"Исламын улс" -ыг ялагчид

“Исламын улс” бүлэглэлийг ялахад Курдийн отрядууд гол үүрэг гүйцэтгэсэн ч өдгөө Сирийн хойд нутагт буй тэд америкчуудыг гарсны дараа болон Туркийн цэргийн ажиллагааны улмаас аюултай байдалд буй. Дайны хөлд нэрвэгдсэн Сирид тэд хүйсийн тэгш эрхийг хангах, экологи, нийгмийн шударга ёс сүлэлдсэн үзэл суртлын нөлөөн доор, эрх мэдлийн төвлөрсөн бус зарчимд тулгуурласан, өөртөө засах бүс байгуулахыг оролдож буй. Ойрхи Дорнодын томоохон гүрнүүдэд хуваагдсан, 30 саяулаа ард түмний Сири дэх хэсгийн тухай ВВС ийн тодруулжээ.

ӨӨРИЙН ГЭСЭН УЛСГҮЙ АРД ТҮМЭН

Энэтхэг, Европоос гаралтай курдүүдийн түүхэн эх орон нь Курдистан гэсэн нийлэмж нэрээр алдартай, өнөөгийн Ирак, Иран, Сири, Туркийн уулархаг бүс нутаг аж. Тус бүс нутагт 30 сая орчим курд хүн аж төрдөг нь Ойрхи Дорнодын хүн амын дөрөвний нэг хувийг эзэлж буй, өөрийн гэсэн улсгүй хамгийн том ард түмэн юм. Курдүүдийн олонх нь исламын шашны суннитүүд боловч бусад шашныг шүтэгч ч бий. Ялангуяа олон шашны элементүүдийг нэгтгэсэн езидийн синкрет сүсэгтнүүд цөөнгүй. Үүнийг дагагчид, тухайлбал, курд мусульманчууд хэдэн зууны турш “чөтгөр” шүтсээр иржээ.

ӨӨРТӨӨ ЗАСАХ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ

ХХ зууны эхээр Европын орнууд хуучин Осман гүрний газар нутагт тусгаар тогтносон Курдистан улс байгуулагдах нь хэмээн харж байв. Гэвч тийм зүйл болоогүй. Одоо курдүүд нэгдмэл улсын төлөө бус, байгаа газартаа өөртөө засах эрхтэй болохын төлөө тэмцэж буй. Сирид ч, Туркт ч курдүүд Ирак дахь элэг нэгтнүүдийн адил шинэ Үндсэн хуулийн дагуу өөртөө засах өргөн эрхтэй муж байгуулсан шиг бүс нутагтай болохыг хүсэж байна. Курдүүд Туркт хамгийн олноороо аж төрдөг буюу хүн амынх нь 15-23 хувийг эзэлдэг. Энэ тоо өссөөр байна. Хүн амынх нь тоо түргэн өсөхийн сацуу тус улс дахь курд гаралтай улам олон иргэн өөрсдийн гарал үүслийг ил болгох болжээ. Курдийн асуудал ХХ зууны турш Туркийн гол бэрхшээлүүдийн нэг байв. Туркийн эрх баригчид удаан хугацааны турш тийм үндэстэн байдгийг үгүйсгэж, тэднийг уулын туркүүдийн төлөөлөл гэдэг байв. Эрх чөлөө, өөртөө засах эрхийн төлөөх курдүүдийн тэмцэлд гол үүргийг Абдулла Ожалан, 1970-аад оны эцсээр түүний байгуулсан, улс төр, тэмцлийн Курдистаны ажилчны нам гүйцэтгэсэн юм.

А.Ожалан марксист, ленинист үзэлтнээс гараагаа эхэлсэн ч жил ирэх тусам тухайлбал, даяаршлыг эсэргүүцэгчдийн дунд алдартай, Америкийн гүн ухаанч Мюррей Букчиний нийтлэл рүү чиглэсэн, анархизм, либертар социалист үзэл санаа руу шилжжээ. Энэ бүхэн Турк, Сири дэх курдүүдийн элитүүдийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн. Тэд нийгмийн доод давхаргын өргөн дэмжлэгийг авдаг аж. Курдистаны ажилчны намыг Турк, АНУ болон Европын хэд хэдэн улсад террорист байгууллага гэдэг. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы нотолж буйгаар Сири дэх Курдийн отрядууд тус намын хяналтад байдаг террористууд гэнэ. Гэтэл Сирийн курдүүд нь тийм хяналтад байдаггүй гэж шинжээчид үздэг. “Сирийн байдал маш хүнд, үүнийг Курдистаны ажилчны намын удирдлага төвлөрдөг, Иракийн хойд нутгийн Кандиль уулан дахь орогнох газраас удирдах бараг боломжгүй” гэж АНУ-ын Вашингтон хот дахь Ойрхи Дорнодын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Гюней Йылдыз үзэж байна. “Курдийн нам болон отрядууд үзэл суртлын хувьд ойролцоо байгууллагуудтай холбоотой болохоос хүнд суртлынхтай хамааралгүй” гэж Германы Берлин дэх Бүс нутаг хоорондын судалгааны форумын эрдэм шинжилгээний ажилтан, хүн судлаач Ектан Тюркйылмаз мэдэгджээ.

СИРИЙН ХОЛБООТОН

Сирийн зүүн хойд нутагт 1.5-2 сая курд аж төрдөг. Гэвч тэдний эрхийг тус улсын эрх баригчид шат дараатайгаар няцаадаг. Учир нь Сирийн эрх баригч БААС нам Арабын үндсэрхэг үзлийг дэмждэг юм. Тус бүс нутгийн олон ард түмний дунд түгээмэл Наурызын баярыг ч Дамаск хязгаарладаг. Гэсэн ч иргэний дайн эхлэхэд курдүүд болон Дамаск хоорондын харилцаа нааштай байсан. Курдүүд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг бослогыг дэмжээгүйн хариуд тус улсын арми Курдийн отрядуудын хяналтад байдаг зүүн хойд нутаг дахь газрыг булаан эзлэхийг санаархаагүй. Үүний үр дүнд Сирийн Засгийн газартай гэрээ байгуулсан. Турк, түүний холбоотнуудад эзлэгдэхгүйн тулд курдүүд Оросын цэргийн дэмжлэгтэй Сирийн армийг тус улсын хойд нутагт урьсан билээ. Одоо Орос, Сирийн цэргүүд хил дагуу хяналт, шалгалт хийж байна. “Оросын хэдэн жил чадаагүйг Эрдоан хоёрхон хоногт хийлээ” гэж ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судалгааны хүрээлэнгийн ахлах ажилтан Константин Труевцев ВВС-д мэдэгджээ.

2012-2013 онд Курдийн отрядууд Сирийн зүүн хойд нутгийн томоохон хэсгийг эзэлсэн. Одоо тэд тус улсын нутаг дэвсгэрийн дөрөвний нэг орчим хувийг хяналтдаа авчээ. 2014 онд курдүүд өөрийгөө удирдах газрыг байгуулав. Үүнийг үндэстний өөртөө засах эрхийн үндэс суурь болгохоор эхлээд төлөвлөжээ.

Цагийн эрхээр курдүүдийн хяналтад араб, туркоман, ассир, армянчууд оршин суудаг нутаг дэвсгэр шилжсэн байна. Эцэст нь Сирийн зүүн хойд нутгийн өөртөө засах эрх бүхий захиргааг зөвхөн курдүүд төдийгүй эдгээр ард түмнийх гэж тэд бодож буй. Энд нутгийн зөвлөлүүдээс эхлээд газар нутгийн удирдагчид гэсэн хоёр даргатай эрх барих байгууллага бий. Хоёр даргын нэг нь эмэгтэй. Засаг захиргааны тэргүүнээр одоо араб гаралтай Мансур Салем, курдүүдийг төлөөлсөн Эльхам Эхмед нар ажиллаж байна. Сирийн курдүүдийн ардчилсан үзэлд харьяа нутаг дэвсгэрт олон эхнэртэй байхыг хоригложээ. Тэрчлэн эмэгтэйчүүд “Исламын улс”-ын эсрэг тулалдаанд оролцож буй аж. “Тэд улс төрийн тогтолцоо болон зэвсэгт хүчнээ амжилттай зохион байгуулсан” гэж К.Труевцев тэмдэглэсэн байна.

АНУ-ЫГ ДЭМЖИГЧ

Дэлхийн улс орнуудтай Сирийн курдүүдийг төлөөлж “Сирийн ардчилсан хүчнүүд”-ийн командлагч, генерал Мазлум Абди хэлэлцээ хийжээ. Тус хүчин нь курд, араб, ассир болон АНУ зэвсэглэн, дэмжсэн, Сирийн зүүн хойд нутаг дахь бусад ард түмний цэргийнхнээс бүрдсэн юм. М.Абди нь Сирийн хойд нутгийн Кобани хотын уугуул. Тэрбээр Курдистаны ажилчны намын отрядад алба хаасан, тус намын удирдагч Абдулла Ожалантай нөхөрлөдөг байжээ. Энэ нь түүний зочны хувиар Сирийн чөлөөлөгдсөн хотуудад Америкийн сенатч Жон Маккейн, Линдси Грэм нар айлчлахад саад болоогүй юм. Тус нам болон А.Ожалантай холбоотойн улмаас Турк улс М.Абдийг террорист гэдэг. Курдүүд байлдаж чаддаг гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн нэгэн хурлын үеэр мэдэгдсэн. Гэвч тийм биш аж. Үнэн хэрэгтээ АНУ тэргүүтэй эвсэл “Исламын улс”-тай хийсэн тэмцлээ амжилттай болгохын тулд курдүүдийг түшсэн гэнэ. Америкийн агаарын дэмжлэгтэйгээр газраар ажиллагаа явуулж чадах, “Исламын улс”-ын террористуудтай тэмцэхэд холбоотон болох хүчнийг АНУ хайж байсан юм. Тийнхүү курдүүд хамгийн найдвартай бөгөөд чадвартай хүчнээр сонгогджээ. Нисэх хүчин, их буугүй курдүүдийн хувьд цэргийн эл эвсэл тактикийн ач холбогдолтой байв. Чухам Курдийн отрядууд Сириэс “Исламын улс”-ын босогчдыг бут цохиж, Ракка мужийг чөлөөлөхөд эвслийн хуурай замын гол хүчин болсон билээ.

ТҮҮХЭН ХАМТРАГЧ

Курдүүд Оростой дэлхийн I дайны үеэс холбоотой буюу тэд Иракийн Курдистаны удирдагчдын удмын генерал Барзанигийн отрядаас Оросын эзэн хааны армийн талд шилжиж байсан түүхтэйг К.Труевцев дурсжээ. Дэлхийн II дайны үеэр Ираныг Зөвлөлтийн цэрэг эзэлсэн үед курдийн Мехабад улс байгуулагдсан ч Зөвлөлтийн цэрэг гарсны дараа 1946 онд Ираны шахад бут цохигдсон аж. Мехабадын хүчнийг командлагч, генерал Барзани ЗСБНХУ-д цагаачлан 1958 онд Ирак руу буцах хүртлээ амьдарсан байна. Түүний хүү Масуд Барзани 2005 онд Иракийн Курдистаны анхны Ерөнхийлөгч болжээ. “1986 онд Масуд Барзанитай уулзахад Москвад өсөж, тэндхийн хөвгүүдтэй хөлбөмбөг тоглодог байснаа дурссан” гэж К.Труевцев ярьжээ. Түүний хэлснээр Москва курдүүдтэй хэзээд холбоотой байв. ОХУ Сирийн мөргөлдөөнд оролцсоноос хойш Оросын дипломатчид курдүүд, Дамаскийг зөвшилцөлд хүргэхийг оролдсон байна. Сирийн Курдистанд ноёлох байр суурьтай, хүн амынх нь 80 гаруй хувь дэмждэг Ардчилсан холбоо намын удирдагчидтай Москва хэлхээ холбоотой байдаг аж. Гэхдээ тэд АНУ-ын холбоотон болсны улмаас Оросын цэргийнхэн курдүүдэд итгэхээ больсныг дорно дахин судлаач К.Труевцев тэмдэглэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)