Ихэнх нутгаар бороо, НОЙТОН ЦАС орно

2018 оны тавдугаар сарын 22-ноос 29-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна. Энэ хугацаанд бороо нойтон цас орж, салхи шуурга шуурч, сэрүүсэх төлөвтэй байгааг ЦУОШГ-аас сэрэмжлүүллээ.

Баруун аймгуудын нутгаар: 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 23-нд Алтай уулсаар, 24-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 24-25нд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст бороо хур тунадас орно. Салхи зарим газраар 22,26-нд 12-14м/с, 24-25-нд 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 25-26нд эрс сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна ялангуяа 23-24, 28-нд Дархадын хотгор болон уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 22-23нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар, 27-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 22-24нд зарим газраар 9-14м/с, 25-26-нд ихэнх нутгаар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 22,26,27-нд эрс сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус хүрч дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: 25-нд зарим газраар, 26-27нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 24-нд Арц Богдын өвөр хоолойгооор, 25-26-нд ихэнх нутгаар түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар 23-24-нд шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус хүрч хална, 25-26-нд сэрүүсч шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус, бусад хугацаанд шөнөдөө 8-13 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)