Их Британид нэг эмэгтэй “Brexit”-ээс болж амиа хорложээ

Их Британид 76 настай эмэгтэй тус улсыг Европын холбооноос гарна гэснээс болж амиа егүүтгэжээ. Энэ тухай Daily Mail сонин нас барсан эмэгтэйн нөхөр Питерын мэдүүлгийг дурдан мэдээлжээ. Питерын гэргийн Мари-Луиза Дэвис франц гаралтай ч Британид 50 гаруй жил амьдарчээ. Тэрээр энэ хавар гэрээсээ гараад ор сураггүй болсон аж. Түүний амьгүй болсон биеийг хэдэн хоногийн дараа олсон байна. Шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр эмэгтэй амиа хорлосон байж магадгүй аж. Эмэгтэй Их Британи улсын засгийн газар ямар ч нөхцөлд ЕХ-оос гарна гэсэн мэдэгдлийн дараа маш ихээр түгшүүрт автаж, Франц руу шилжих тухай ярих болжээ. Энэ нь түүний амиа хорлох шалтгаан болсон байж магадгүй талаар түүний нөхөр нь хэвлэлийнхэнд ярьсан байна. Их Британи ирэх аравдугаар сарын 31-нд ЕХ холбооноос гарах ёстой ч тус улсын парламент Засгийн газрынхаа Брюссельтэй хийсэн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас улс төрийн хямралд ороод байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд ЕХ Brexit-ийн хугацааг хойшлуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн ч Ерөнхий сайд Борис Жонсон Британийг гэрээтэй ч гэрээгүй ч Европын Холбоог хугацаандаа орхиж гарна гэдэг дээр тууштай зогссоор байгаа билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)