ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БОСГО ОНООГ ТОГТООЛОО

2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог:

  • Төрийн өмчийн их, дээд сургуульд 480
  • Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410
  • Орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоожээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдын онлайн бүртгэлд нийт 30 мянга 882 шалгуулагч хамрагдснаас 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль төгсөх 28001 шалгуулагч, өмнөх оны төгсөгч 2881 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долдугаар сарын 02-05-ны хооронд зохион байгуулах бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй.

Боловсролын үнэлгээний төвөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн долоо хоногт нэг удаа шалгуулагчийн бүртгүүлсэн и-мэйл хаягаар ЭЕШ-ын зөвлөмж, мэдээллийг хүргэх аж.

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхдээ:

  • Шалгалтын даалгаварт зөвхөн арвахоёрдугаар ангид судалсан хичээлийн агуулга ордоггүй тул суралцагчид 10, 11 дүгээр ангийн “Теле” хичээлийг econtent.edu.mn цахим хуудсаар дамжуулан үзэж, мэдлэгээ бататгах, сэргээн санах;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдад зориулсан монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр БҮТ-өөс бэлтгэсэн "LIVE" хичээлийг өдөр бүр 11.00, 15.00 цагаас facebook.com/eec.mn/ цахим хуудсаар дамжуулан үзэх;
  • Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой бүхий л мэдээллүүд нэг дор байршуулсан help.eec.mn "Цахим зөвлөх" хуудсыг Боловсролын үнэлгээний төвөөс ажиллуулж байгаа бөгөөд суралцагчид өөрийн хүссэн асуултад хариулт авах;
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэн холбооны компаниудтай хамтран ажиллаж, БҮТ-өөс бэлтгэн гаргасан ЭЕШ-тай холбоотой бүх видео контентуудыг Юнивишний IPTV, LOOKTV болон Скаймедиа видеосанд байршуулсан байгаа тул шалгуулагчид үнэ төлбөргүйгээр үзэх;
  • Их, дээд сургуулийн бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум www.cmuc.edu.mn -аас лавлах боломжтой юм


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)