Итгэлцлийн зээл авах нь найдваргүй зээлдэгч болох эрсдэл үүсгэх ёсгүй

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд зөвхөн нэг байгууллагаас цахим зээл авсан хүний тоо 170 000-аас давж, гуравдугаар улирлынхаа дүнгээс 20 000 орчмоор нэмэгдсэн нь сард 6000 гаруй, өдөрт 200 хүн ийм зээлийн үйлчилгээг ашигласан дүн болжээ. Мэдээж энэ хэрээр олгосон зээлийн хэмжээ нь өссөн бөгөөд нэг жилийн хугацаанд харилцагч, олгосон зээлийн тоо, хэмжээ 12-19 хувиар өссөн байна. Иргэд ийнхүү цахим үйлчилгээ сонгон зээл авах нь нэмэгдэж буйн үр дагавар ямар байх бол. Энэ тухай тодруулахаар цахим мэдээлэлд үндэслэн, барьцаагүйгээр зээл олгодог байгууллагын нэг салбараар орлоо. Тэнд үйлчлүүлэгч их байв. 

...Арилжааны банкнаас зээл авч төлөхдөө хуваарьт өдрөөсөө цөөнгүй хоногоор хэтрүүлбэл мэдээллийн сан дахь ангилал нь өөрчлөгдөггүй буюу уян хатан нөхцөл байдаг. Харин цахим платформ ашиглан зээл авсан бол төлөх хугацаагаа хоёр өдрөөр л хэтрүүлбэл найдваргүй зээлдэгч болдог аж...

Тэдний олонх нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний аппликэйшнийг утсандаа татан, холбоо үүсгэн, зээл авах эрхээ баталгаажуулчихаад иржээ. Тэгээд зээлийн гэрээбайгуулахаар иргэний үнэмлэхээ барин, дугаарлан зогсож буй нь энэ аж. Анх удаа зээл авах гэж буй, Баянгол дүүргийн иргэн У.Саранчимэг “Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул банкнаас зээл авахад зээлийн түүх, дансны хуулга зэрэг олон бичиг баримт, их дүнтэй мөнгө хүсэхэд барьцаа хөрөнгө шаардан, бага хэмжээнийхийг авах боломж байддаггүй. Харин эднийхээс зээл авахын тулд аппликэйшний цэс дэх асуултуудад хариулж, өөрийн мэдээлэл болон харилцах дансны дугаараа цахим сан руу нь илгээдэг юм байна. Улмаар миний зээлийн түүх, Төвбанкны зээлийн мэдээллийн сангийн өгөгдөл зэргийг харгалзан хэдэн төгрөгийн зээл авах боломжтой талаар хариу өглөө. Би 600 000 төгрөгийг таван хувийн хүүтэй 1-6 сарын хугацаатай авч болохоор байна. Тэгээд зээлийн гэрээгээ байгуулахаар ирсэн. Хэрэв олон удаа зээл авч, зээлээ хугацаанд нь найдвартай төлсөөр байвал хүү нь буурах юм гэнэ. Бас өөр олон үйлчилгээ байдаг бололтой” хэмээн ярив. 

Эндээс харахад цахимаар зээл олгодог байгууллагуудын үйлчлүүлэгчийг татаж буй хамгийн том шалтгаан нь барьцаагүй, цаг хугацаа хэмнэдэг тал нь юм. Тиймээс ч зээл авах эрэлт их байгаа нь үйлчилгээний 1-2 төвөөр ороход л ажиглагдсан. Эрэлт ихсэхийн хэрээр нийлүүлэлт өсөн, зах зээл нь тэлнэ. Нөгөөтээгүүр, арилжааны банкны хүүгээс өндрөөр буюу Банк бус санхүүгийн байгууллагын хүүгээр олон нийт зээл авах нь нэмэгдсээр байвал зарим иргэнд өрийн дарамт үүсгэх магадлалтай. Ер нь энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүний чанар, үйлчилгээ, хүүгийн хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн хяналт тавьдаг, тухайн байгууллагаар үйлчлүүлэгчсэн иргэдээс гомдол, санал ирдэг, эсэхийг тодрууллаа. Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус, санхүүгийн байгууллагуудын газрын орлогч дарга Б.Итгэлсүрэн “ББСБ-уудын үйл ажиллагаа өргөжин, дэвшилтэт технологиуд нэвтрүүлснээр цахимаар зээл олгох боломж бүрдсэн гэж болно. Энэ нь санхүүгийн зах зээл дэх мөнгөний эрэлтийг ханган, хүртээмжийг дээшлүүлэх эерэг үр дүнтэй. Бид тухайн байгууллагын олгодог зээл, хүүгийн хэмжээнд хяналт тавих эрхгүй. Бүтээгдэхүүн, үйлчилгээний шалгуур, хүүгийн хэмжээ зэргийг тооцон зээл авах, эсэх нь иргэний сонголт. Мэдээж үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хуулийн дагуу, зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж буйг дурдах хэрэгтэй. Одоогоор зээл авсан үйлчлүүлэгчдээс ямар нэг гомдол, санал ирээгүй” хэмээв.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард цахимаар зээл олгодог хоёр томоохон байгууллагын үйл ажиллагаа хууль бус, зөвшөөрөл аваагүй талаар зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тэд Санхүүгийн зохицуулах хороо төдийгүй Төвбанкнаас энэ төрлийн үйлчилгээ явуулах зөвшөөрөл авах ёстой байсан нь хууль бус үйл ажиллагаа явуулсан гэгдсэн юм. Энэ талаар Төвбанкны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Ариунаа “Одоогоор “Мобиком” корпорацаас гаргасан “Candy” үйлчилгээ л манайхаас зөвшөөрөл авсан. Ер нь зах зээлд шинэ төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, нэгээс нөгөөд мөнгө, хөрөнгө, эсвэл үнэт цаас шилжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх, шинэ техник, технологи, программ хангамж, дэд бүтэц нэвтрүүлэх зэрэгт Төвбанк зөвшөөрөл олгоно. Энэ талаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан байдаг. Хэрэгжилтийг хангах нь манай үүрэг. Мөн Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам гэж бий. Уг журмын хэрэгжилтэд хяналт тавин, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэгч байгууллагуудтай хамтран ажилладаг” гэв. Тиймээс дээр дурдсан хоёр байгууллага хуулийн дагуу ББСБ-ын үйл ажиллагаа явуулдаг байсан ч шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд нэвтрүүлсэн гэдэг утгаараа дахин зөвшөөрөл авах шаардлага үүссэн бөгөөд хүсэлтээ Монголбанканд хүргүүлжээ.

Нэг талаас тухайн иргэний мэдээллийн санд үндэслэн цахимаар зээл олгох үйлчилгээг эрчимтэй дэлгэрүүлснээр санхүүгийн салбарт нэвтрүүлэх технологийн боломж өргөжин, үйлчилгээний хүртээмж өснө. Нөгөө талаас иргэд зээл авахаар олноороо дугаарлан, бага, дунд дүнтэй зээл авах нь элбэгшин, хэрэглээний зээлийн эрэлтийг өсгөсөөр байх нь сөрөг үр дагаварт хүргэх магадлалтай. Иргэд энэ төрлийн зээл авахдаа юуг анхаарах талаар нэгэн ББСБ-ын ажилтнаас тодрууллаа. Тэрбээр хамгийн гол нь иргэд итгэлцлийн зээл авч буйгаа төдийлөн сайн ойлгодоггүйг дурдав. Тухайн үед шаардлагатай, бага дүнтэй мөнгийг хурдан шуурхай авсандаа олзуурхан, эргэн төлөхдөө хайхрамжгүй ханддаг юм байна. Арилжааны банкнаас зээл авч төлөхдөө хуваарьт өдрөөсөө цөөнгүй хоногоор хэтрүүлбэл мэдээллийн сан дахь ангилал нь өөрчлөгдөггүй буюу уян хатан нөхцөл байдаг. Харин цахим платформ ашиглан зээл авсан бол төлөх хугацаагаа хоёр өдрөөр л хэтрүүлбэл найдваргүй зээлдэгч болдог аж. Тодруулбал, зээл төлж дуусах үедээ төлөлтөө хоёр ба түүнээс дээш өдрөөр хэтрүүлэн, зээлээ хаачихвал тухайн иргэн автоматаар найдваргүй зээлдэгч ангилалд орж, мэдээллийн сан руу нэр нь илгээгддэг аж. Харин зээл төлөх явцдаа 2-3 өдрөөр хэтрүүлсэн бол тухайн байгууллагад учраа хэлэн, найдваргүй зээлдэгч ангилалд орохгүй байх боломж бас бий юм байна. Гэхдээ зээлээ хугацаандаа төлөхгүй байх үйлдлийг удаа дараа гаргавал, мэдээж зээлийн түүх нь “муудан”, цаашид өөр банк, санхүүгийн байгууллагатай харилцахад хүндрэл үүснэ. Товчхондоо, манай зарим иргэн бага дүнтэй мөнгө авсан, төлж ядах асуудал байхгүй хэмээн хайхрамжгүй хандсанаар найдваргүй зээлдэгч болж, мэдээллийн санд муу түүх нь тав хүртэл жил хадгалагдах шалтгаан болдог байна.

Түүнчлэн Банк бус санхүүгийн байгууллага, цахим зээлийн үйлчилгээ нэвтрүүлэгч компанийн зээлийн үлдэгдлийн хэмжээ тогтмол өсөж буй. Энэ нь иргэдэд очих мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэн, зайлшгүй хэрэгцээг ханган, технологийн дэвшлийг нутагшуулах сайн талтай. Энэ хэрээр зээлийн хүү буурч байх учиртай ч хүү нь төдийлөн багасахгүй байгаа талаар иргэн гомдоллосон юм. Чингэлтэй дүүргийн иргэн Я.Цасчихэр “Ломбардууд сарын 6-10 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг. ББСБ-ууд болон цахим зээлийн хүү сарын 4-6 хувь. Энэ бол өндөр дүн. Банк санхүүгийн байгууллага олон байгаа ч зээлийн хүү буурахгүй байгаад сэтгэл дундуур байна” гэв. Энэ талаар Б.Итгэлсүрэн “Сүүлийн гурван жилд банк бус санхүүгийн салбараас нийлүүлж буй зээлийн хүү 20 орчим хувиар буурсан тооцоо бий. “Ард санхүүгийн нэгдэл”, “Лэнд МН ББСБ” олон нийтэд хувьцаагаа санал болгон, нээлттэй үйл ажиллагаа явуулж, финтек буюу технологийн дэвшил, санхүүгийн үйлчилгээг хослуулан ажиллаж буй нь энэ салбарт гарсан ахицын нэг. Илүү олон байгууллага ингэж ажиллан, зардлаа танах, гадаад зах зээлээс хямд өртөгтэй зээл татаж чадвал зээлийн хүү буурахыг үгүйсгэхгүй. Энэ чиглэлээр бид цөөнгүй ажил хийж байгаа” гэсэн юм.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)