“Итгэлийн зээл”-д итгэж болохгүй

Эрх баригчид “итгэлийн зээл”-ээр ээлжит сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ. Иргэддээ 20 сая төгрөгийг гурван хувийн хүүтэй зээлдүүлэх юм гэнэ, цаадуул чинь. “Хүүхдийн 20 мянга”-аар эхэлсэн мөнгөн амлалт хүү багатай 20 сая төгрөгийн зээл болж өсөв. Удахгүй, сонгууль дөхөөд ирэнгүүт АН тэргүүтэй бусад нь юу гэж хошгируулах бол гэхээс айж, ичиж, бүр бухимдаж үхэх нь. Ингэж доромжлох хэрэггүй л дээ.

...Эсвэл ард түмнээ албаар ядууруулаад байдаг юм уу. Ходоод нь хоосон, хоногийн хоолоо арай ядан аргацааж буй хүмүүст мөнгө үнэртүүлсэн юу ч ярьсан хууртана гэж боддог юм биш биз дээ. Үнэндээ өнгөрсөн гурван жилд нь хэрэлдэж, хагаралдаж, халаа сэлгээ хийхээс хэтрээгүй та бүхэн өнөөдөр амласнаа санаж байгаа тань өрөвдөлтэй байна. Ядаж л өгөх мөнгөтэй болчихоод ингэж ярьсан бол дээр сэн...

Арилжааны банкны арав хол давсан хувийн хүүтэй зээлээр үйлдвэрлэл нь өргөжих нь бүү хэл, өндийхгүйг мэддэг жижиг, дунд бизнес эрхлэгчид зорилтот Сангаас нь жилийн гурван хувийн хүүтэй зээл авах гэж аргаа барж явахад тэр хөрөнгөөс тэрбум, тэрбумаар нь цусалчихаад сууж байгаа Ардын намынхны ард түмнээ бодсон шийдвэр энэ лав биш. Арай “хам хэрэгтэн” болгох гэсэн юм биш биз, биднийг. Адаг сүүлд нь “ЖДҮХС-гийнхтай адил зээлийг та нарт ч бас өгсөн шүү” гээд сууж байж мэдэх л хүмүүс, тэд. Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрээс иргэд нь барьж, хүртэхгүй дуусахад “Мөнгө байхгүй ээ” гээд мөрөө хавчдаг эрх баригчид хаанаас мөнгө олж, хүмүүст өгөх гэж байгаа юм, ёстой бүү мэд. Банкнуудын зээлийн хүүг бууруулна гэж бишгүй ярьж ирсэн. Бүр зориуд бууруулчихна гэж ч ярьдаг. Гэвч хүү буураагүй, бууруулсан нь ч үгүй. Боломжгүйг нь ч мэргэжлийн хүмүүс хэлдэг. Энэ мэтээр, энгийн, эдийн засагч биш хүн ч ойлгох зүйлээр олон түмнийг хуурахаа больчих. Олон ч удаа ингэж хууртагдлаа, одоо хангалттай. Мөнгө үнэртүүлсэн амлалт моодноос гарсан, Монголын улстөрчид өө.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулга иргэдийн цалин, тэтгэвэр барьцаалсан, оюутны, малчны зээлийг тэглэхээ амласан. Тус сонгуульд оролцсон гурван нэр дэвшигчийн хэн нь ч 50+1 хувийн санал авч чадаагүй учраас хамгийн өндөр санал авсан Х.Баттулга, М.Энхболд хоёр дахин өрсөлдсөн. Чухам энэ үеэр Х.Баттулга өр тэглэх тухай ярьсныг санаж буй биз ээ. Яг л 2008 оны сонгуулиар АН-ынхан иргэн бүрт сая төгрөг амласны дараа МАХН (одоогийн МАН)-аас 1.5 сая төгрөг гэж ахиулан хэлж байсан шиг явдал болсон. Гэвч Х.Баттулга Ерөнхийлөгч өнөөдөр үүнийгээ бараг л үгүйсгэдэг. “Тавантолгой зэрэг орд, байгалийн баялгаас иргэдэд хүртээх өгөөж, эзэмшүүлэх хувьцааны ногдол ашгаас төлнө” гэж яриад байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н ирэх жилүүдийн ногдол ашгаар иргэдийн өрийг төлөхтэй холбоотой амлалтыг АН-ынхан ирэх сонгуулиар урдаа баривал гайхах хэрэггүй болчихоод буй.

Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэгчлэн “Тавантолгой”-г тал тал тийш нь зарж, үрж ирсэн. Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдан авах ажлыг 2016 оны зургадугаар сард буюу өмнөх сонгуулийн үеэр эрх баригч АН-ынхан ид өрнүүлж байв. З23 ширхэг хувьцаагаа 300 мянган төгрөгөөр худалдах иргэн хүсэлт гаргаж, иргэний үнэмлэхийн хуулбараа өгөхөд л долоо хоногийн дараагаас мөнгө дансанд нь орж байсныг санаж буй биз ээ. Гэвч гэнэт мөнгөтэй болохын баяр тийм ч удаан үргэлжлээгүй. МАН-ынхан ч 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгөөр худалдан авах тогтоолын төсөл санаачлан, яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газарт хүргүүлж байсныг мартаагүй ээ. 1072 ширхэг хувьцааны нэг бүрийг 933 төгрөгөөр үнэлэн, сая төгрөгөөр худалдан авах ажлыг сонгуулийн өмнө, яаралтай зохион байгуулах даалгаврыг Засгийн газарт үүрэг болгох агуулгатай төслийг 2016 оны сонгуульд нэр дэвшээгүй Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нарын гишүүн санаачилж байсан шүү дээ.

Тухайн үед Ерөнхий сайд болон нийслэлийн удирдлагууд “Сайн хашаа” хөтөлбөрийг “хөзөр” болгож ашигласан. Үүний хүрээнд амьдрах орчноо сайжруулах хүсэлтэй иргэдэд таван сая хүртэлх төгрөгийг таван жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлэх боломж бүрдүүлж байлаа. Мөн малчны зээлийн хүү жилийн бараг 30 хувь байсныг арав, арван хувиар даруй хоёр удаа буюу бараг гурав дахин бууруулсан нь үнэн.

Сонгогчдоос санал авах гэж сайхан зүйл ярьж, түүнийгээ албажуулан шийдвэрлэсэн болгох гэж хөнгөн хуумгай хандан, хөрөнгө мөнгөөр “зодож”, хүчээр хэрэгжүүлэх гэдэг нь аль ч сонгуулийн өмнө моодонд ордог. Уг нь Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор явуулахыг хориглосон үйл ажиллагааны жагсаалтад “хишиг, хувь, хувьцаа өгөх, мөнгө, эд зүйл тараах” заалт орсон ч хээв нэг хийж л орхидог. Гэхдээ үүнийг эрх барьж буй нь л хийх боломжтой. Үе үеийн эрх баригчид сонгуульд ялахын тулд бэлэн мөнгө амлаж, хувь, хувьцаа өгөхөөр шоудаж буйгаа Засгийн газрын үйл ажиллагаа мэт харагдахаар өнгөлөн далдалж ирсэн нь нууц биш.

Иргэдээ ийм зүйлд итгэхээ байтал нь хашрааснаа ээлжлэн эрх барьсан энэ хоёр намынхан ухаардаггүйг яалтай билээ. Ийм замаар хол явахгүйгээ яагаад ойлгодоггүй юм бэ. Биднийг ингэтлээ дорд үзэж, хуурах гэж ядаад байгааг нь ч зүхэлтэй. Их хэмжээний санхүүжилт шаардлагатай, түүнийг нь дахиад л өр тавих замаар шийдвэрлэхээс аргагүй энэ мэт амлалтын ард амьдралын үнэн бий гэдгийг намуудын аль аль нь тооцоод сурчихсан баймаар сан.

УИХ дахь МАН-ын бүлгийнхний санаачилсан Итгэлийн зээл олгох тухай тогтоол тун удахгүй батлагдана. Олонх болсон намын 27 гишүүн санаачилсан, уг улс төрийн шийдвэрийг 64 гишүүнтэй МАН-ынхан УИХ-ын тогтоол болгон батлах юухан байх билээ. Төсөл санаачлагч гишүүн Д.Оюунхорол иргэдийнх нь бараг дөрөвний нэг нь ядуу амьдарч байгааг шогшрон шогшрон ярина лээ. 2016 онд тэд үнэмлэхүй олонх болж, төрийн эрх авахад ядуу байсан хүмүүс өнөөдөр ч тэр л хэвээрээ, харин ч эгнээ нь улам тэлсэн бол эрх баригчид муу ажилласан гэсэн үг. Ийм зүйл амлаж байгаа нь Ардын намынхан ажлаа хийгээгүйгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг.

Эсвэл ард түмнээ албаар ядууруулаад байдаг юм уу. Ходоод нь хоосон, хоногийн хоолоо арай ядан аргацааж буй хүмүүст мөнгө үнэртүүлсэн юу ч ярьсан хууртана гэж боддог юм биш биз дээ. Үнэндээ өнгөрсөн гурван жилд нь хэрэлдэж, хагаралдаж, халаа сэлгээ хийхээс хэтрээгүй та бүхэн өнөөдөр амласнаа санаж байгаа тань өрөвдөлтэй байна. Ядаж л өгөх мөнгөтэй болчихоод ингэж ярьсан бол дээр сэн. Орлогын тэгш бус хуваарилалтыг зээл өгөөд л тэгшитгэчихдэггүй юм. Эрх мэдэл, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан ах дүү, амраг садандаа хүү багатай зээлийн хөрөнгийг хуваарилчихсан хүмүүст үнэндээ ингэж ярих эрх байхгүй ээ. Зорилтот бүлгийнхний зээлээс халаас, хэтэвчээ дүүргэсэн хүмүүст итгэх тэнхэл ч алга. Энэ удаа иргэддээ итгээд, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл өгнө гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Барьцаа хөрөнгөө нотлоод ч зээл авч чадаагүй хүн дэндүү олон. Иргэд чинь та бүхэнд хэдийн итгэхээ байсан. “Итгэлийн зээл”-д нь итгэж болохгүй шүү, хүмүүс ээ. Ийм нэг зээл гаргалаа ч аанай л ах дүү, хамаатан садан, намынхан, нутаг усныхандаа өгчих биз.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)