Их зохиолч Д.Нацагдоржийн гэр музей, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ

Энэ жил их зохиолч Д.Нацагдорж мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд урлаг, соёл, хэл шинжлэлийн салбарынхан олон арга хэмжээ зохион байгуулж буй. Тэгвэл ШУА-иас түүний амьдрал, уран бүтээлийн талаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-нд Төв аймагт хийх аж. Хуралд Монгол, Орос, Хятадын 10 гаруй эрдэмтэн Д.Нацагдоржийн урлаг, уран зохиол, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр, уран бүтээлийн талаар хэлэлцэнэ. Мөн Төв аймгийн Баяндэлгэр суманд гэр музей байгуулан, аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

Сүүлийн жилүүдэд зохиолчийг судлах эрдэмтэд олширч, түүний амьдрал, уран бүтээлийн тухай шинэ баримтыг олон нийтэд дэлгэх гэж байна. Тухайлбал, зохиолчтой хамт 1927-1929 онд Ленинградад сурч байсан Н.Өлзийбатын хувийн цуглуулгыг олжээ. Үүнд зохиолч 1930-аад оны үед авахуулсан гэрэл зургууд байжээ. Тиймээс уг цуглуулыг энэ сарын 18-нд Үндэсний музейд олны хүртээл болгох юм. Түүнчлэн Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Цэдэвийн “Д.Нацагдорж судлалын товчоон” номын нээлт энэ сарын 18-нд Хүүхдийн төв номын санд болно.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)