ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН НУУЦ БИЗНЕС ИЛ БОЛОВ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Хонгорзул иргэдээс үнэт чулуу худалдан авч, цааш дамлан худалддаг гэх мэдээлэл тус аймгийн Цагдаагийн хэлтэст иржээ. Уг мэдээллийн мөрөөр аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд тус суманд очиж, С.Хонгорзулын ажлын өрөөнд үзлэг хийхэд төмөр шүүгээнээс нь хайрцагтай 10 гаруй кг чулуу олдсон байна. Мөн тусгайлан ялгасан бололтой гялгар ууттай, илүү өвөрмөц хэсэг чулуу ширээнийх нь шургуулганд байсан аж. Цагдаагийнхан тэдгээрийг хураан авчээ. Чөлөө эсвэл амралтаа аваагүй хэрнээ С.Хонгорзул энэ үеэр эзгүй, сумандаа байгаагүй аж. Энэхүү үзлэг шалгалтынхаа тухай аймгийн Цагдаагийн хэлтсээс Засаг даргад албан тоот хүргүүлжээ. Уг үнэт чулуутай газар нь Дэлгэрцогт сумын төвөөс 18 км зайтай, Цахиурт багийн нутагт байдаг гэнэ.

Сумын иргэдийн олонх нь түүнийгээ түүж, чулууны ченжүүдэд ширхгийг нь 2500- 60.000 төгрөгөөр худалддаг. Тэр нь ямар нэртэй, юунд хэрэгтэй, яаж ашигладаг чулуу болохыг хууль хяналтынхан байтугай түүдэг хүмүүс ч өөрсдөө мэддэггүй гэнэ. Анх 2000 онд Улаанбаатар хот, Өмнөговь аймгаас хүмүүс Дэлгэрцогтод очиж, чулуу түүжээ. Түүнээс хойш нутгийн иргэдийн олонх нь ийм ажилтай болсон юм байх. Өвөрмонголын Алшаа аймагт болсон чулууны үзэсгэлэн худалдааны үеэр уг чулуу хамгийн өндөр үнэд хүрсэн аж. Энэ тухай сургаар иргэд тийш хошуурч, зэргэлдээх сум, аймгийн төвөөс хүртэл хүмүүс очиж түүдэг, худалдан авдаг болсон юм байна.

Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджавтай өчигдөр 16.10 цагийн үед утсаар холбогдов.

-Танай аймгийн Дэлгэрцогт сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Хонгорзул иргэдээс үнэт чулуу худалдан авч, хятадуудад дамладгийг цагдаагийнхан тогтоожээ. Энэ мэдээлэл үнэн үү?

-Тиймэрхүү зүйл болоод байгаа. Гэхдээ нарийн тодорхой мэдээлэл яг одоогоор алга. Би аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын давхар албатай. Энэ шугамаар сумдад ажиллаж явна. Одоо Дэрэн суманд байна. Өчигдөр Дэлгэрцогт суманд очиж, иргэдтэй уулзахад “Чулуу түүх явдлыг бүрмөсөн таслан зогсоох хэрэгтэй” гэж ярьж байсан.

-С.Хонгорзулд ямар арга хэмжээ авах вэ?

-Эхлээд болсон явдалтай танилцъя. Хэдхэн хоногийн өмнө чулуу түүдэг газрыг хаасан.

-Сумын төвөөс 18 км зайтай газрыг хаасан ч хянаж чадах уу?

-18 км зайтай гэдэг нь үнэн. Чулуу түүдэг хүмүүсийг болиулж болно. Худалдан авдаг явдлыг бас таслан зогсоох ёстой гэсэн хариулт өглөө. Дараа нь Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатараас дараах зүйлсийг тодрууллаа. -Дэлгэрцогт сумын ИТХын нарийн бичгийн дарга С.Хонгорзул үнэт чулууны наймаа хийдэг гэсэн мэдээлэл байна.

Танд мэдсэн зүйл байна уу?

-Үнэн юм байна. Өрөөнөөс нь нэлээд хэмжээний чулуу хурааж авсан гэсэн.

-С.Хонгорзулд ямар хариуцлага тооцох вэ?

-Одоогоор тэр талаар төлөвлөөгүй байна. Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн мэдэгдлийг хүлээн аваад танилцаж байна.

-С.Хонгорзул сумандаа байхгүй гэсэн. Хаачсан юм бол?

-Чөлөө авсан гэсэн.

-Чөлөө, амралтын алийг нь ч аваагүй юм биш үү. Хятад руу явсан юм уу?

-Сайн мэдэхгүй байна. Тодруулна аа.

-Энэ хүн ийм бизнес хийгээд хэр удаж байгаа юм бол?

-Тэрийг мэдэхгүй. Сумын Засаг дарга нь надад “Манай сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Хонгорзулыг үнэт чулууны наймаа хийдэг гэж иргэд мэдээлэл өглөө. Чулуу түүх явдлыг таслан зогсоох гэхээр “Төрийн албан хаагч худалдан авч байхад иргэн бид түүлгүй яах юм бэ” гэж хэлдэг боллоо” гэж надад танилцуулсан. Тэр дагуу цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулсан юм.

-Түүн шиг ченж олон байгаа юу?

-Аймагт дөрөв таван хүн байдаг гэсэн сураг бий.

-Чулуу түүдэг газрыг хаасан гэсэн. 7-8 км өргөн газрыг яаж хаасан юм бол. Хүмүүсийг дахиад чулуу түүлгэхгүй байлгаж чадах болов уу?

-Нэг удаагийн л арга хэмжээ юм даа. Үнэт чулуу түүлгэхгүй байлгахаар авч буй арга хэмжээнийхээ талаар сумын иргэдэд ухуулан танилцуулсан.

-Ямар чулуу түүгээд буйг нь тогтоож, тодорхойлсон уу?

-Үгүй. Нэр усыг нь мэдэхгүй байгаа. Хятадад нэлээд өндөр үнэ хүрдэг бололтой юм билээ. Манайхан түүж хямдхан зараад байгаа.

Б.БАЯСАЛМАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)