Испанид НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурал эхэлж байна

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурал /COP-25/ Испанийн нийслэл Мадрид хотод өнөөдөр эхэллээ. Уг бага хурлыг эхлээд Бразил улсад явуулахаар төлөвлөж байсан боловч тус улсын эрх баригчид Засгийн газар солигдсон болон санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор зохион байгуулахаас татгалзсан байна. Бага хурлыг зохион байгуулах үүргийг Чили улс хүлээсэн боловч явуулж чадаагүй юм. Чилийн Засгийн газрын нийгмийн бодлогыг эсэргүүцсэн жагсаалтай холбоотойгоор дэгдсэн үймээн самууныг зогсоож, нийгэмд дэг журам тогтооход бүх анхаарлаа төвлөрүүлэхийн тулд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болон Уур амьсгалын асуудлаарх бага хурлыг цуцлахаар болсныг тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера 10 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор бага хурлыг Мадрид хотод шилжүүлсэн бөгөөд хэдийгээр Испанид болж байгаа боловч Чили улс даргалан явуулах юм байна. “Тaсс” агентлагийн мэдээлж буйгаар энэ жилийн бага хуралд 190 гаруй орны төлөөлөгчид, түүний дотор ЕХ-ны 15 улсын Ерөнхий сайд, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри, Эквадорын төрийн тэргүүн Ленин Морено нар оролцох аж. Чилийн Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтад ирж чадаагүй бол Парисын гэрээнээс гарах үйл явцыг эхлүүлсэн АНУ-аас тус улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тэргүүтэй төлөөлөгчид оролцох аж. Түүнчлэн Шведийн залуу идэвхтэн Грета Тунберг COP-25-т оролцох төлөвтэй байна. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд оролцохоор АНУ-аас хос биетэй завиар Европыг зорьжээ. Энэ удаагийн бага хурлын гол зорилго нь Парисын гэрээг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд шийдэгдээгүй асуудлуудыг дахин хэлэлцэх юм. Хурал энэ сарын 3-н хүртэл үргэлжилэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)