Их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх хэвээрээ юү

Их сургуулиуд

Үе үеийн Засгийн газар, УИХ-д суудалтай, суудалгүй намууд мөрийн хөтөлбөрөө эргээд нэг харчихна биз. Сонгууль болгоны өмнө ард түмний чихэнд цэцэг ургуулж, оюутан, залуусын саналыг авах гэсэн мөнхийн амлалт тань биелээгүй, мөнөөх анхны хэвээрээ цаасан дээр дурайн байна. Энэ амлалтыг Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний цогц хөгжлийн бодлогод тусгасан гэхээр уншигчид гадарлаж магад. Их, дээд сургуулиудыг хотоос гаргаж, хотхон байгуулж, цогцоор хөгжүүлэх мастер төлөвлөгөөний талаар эргэн сануулах гэсэн юм. 

Аль 2003 оноос энэ тухай олонтоо ярьж, удаа дараа тогтоол шийдвэр, захирамж гаргасан ч өнөөдрийг болтол биеллээ олоогүй байна. Холыг харж, томоохон зорилт тавьсан ч хэрэгжүүлэх тал дээр бүхий л цаг үед учир дутагдалтай байлаа, улстөрчид. 2006-2015 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мастер төлөвлөгөө хэрэгжээгүйг бид мэднэ. Үндэсний тэргүүлэх мэргэжилтнийг төрийн бодлогоор дэмжих, эрх зүйн орчныг бүрдүүлж, авьяас чадварыг хөхиүлэн дэмжих зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ, их сургуулийн бие даасан байдал, академик эрх чөлөөг баталгаажуулж, шинжлэх ухааны чадавхыг дээшлүүлэхэд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлнэ, оюутнуудад зориулсан байр, хотхоныг цогц хэлбэрээр хөгжүүлнэ гэж мастер төлөвлөгөөнд тодоос тод бичсэн байдаг. 

Харамсалтай нь, эл бодлогын бичиг баримт амьдралд тусгалаа олсонгүй. ШУТИС-ийн ректор асан Д.Бадарч их, дээд сургуулиудын хотхон байгуулж, хөгжүүлэх тухай анх санаачилж, ярьсан түүхтэй. Улмаар олон улсын “Найрамдал” зуслангийн ойролцоо 50 га газар авсан ч бүтээгүй. ШУТИС дангаараа хөөцөлдөөд бүтэлгүйтсэн учир бусад их, дээд сургуулийн удирдлагатай хамтрахаар болсон гэдэг. Улмаар Буянт-Ухаа орчим газар авсан ч төрийн дэмжлэггүй учир бас л алджээ.

2008-2012 онд их, дээд сургуулиудын хотхон байгуулж, хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ хэмээн Засгийн газар хөтөлбөртөө тусгасан. Үүний дагуу 2010 онд тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд их, дээд сургуулиудын хотхон байгуулах чиглэл өгч, 149 дүгээр тогтоол баталсан. Энэ дөрвөн жилд тодорхой ажил хийлгүй байсаар дараагийн Засгийн газрын нүүрийг үзсэн. 2012-2016 онд Засгийн газар “Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөр боловсруулсан. Их, дээд сургуулиудын хотхон байгуулах ажлыг түргэвчлэх, ТЭЗҮ болон хэсэгчилсэн төлөвлөгөө баталж, эхний ээлжийн байгууламжийг барьж эхлэх зорилт тавьсан. 

Энэ зорилт хэрэгжээгүйг бид бэлхнээ харж буй. Мөрөөдөл үүгээр дууссангүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн уул уурхайн их сургуулийг байгуулна хэмээн бас олон нийтийг хуурч сонгуулиар шоудаад өнгөрсөн удаатай. “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн сургууль байгуулах асуудал цаасан дээр л мөртэйгээс биш бодит байдалд ганц тоосго өрөөгүй билээ.

Энэ мэтээр их, дээд сургуулиудыг хотоос гаргаж, хотхоны зохион байгуулалтад оруулах Засгийн газрын 367, 56, 149 зэрэг маш олон тогтоол шийдвэр, хөтөлбөр гарсан ч бүгд хэрэгжээгүй юм. Үлгэр үүгээр дуусангүй. Багануур дүүрэгт их, дээд сургуулиудын хотхоныг байгуулах болсон. Улмаар ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг хэчнээн удаа өөрчилснийг хэлж мэдэхгүй юм. Салбарын сайд солигдох бүрт өөрчлөгдсөнийг л санаж байна. Тухайлбал, энэ ажлыг гардаж хийх, ажил хэрэг болгох даалгаврыг анх Ё.Отгонбаярт сайдад өгч байв. Тэрбээр Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа байгуулсан. 

Эл захиргаанаас хэд хэдэн аймагт их, дээд сургуулиудын хотхон барих газар авчээ. Тухайлбал, Дорнодыг Зүүн бүсийн сургалт үйлдвэрлэлийн төв болгохоор төлөвлөж, 100 га газар авсан ч өнөөг хүртэл ганц ч хүрз шороо асгаагүй. Ямартай ч энэ жил дэд бүтцэд холбох боломжтой 30 га газарт 400 сая төгрөг гарган ТЭЗҮ хийхээр болсон байна. БСШУСЯ болон аймгийн удирдлага ерөнхий төлөвлөгөө, зургийн даалгавар зэрэгт их л анхаарч буй сурагтай. Харин Ховдыг баруун бүсийн хөгжлийн төв болгон хөгжүүлнэ. 2014 онд 200 га газар авсан. Байр зүйн зураг, инженер геологийн судалгааг бага боловч хийж буй сурагтай. Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн уул уурхайн их сургууль байгуулахаар төлөвлөснийг дээр дурдсан. Өдгөө Орхон аймагт 50 га газар авсан бөгөөд ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө, зургийн даалгавар хийх том ажил урд нь байна. Үүний тулд БСШУСЯ, БХБЯ болон аймгийн Засаг дарга, “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга нар хамтран ажиллаж буй. Хөвсгөл аймаг руу татсан замын трасс уг 50 га буюу их сургууль байгуулах газартай давхацжээ. Тиймээс “Замын трассаа өөрчилж өгнө үү” хэмээн Орхоны Засаг даргад БСШУСЯ-наас хүсэлт хүргүүлсэн ч хариу өгөөгүй гэнэ.

Дархан-Уул аймагт техникийн чиглэлийн их, дээд сургуулийг цогцоор нь хөгжүүлнэ хэмээн төлөвлөсөн. Баримт бичигт ч тусгасан. Харамсалтай нь, бас л ажил хэрэг болсон нь үгүй. Их, дээд сургууль байгуулах газар ч үгүй байсныг бодоход энэ жил байдал нааштай эргэжээ. 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд их, дээд сургууль барихад зориулж 30 га газар олгохоор тусгажээ. “Төлөвлөгөөнд тусгасныг албажуулж өгнө үү” хэмээн Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанаас хүсэлт тавьсаар буй.

Энэ бүгдээс арай илүү урагштай “яваа” нь Багануур дүүрэгт их, дээд сургуулиудын хотхон байгуулах асуудал. Дээр дурдсанчлан Засгийн газрын 367 тоот тогтоолын дагуу тус газарт их, дээд сургуулиудын хотхон барихаар болсон. Төлөвлөгөөнд “Хотхоны нийт талбайн 20-иос доошгүй хувь нь ногоон байгууламж байна. Түүх, дурсгалын туурийг хэвээр хадгалж, аялал жуучлалын бүс байгуулна. Аюулгүй байдал хангасан хамгаалалтын иж бүрэн систем бий болгоно. Хими цэвэрлэгээний газар, гар утас худалдах, засах газар, үсчин, электрон хэрэгслийн төвүүд, банк санхүүгийн үйлчилгээ, соёлын төв, спорт танхим, орон сууц бүгдийг бүтээн байгуулна” гэж тусгасан. Товчхондоо 7.9 сая ам метр талбайд 61 өөр төрлийн барилга барина хэмээн олон нийтийг “хошгируулсан”. Гэхдээ эл газарт бусдыгаа бодвол хот байгуулалтын иж бүрэн судалгаа хийж, ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө гаргасан. ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөөг “Говь травэл” компани хийж гүйцэтгэжээ. Ингэхдээ АНУ-ын “Канон дизайн” компанийн зөвлөх багтай хамтарчээ. 

Улмаар УИХ-ын гишүүд, хотын удирдлага, хөндлөнгийн зөвлөх, экспертүүдийн найман удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, Засгийн газарт удаа дараа танилцуулсан аж. Бүгд л “Сайн төлөвлөгөө болжээ” гэснээс өөрийг хэлээгүй байна. Уг нь 149 дүгээр тогтоолд Багануурт их, дээд сургуулиудын хотхон байгуулах санхүүжилтийн талаар тодорхой тусгасан юм билээ. Жишээ нь, хичээлийн байр, лаборатори, эрдэм шинжилгээний хүрээлэн, номын сан, мэдээллийн төв, спорт танхим, дэд бүтцийн санхүүжилтийг төр бүрэн даана гэжээ. Мөн оюутны байрны 10 хувийг хариуцна. Нийтийн хоол, үсчин зэрэг бусад үйлчилгээний газрыг хувийн хэвшилд даатгана гэжээ. Энэ шийдвэрийн дагуу Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанаас олон газарт санал тавьсан аж. Эхний удаа урд хөршийнхөнд санал тавьжээ. Тэд “Саналыг хүлээн авч болно. Гэхдээ хариуд нь газрын хэвлийн ямар баялгаа өгөхөө бүрэн тохирох хэрэгтэй. Тэгвэл бид долоон жилийн дотор их, дээд сургуулиудын хотхон барина” гэсэн байна. 

Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа үүнийг бие дааж шийдэх эрхгүй учир энэ асуудал тэгсхийгээд мартагджээ. Дараа нь БНСУ-д санал тавьсан гэнэ. Тэд саналыг нааштайгаар хүлээн авбал их, дээд сургуулиудын хотхон дахь бүх үйлчилгээний талбайг “эзэгнэнэ” гэсэн байна. Бас л санал зөрөлдөж, хоосон хоцорчээ. Үүнээс гадна Сингапурын Засгийн газарт санал тавьсан гэдэг. Сингапурын Засгийн газраас Улаанбаатар хотын төв дэх их, дээд сургуулийн барилга байшин, газар хөрөнгийг барьцаалж хөрөнгө оруулна гэжээ. Энэ нь хууль зүйн боломжгүй тул бүтэлгүйтжээ. Хэдийгээр үе үеийн Засгийн газар энэ бүхнийг мөрийн хөтөлбөртөө тусгаж ирсэн ч ажил хэрэг болсон нь нэгээхэн ч үгүй. Тухайлбал, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа “Их, дээд сургуулиудын хотхон байгуулахад Засгийн газар бэлэн мөнгө өгөхгүй. Өөрсдөө хөрөнгө оруулагч ол, Засгийн газар баталгаа гаргана” хэмээсэн гэх.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газар хөрөнгө битгий хэл баталгаа ч гаргахгүй” гэж ширүүлсэн гэдэг. БСШУ-ын сайд Л.Гантөмөрийн үед концессын гэрээгээр эл асуудлыг шийдэх талаар ярьж байсан ч дараагийн сайд ирснээр асуудал магтагдсан аж. Өдгөө БСШУС-ын сайдын сэнтийд заларсан Ё.Баатарбилэг дахин ажлын хэсэг байгуулжээ. Ингэхдээ анх санаачилж байснаар нь эл ажлыг Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Д.Бадарчид даатгасан байна. Д.Бадарч доктор ЮНЕСКО дахь албаа өгч, эх орондоо ирээд удаагүй байгаа юм. Наадмын дараа байгуулсан эл ажлын хэсгийнхэн юу хийх, ямар шийдэлд хүрэхийг хүлээх л үлдлээ.

Ямартай ч Төрийн өмчийн хороо энэ жил дээрх дөрвөн аймаг, Багануур дүүрэг дэх газрыг улсын өмчид бүртгэн авчээ. Мөн БСШУСЯ-наас эл асуудлыг 2025 болон 2045 оны бодлого төлөвлөгөөнд тусгасан гэх мэдээлэл өгч байна. Гэсэн ч сонгогчид улстөрчдийн хоосон амлалтаас залхаж эхэлсэн бололтой. Ирэх жилийн сонгуульд өрсөлдөх намуудаас мөрийн хөтөлбөртөө энэ талаар тусгаж, оюутан залуус, тэдний ар гэрийнхнээр шоу хийхгүй байхыг олон нийт хүсэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)