлийг бараадах болсон нь таван жилийн өмнөхөөс даруй гурав дахин буурсан гэх сайн мэдээг харж болохоор.

Нэгэн жишээ дурдъя. Аймгийн төвдөө ажиллаж, хоёр идэхгүй, хоосон хонохгүйн жишгээр амьдарч байсан залуу хос илүү орлоготой болж, олны хөлд ойртож, амьдралаа шинээр эхлүүлэхээр шийдсэн нь Улаанбаатар хотыг зорих шалтгаан болов. Мөн бага насны хоёр хүүхдээ хөгжиж буй газарт өсгөх гэсэн давхар зорилго ч агуулж байсан нь мэдээж. Ингээд хашаа хатгах зайгүй болтлоо шавааралдсан “Их хүрээнд” хотын айл болохоор зорьж ирсэн тэд Сонгинохайрхан дүүрэгт хамаатныхаа айлын хашаанд гэр бариад амьдрахаас өөр аргагүй болов. Найман нэрийн дэлгүүр түрээслэн ажиллуулж эхэлсэн тэдэнд Улаанбаатар хотын иргэн болж, шилжүүлэг хийлгэх зайлшгүй шаардлага тулгарсангүй. Мэдээж хотын даргын захирамжаас болж шилжүүлэг хийлгээгүйгээс хүүхдүүд нь улсын цэцэрлэг “бараадаж” чадаагүй тул тэднийгээ хувийн цэцэрлэгт сургаснаар асуудлаа шийдэж чаджээ. “Ингэж байтал 2020 он гарч, мөд “хөл хорио” тавигдахаар шилжүүлгээ хийлгэнэ. Хүүхдүүд ч сургуульд орох боллоо” хэмээн тэр гэр бүлийнхэн ярьж сууна.

Мөн орон нутагт тийм ч хэрэгтэй, эрэлттэй мэргэжлээр төгсөөгүй нэгэнд Улаанбаатар хотод ажиллахаас өөр арга үлдсэнгүй. Байр түрээслэн, ажил хийж явсаар даруй таван жил болжээ. Мөн л Улаанбаатар хотын иргэн байх зайлшгүй шаардлага тулгараагүй тул өдий хүртэл орон нутагт харьяалагддаг аж.

Орон нутгаас шилжин ирэгсэд ихэвчлэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт төвлөрдгийг албаныхан хэлдэг. Тиймдээ ч хүн амынхаа тоогоор дээрх хоёр дүүрэг манлайлдаг гэж хэлэхэд болно. Сонгинохайрхан дүүрэг гэхэд л жил ирэх тусам хүн амын тоо нь нэмэгдсээр өдгөө 321 150-д хүрчээ. Энэ нь таван жилийн өмнөхөөс 45 мянгаар өссөн дүн юм. Тиймдээ ч тус дүүрэг 43 хороотой болоод буй. Үүнээс харахад Улаанбаатар хотын хүн амын тоо дээрх цаасан дээрх бүртгэлээс хол зөрүүтэй байгааг илтгэх мэт.

Дээр дурдсан шиг Улаанбаатар хотод амьдарч буй иргэн олон. Гэтэл цаасан дээрх захирамж, тоон үзүүлэлтээ барьж баярлаж суусаар л байна, манай дарга нар.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)