Их Британийн хатан хааны унаа

Хатан хаан II Элизабет Их Британид жолооны үнэмлэхгүй ч автомашин жолоодох эрхтэй цорын ганц хүн гэнэ. Тэрбээр дэлхийн II дайны үед Их Британийн армид тусламж үзүүлдэг эмэгтэйчүүдийн цэргийн ангид алба хаах хугацаандаа машин жолоодож сурчээ. Хатан хааны автомашины цуглуулга хамгийн алдартай. Цуглуулгад нь зөвхөн түүнд зориулан үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн шилдэг хүлгүүд багтдаг. Тухайлбал, Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Бентли” компанийн 2002 онд буюу хатан хааны хаан ширээнд суусны 50 жилийн ойд зориулж тусгайлан бүтээсэн “Bentley state limosine” үүнд багтана.

Ердөө хоёрхон ширхгийг л үйлдвэрлэсэн энэхүү автомашин нь хатан хааны албан ёсны унаа бөгөөд уг хүлгийг олон нийтийн арга хэмжээ, баяр ёслолын үеэр хөлөглөдөг. Мөн түүнд “Ягуар лэнд ровер” компанийн “Land rover defender” загвар бий. Тэрбээр амьдралынхаа турш нийт 30 ширхэг “Land rover” автомашин эзэмшдэг байжээ. Түүнчлэн “Range rover LWB landaulet”, “Jaguar daimler V8 super LWB”, “Bentley bentayga” бий. Сонирхуулахад, худалдаанд гаргаад удаагүй “Bentley bentayga”-гийн анхны хэрэглэгч нь хатан хаан байсан гэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)