Италийн “алтан” биатлонч Доро

Доротея Вирер Коррадини 1990 оны дөрөвдүгээр сарын 3-нд Италийн Больцано мужийн Брунико хотод төрсөн. “Доро” хочтой. Өндөр 158 см. Татварын байцаагч мэргэжилтэй. “Сочи-2014”, “Пёнчан-2018” олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн, дэлхийн гурван удаагийн аварга, 2011 оны залуучуудын дэлхийн аварга. 2018- 2019 оны улиралд “Дэлхийн цом”-д нийлбэр дүнгээр тэргүүлсэн. Биатлоны спортын бүх төрөлд түрүүлсэн түүхэн дэх гурав дахь тамирчин.

Италийн Антхольц хотод болж буй ДАШТ-ий хамгийн алдартай оролцогчдын нэг бол үзэсгэлэнт Доротея Вирер. Тэрбээр эндээс 10 гаруйхан км зайд орших хотод төрсөн болохоор түүнийг танихгүй хүн бараг үгүй. Тийм ч учраас түүнд ирэх дарамт төдий чинээ нэмэгдэх аж. Бүгд л Доротеяг ялаасай гэж хүснэ. Авьяаслаг биатлонч бүсгүй ч тэрхүү дарамтыг нэр төртэй дааж яваа.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт холимог буухиад мөнгөн медаль хүртсэн бол ням гарагт болсон цуваа гараатай уралдаанд алтан медаль зүүв. Энэ бол ДАШТ-ээс хүртэж буй түүний найм дахь медаль. Ингээд л Өмнөд Тиролд “Вирерийн баяр” эхлэх нь тэр.

“Эх орон нэгтнүүдийнхээ өмнө дэлхийн аварга болсон нь үнэхээр гайхалтай байлаа. Энэ бол амьдралын минь хамгийн сайхан ялалт. Ийм амжилт үзүүлэхийн тулд алдалгүй буудах ёстой гэдгээ мэдэж байсан. Дарамт маш их байлаа, харин одоо санаа минь амарлаа. Өнөөдөр тун онцгой, сэтгэл их хөдөлгөм өдөр байна” гэж Антхольцын баатар ярьжээ.

Зөвхөн ДАШТ-ий үеэр л олны анхаарлыг татдаг тамирчин бол Д.Вирер биш. Түүнийг хаана ч явсан биатлоны төдийгүй өвлийн спортын фэнүүд бүчиж авдаг. Италид бол тэр бүр ч алдартай. Нийгмийн сүлжээнд Доротея бусад биатлончоос олон хөгжөөн дэмжигч, фэнтэй. Түүний инстаграм хуудас л гэхэд 450 мянга гаруй дагагчтай. Эмэгтэй, төдийгүй эрэгтэй ямар ч биатлонч ийм олон фэнгүй гээд бодогтун. Зөвхөн алдарт М.Фуркад л 433 мянган дагагчтайгаар түүнд дөхөж очно.

Д.Вирер өсвөр насандаа мэргэжлийн тамирчин болох тухай бодож байгаагүй аж. “Би огт өөр зүйл хийж, хөгжилдөж, үдэшлэг хэсдэг байлаа. Гэвч эцэстээ өөрт минь ямар нэг онцгой авьяас байгааг олж мэдсэн” хэмээн биатлоны спортод хөл тавьсан тухайгаа тэрбээр “Газзетто делло спорт” сонины сурвалжлагчид ярьжээ.

Түүний амьдрал алдартай тамирчдын нэгэн адил хурдтай бас тансаг. Тэрбээр шинэ ивээн тэтгэгчийн ачаар энэ улирлаас эхэлж, нисдэг тэргээр “Дэлхийн цом” болж буй улс, хотуудын хооронд нисдэг болсон аж. Энэ нь биатлоны ертөнцөд сонсогдоогүй, онцгой үйл явдал юм. “Коби Брайантад тохиолдсон явдлаас болж би бага зэрэг эмээж байгаа. Гэхдээ ийм үйлчилгээ амжилтад сайнаар нөлөөлөх нь гарцаагүй” хэмээн Доротея ярьжээ.

“Антхольц-2020” түүний хувьд онцгой газраас гадна түүхэн шийдвэр гаргасан хот болон үлдэж магадгүй. Учир нь дөрөвдүгээр сарын 3-нд 30 нас хүрэх Д.Вирер энэ удаагийн ДАШТ-ий дараа зодог тайлж магадгүй тухай өмнө нь ярьж байв. “Антхольц бол төгс газар. Учир нь, миний замнал эндээс эхэлсэн, тиймээс гэр бүл, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө энд бүх зүйлийг дуусгаж болох юм” гэж тэр хэлсэн.

Д.Вирер ингэж ярьснаас хойш олон зүйл өөрчлөгджээ. Тэрбээр энэ жил “Дэлхийн цом”-ын тэмцээнийг нийлбэр дүнгээр тэргүүлж буйгаас гадна ивээн тэтгэгчид нэмэгдсэнээр орлого нь илт өссөн аж. Энэ онд тэрбээр өнгөрсөн жилийн “Дэлхийн цом”-оо ихэрлүүлж, хоёр жил дараалан аваргын цом өргөх боломжтой юм.

Түүнээс гадна биатлоны спортод байж болох бүхий л цомыг хүртсэн Д.Вирерт олимпын алтан медаль дутуу. Магадгүй энэ нь түүнийг ахин хоёр жил биатлондоо үнэнч үлдэхэд хүргэж мэдэх л юм.

“Өнөөдөр би энэ асуултад хариулж чадахгүй. Би дараачийн уралдаанд анхаарлаа хандуулна. Энэ улирлын эцсээр зодог тайлах, эсэх шийдвэрээ гаргана” гэж тэрбээр ням гарагт ээлжит алтан медалиа хүртсэнийхээ дараа сэтгүүлчдэд ярьжээ.

Бэлтгэсэн: Э.Манлайбаатар


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)