Их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь, Дорноговь аймагт ажиллаж, Тавантолгой, Оюутолгойн орд, газрын тосны үйлдвэр, нүүрс тээвэрлэх төмөр замын бүтээн байгуулалт, МАК-ийн цементийн үйлдвэртэй танилцлаа. Оюутолгойн ордын нөөцийн 80 хувь нь газрын гүнд оршдогийг судлаачид тогтоосон билээ. Үүнийг олборлохоор “Оюутолгой” компанийнхан 2016 онд далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм. Энэ ажлын хүрээнд 1-5 дугаар босоо амыг газрын гадаргаас доош 1300 метр гүний хооронд барьж дуусган, 2023 оноос хүдэр олборлож эхлэх төлөвлөгөөтэй. Өнгөрсөн онд 96 метр өндөр цамхагтай, гүний уурхай руу хүн, ачаа тээвэрлэн, ажилчдыг дээш гаргадаг эхний буюу үйлдвэрлэлийн босоо амыг ашиглалтад оруулжээ. Өдгөө хоёр ам барих ажил ид үргэлжилж байна. “Оюутолгой”-н ажилтнууд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 65 шахам хувийн гүйцэтгэлтэй явж буйг Шадар сайд Ө.Энхтүвшинд танилцууллаа.

ДАЛД УУРХАЙН ГҮНД  АГААРЖУУЛАЛТ САЙТАЙ БОЛЖЭЭ

Үйлдвэрлэлийн ам нь бүтээгдэхүүний, үйлдвэрлэлийн гэсэн хоёр өргүүртэй (цахилгаан шат) аж. Үйлчилгээний өргүүрээр нэг удаад 300 хүн тээвэрлэх боломжтой бөгөөд үүгээр дамжин 1300 метрийн гүний нөхцөл байдалтай бид танилцав. Тэнд хөндлөн 60 км урт ухаж малтан, туннель барьжээ. Ийм туннелийг 2203 км урттайгаар барьж гэмээнэ хүдрийг олборлох гэнэ. Мөн хоногт 95 мянган тонн чулуу бутлах хүчин чадалтай үйлдвэр барьж буй бөгөөд ажил нь 80 хувийн гүйцэтгэлтэй өрнөж байна. “Оюутолгой” компанийн барилгын инженерүүд “Хүдрийг өөрөө явагч машинаар тээвэрлэнэ. Тэгээд жижиг хэмжээтэй болтол нь бутлах юм. Үүний дараа дээш гаргаж, туузан дамжуулгаар тээвэрлэлтийн хэсэгт хүргэдэг” гэв. Туузан дамжуулга нь үйлдвэрлэлийн амнаас тээвэрлэлтийн хэсэг хүртэл 2.7 км үргэлжилдэг хоолой юм байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтад өдөрт 400-600 хүн ажилладаг аж. Гэнэтийн ослын үед ажилчид байрлах зөөврийн болон суурин хоргодох 30 гаруй байрыг тэнд бий болгожээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Бүтээн байгуулалтын ажил урагштай явж байна. Ажиллах орчин нөхцөлийг сайн хангажээ. Эхний гурван амыг ашиглалтад оруулж, хооронд нь холбосноор агааржуулалт сайн болсныг ажилчид ярьж байна. Мөн хоргодох байруудыг ойрхон байрлуулжээ. Ажил ид өрнөж буй энэ бүтээн байгуулалтыг Засгийн газар, УИХ-аас сайн дэмжиж ажиллах хэрэгтэй. 1300 метрийн гүнд жижиг суурин байгуулсан юм шиг санагдлаа. Бүтээн байгуулалтын ажил өдгөө 1256-1300 метрийн хооронд үргэлжилж байна” хэмээв. Ажил ийн урагштай явж буй ч коронавирусийн халдварын хөл хориотой холбоотойгоор зөвлөхүүд, мэргэжилтнүүд нь ирж чадахгүй, босоо амуудын ажил болон малтлага хийхэд удаашралтай байгаа аж.

Энэ талаар “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт “Цар тахал гарсантай холбоотойгоор 2020, 2021 онд төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалт, тухайлбал, гурав, дөрөвдүгээр амны барилгын ажилд зөвлөх гадаад дахь мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа. Тиймээс үлдсэн хоёр ам, налуу малтлагын ажил удааширсан. Мөн зарим тоног төхөөрөмжөө татаж чадахгүй байна. Гэхдээ сард ойролцоогоор найман км урт туннель барьж буй. 2023 он гэхэд бид гүний уурхайгаас хүдэр олборлож эхлэх юм. Бүх амны бүтээн байгуулалт дууссанаас хойш хоногт 95 мянган тонныг гаргана. Ажиллах хүч оруулж ирэх хүсэлтээ Шадар сайдад тавилаа” гэв.

Тус компани 2020 оны эхний улиралд ил уурхайгаас 35.2 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 23 хувиар буурчээ. Харин 26.2 мянган унци алт олборлосон нь 2019 оны мөн үеийнхээс 78 хувиар багассан үзүүлэлт гэнэ. Энэ нь зэсийн агууламж буурсантай холбоотойг ажилтнууд нь хэллээ. Оюутолгойн ил уурхайн тухайд 500 ажилчинтай, 300 тоннын даацтай 32 тээврийн хэрэгсэл, дөрвөн экскаватортайгаар ажиллаж байгаа аж. Тээврийн жолооч нар нь хилийн цаана хонохгүй, өдөртөө амжиж дотооддоо нэвтэрч буйг “Оюутолгой”-н удирдлага онцолсон юм. Коронавирусээс сэргийлэх хүрээнд ажилтнууд нь 1.5 метрээс багагүй зай баримтлан, хоолондоо орж, автобусаар зорчиж байлаа.

ӨДӨРТ 500 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА

Шадар сайд Тавантолгойн уурхайн нөхцөл байдалтай танилцсан юм. Тус ордод төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” болон хувийн хэвшлийн “Энержи ресурс”, “Тавантолгой” компани олборлолт явуулж буй. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 2020 онд Цанхийн зүүн, баруун хэсэгт үйл ажиллагаа явуулж, 18 сая тонн нүүрс олборлон, 2.1 их наяд төгрөгийн орлого олж, улсын төсөвт 522 тэрбум төгрөгийн татвар төлөх төлөвтэй байжээ. Гэвч коронавирусийн тархалтын улмаас нүүрсний экспорт эрс муудсан гэнэ. Өдөрт 1500 машин нүүрсийг хилээр гаргах боломжтой ч өдгөө 300-хан нь л Гашуунсухайтын боомтоор нэвтэрч байгааг ажилтан нь танилцууллаа. Тэрбээр “Манайх он гарснаас хойш 2.7 сая тонн нүүрсийг Цанхийн зүүн уурхайгаас олборлож, 2.4 саяыг нь экспортоллоо. Өнөөдрийн байдлаар 41 компанийн 2251 тээврийн хэрэгслээр нүүрс зөөж байна. Энэ жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл 23 хувьтай. Нүүрс тээвэрлэн хилээр гаргаад эргээд ирэхэд нэг жолооч 4.5 хоног зарцуулж буй. Энэ нь нүүрсний урт дараалал үүссэнтэй холбоотой. Тавантолгойн орд, Цагаанхадны хэсэгт нүүрсний нөөц хуримтлагдсан. Урд хөршийнхний худалдан авалт муу байгаа учир өдгөө нүүрс олборлохоо удаашруулж, хөрс хуулалтаа хийж байна” гэв. Тус уурхайгаас өдөрт дээд тал нь 1933 машин нүүрс гаргаж байсан удаа бий. 

Гэвч одоо “Эрдэнэс Тавантолгой”-н 300, “Энержи ресурс”, “Тавантолгой” компанийн 200 шахам машин БНХАУ руу нүүрс гаргаж буй гэнэ. УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал “Цаашид хилийн татан авалтаа сайжруулахын тулд Хятадын талтай ойр ойрхон ярилцах хэрэгтэй. Энэ хэвээр үргэлжилбэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 80 хувийн алдагдал хүлээх магадлалтай. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын талтай хэлэлцээ хийхэд коронавирусээс сэргийлэх ажлыг сайн зохион байгуулж, жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангавал нүүрс худалдан авахаас татгалзахгүй гэсэн. Өдөрт багадаа 1500 машин нүүрс экспортолж чадвал улсын төсвийн орлогоо бүрдүүлж чадах юм. Мөн нүүрс гаргах хилийн гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээв. Коронавирусээс сэргийлэх ажлын хүрээнд хилээр гарч буй жолоочид 100 гаруй мянган төгрөгийн үнэтэй хамгаалах хувцас, бээлий, ариутгагч, амны хаалт зэрэг багцыг хэрэглүүлж буй аж. Он гарснаас хойш Гашуунсухайтын боомтоор гарсан тээврийн хэрэгслүүдийн 60.7 хувь нь “Эрдэнэс Тавантолгой”, 39.3 нь “Энержи ресурс” болон “Тавантолгой” компанийнх аж. Энэ жил “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 357, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийнхэд 308.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Мөн тус компани уурхайгаасаа Цогтцэций сум хүртэлх 18 км хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөж, өдгөө сонгон шалгаруулалтын шатанд явж байгаа гэнэ. Тэд нүүрс баяжуулах үйлдвэрийн судалгааны ажил хийж буйг ажилтнууд нь танилцууллаа.

“ТЭЭВЭРЧДИЙН ХОТХОН”-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ

Ө.Энхтүвшин Шадар сайд жолооч нарын байрлаж, амрах зориулалттай хотхон барих ажил юу болж байгааг лавлалаа. Гашуунсухайтын боомтын наахна болон Тавантолгойн уурхайн орчимд жолооч нарын байрлаж, амрах зориулалттай хоёр цогцолбор барьж буй аж. Үүний нэг нь “Тээвэрчдийн хотхон” бөгөөд “Гандирс” компанийнхан барьж байсан ч санхүүжилт нь зогссоноос ажил урагшлахгүй болжээ. Зочид буудал, хоолны газар, авто зогсоол, халуун ус, үйлчилгээний төв, захиргаа, банк, эмнэлэг, жолооч нарын байр бүхий хотхоныг Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар барьж буй юм. “Тээвэрчдийн хотхон” төслийн ахлах нярав Д.Саранчимэг “Манайх барилгын материалаа аргалаад татаж, ажлаа зогсоохгүйн төлөө хичээж байна. Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа” гэв. Шадар сайд Ө.Энхтүвшин жолооч нар амарч, усанд орж, хооллох зориулалттай энэ хотхоны ажлыг урагшлуулах хэрэгтэйг онцоллоо. “Энержи ресурс” компани Тавантолгойн ордын нүүрсийг угааж, баяжуулан, сайн чанартай болгож, экспортолж буй юм. Тус компани жилд таван сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай, гурван модульд суурилсан үйлдвэрийг 2013 онд барьж, ашиглалтад оруулсан. Өдгөө 8-10 хувийн үнсжилттэй, экспортын коксжих нүүрсний баяжмал болон эрчим хүчний нүүрс үйлдвэрлэж буй аж. Мөн Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр шинээр барьж, ашиглалтад оруулснаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нарийн технологиор хаягдал лагийг шавхаж боловсруулдаг болсон нь усаа хэмнэх боломж бүрдүүлсэн гэнэ.

ТӨМӨР ЗАМЫН ДООД БҮТЦИЙН АЖИЛ 60 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ГЭВ

Зогсонги байдалд байсан Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам тавих ажлыг үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газар 2018 онд гаргасан билээ. Үүний дагуу “Тавантолгой төмөр зам” компани байгуулан, уг 240 км төмөр замын ажлыг хариуцуулсан юм. Одоогоор төмөр замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай байгааг “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал Шадар сайдад танилцууллаа. Тэрбээр “Төмөр замын доод бүтцийн ажлыг зургаан хэсэгт хуваан, мөн тооны компаниар засварыг нь гүйцэтгүүлж байна. Өмнө нь тавьсан суурьт 26 сая ам.долларын өртгөөр засах хэмжээний эвдрэл гэмтэл гарсныг тогтоосон. Санхүүжилт бүрэн шийдэгдээд байгаа. Замын ажил 28 сарын хугацаанд үргэлжлэх төлөвлөгөөтэй. Коронавирусээс үүдэлтэйгээр гурван сар сунгах, эсэхийг холбогдох байгууллагууд ярилцаж байна. Бид төмөр замын ТЭЗҮ-д тодотгол хийсэн. Үүний дагуу хоёр өртөө, зургаан зөрлөгтэй байхаар тогтлоо. Ачилтын тойрогт хоёр цагт 10 мянган тонн нүүрс ачих хүчин чадалтай бөгөөд зургаан цагийн дотор ийм хэмжээний нүүрсийг хилээр нэвтрүүлэх боломжтой. Энд барих ажилчдын орон сууц, сургууль, цэцэрлэг бүхий хотхоны санхүүжилт мөн шийдэгдсэн. Галт тэрэг Гашуунсухайт хүртэл аажмаар уруудах учир бензин хэмнэнэ гэж тооцсон. 2022 оны дөрөвдүгээр сард энэ ажлыг дуусгах төлөвлөгөөтэй” гэв. Эл бүтээн байгуулалтыг даган 1900 орчим байнгын ажлын байр бий болжээ. Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлд 414 км урт төмөр зам тавина. Үүний 50 км-ийг нь ашиглалтад оруулсныг бид мэдээлсэн. Мөн замын суурийн бүтцийг нь 200 км хэртэй “босгоод” буй аж.

1200 СТАНДАРТААС 19 НЬ Л МОНГОЛД БИЙ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Төсөл хэрэгжүүлэгч нь “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хувьцаат компани юм. Одоогоор ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж буй аж. Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар барих тус үйлдвэр нь технологийн 12 парк, цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих, буулгах хэсэг, агуулах, төмөр болон авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам, түүхий тос дамжуулах хоолойноос бүрдэх гэнэ. Өдгөө дэд бүтцийг нь барьж дуусгажээ. Газрын тосыг боловсруулснаар шингэрүүлсэн шатдаг хий, авто бензин, дизель, зуухны түлш гаргах юм. Үйлдвэрийн ажилд зөвлөх, хянах инженерүүд, зураг төслийн лиценз эзэмшигчид нь ч мөн коронавирусийн хөл хориотой холбоотойгоор ирж чадахгүй байгаа гэнэ. Нөгөөтээгүүр, Монголд анх удаа газрын тосны үйлдвэр барьж буй учир багагүй саадтай тулгарч буй аж. Тухайлбал, үүнийг барихад 1200 орчим стандарт баримтлах шаардлагатай гэнэ.

Гэвч 19 нь л Монголд бий юм билээ. Тиймээс холбогдох яамд хамтран үүнийг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан байна. Уг үйлдвэрийг даган ажилчдын хотхоныг Сайншандад барьж буй. Тодруулбал, 540 айлын орон сууц, үйлчилгээний байгууламжийг Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барих гэж буй боловч санхүүжилт нь асуудалтай байгаа аж. Тус компанид 20 хувийн урьдчилгаа өгсний гүйцэтгэлийг нь хийжээ. Цаашид барилгыг өөрсдийн хөрөнгөөр барьсных нь дараа санхүүжилт олгоно гэсэн бөгөөд тэд их хэмжээний хөрөнгө босгож чадахгүйгээ учирлав. Ирэх оны арваннэгдүгээр сард хотхоныг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй юм байна. Сайншандад 2008 онд 50 ортой эмнэлэг барьж эхэлсэн ч саяхан ашиглалтад оруулж, Улсын комисс урьдчилсан байдлаар танилцжээ. Энэ хугацаанд тус эмнэлгийн барилгын ажлыг хоёр ч удаа зогсоосон гэнэ. Шадар сайд мэргэжлийн байгууллагуудаар үүнийг сайн шалгуулж, баталгаатай тохиолдолд үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг анхаарууллаа. Шинэ эмнэлгийг 1.8 тэрбум төгрөгөөр анх төсөвлөсөн ч 10 жилийн хугацаанд зах зээл дэх бараа материалын үнэ, цалин хөлс өссөн учир 4.3 тэрбумаар босгожээ. Үүний зөрүүг улсын төсөвт суулгаж өгөхийг компанийн удирдлага болон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Энхцэцэг хүслээ.

Дараа нь “Мак евро цемент”-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Тус үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал В.Шагдарсүрэн “Манайх бүрэн хүчин чадлаараа ажиллаж, хоногт 3000-3500 тонн цемент үйлдвэрлэж байна. Үйлдвэрийн ажил гуравдугаар сараас эхэлдэг. Энэ жил хөл хориотой холбоотойгоор бараг дөрөвдүгээр сард эхэлсэн. Мөн тавдугаар сарын 11-14-нд Дорноговь-Чойрын чиглэлийн цахилгаан шугамд засвар хийсэн. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрээ зогсоосон. Ингээд 10 орчим хоног зогсооход зах зээл дэх цементийн эрэлт ихэссэн. Задгай цементийг тонныг нь 148 600, савласныгаа 155 мянган төгрөгөөр борлуулдаг. Улаанбаатар хот дахь 22-ын товчоо, Амгаланд цементээ тээвэрлэн хүргэхэд үнэ нь 20-30 мянгаар өсөж байна” гэв. Цементийг дамлан борлуулдаг хүмүүс үнийг нь хөөрөгдсөнийг энэ үеэр тодотголоо. Түүнчлэн БНХАУ-аас уут оруулж ирж, цемент хийн үйлдвэрүүдийн нэрээр борлуулдаг тохиолдол байдаг аж.Тус үйлдвэрийн тухайд түүхий эд болох шохой, шавар, зуух галлах нүүрсээ МАК-ийн эзэмшлийн уурхай, үйлдвэрүүдээсээ авдаг учир цементийн үнээ өсгөхгүй байх боломжтой гэнэ. Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, их бүтээн байгуулалтын ажилтай Шадар сайд Ө.Энхтүвшин танилцаж, тулгамдсан асуудлыг нь Засгийн газрын хуралдаанаар оруулж шийднэ гэв. Тэрбээр “Улс оронд сүүлийн 20, 30 жил хэрэгжүүлээгүй төсөл энэ Засгийн газрын үед биеллээ олж, их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Хэдхэн хоногийн дараа сонгууль болж, шинэ УИХ, Засгийн газар байгуулагдана. Энэ их бүтээн байгуулалтын ажлыг царцаахгүй, улс орны төлөө үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна” хэмээж байлаа.