Ирээдүйнхээ амийг “ЗАЛГИСААР” БАЙХ УУ


2018.06.18. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганд 11 настай хүү даруулж амиа алдав. Тэрбээр сургуулийнхаа хашаанд тоглож байсан. 

2018.06.25. Улаанбаатар хотын төвд орших Сүхбаатар дүүргийн VII хороонд үйл ажиллагаа явуулж байсан “Эко шинэс” эмийн сангийн хаалганд хүрсэн есөн настай хүү хорвоог орхилоо. Тус газрын гэрэлт хаягийн цахилгааны утсанд богино холболт үүсэж, хаалганд дамжсаныг эмийн сангийнхан мэдэж байсан гэдэг. Хүү гэрийнхээ орчимд л тоглож байсан. 

2018.07.05. Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт долоон настай охин мөн л цахилгаанд цохиулан амиа алдсан. Тэндхийн “Болор” хэмээх амралтын газрын цахилгаан дамжуулах шугамын тулгуур салхинд унасны улмаас ийм золгүй явдал болов. Охин тус газарт амарч байсан юм. 

Өнөөдөр манайд иймэрхүү аймшигтай, түгшүүртэй, зүрх зүсэм мэдээ байнга шахам дуулдах болжээ. Томчуудын хайхрамжгүй, албаны хүмүүсийн сэтгэлгүй хандлагаас хүүхэд амиа алдсан тохиолдол олон. Монгол Улсыг ирээдүйд үүрэлцэх байсан гурван хүүхдийн амийг авч одсон эдгээр тохиолдлыг энд онцолсон нь учиртай. Тэд амьдардаг орчиндоо тоглож, наадаж байгаад томчуудын буруугаас болж цаг бусаар явсан.

Тэдний араас халаглахаас өөрийг хийсэн үү, төр, засгийнхан болон нийслэлийн удирдлага. Хатуухан хэлэхэд, Монголын нийгэм өнгөрсөн онд, 20 хүрэхгүй хоногийн дотор гурван хүүхдийнхээ амийг залгичихаад нэг хэсэг “дэвхцэж”, гашуудсан дүр эсгээд л мартсан. Хэрэв монгол хүмүүс ухамсартай, хариуцлагатай, бусдын төлөө сэтгэлтэй сэн бол дээрх ослууд гарахгүй, гурван амь үрэгдэхгүй байлаа.

Ийм айхавтар осол шил даран гарсан тухайн үе рүү эргэн “очиж”, нийслэлийн удирдлага ямар арга хэмжээ авна гэж “донгодож” байсныг саная.

“Монголд ажлын хэсэг байгуулахыг ажил хийж, шийдвэрлэсэнд тооцдог” гэсэн егөөдөл бий. Гашуун ч гэсэн энэ үнэн үгийг нэг япон хүн гайхан, халаглан хэлсэн юм гэнэ лээ. Хүүхдүү­ дийн амь үнэгүйдчихээд байхад хүртэл манайхан өнөөх ажлын албаа байгуулахаас өөрийг хийгээгүй нь дэндүү харамсалтай.

2018.06.20.

Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Улаанбаатар хотын ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг байгуулав. “Сургуулийн орчин дахь аюулгүй байдлыг хангуулах ёстой. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь гэрэл, цахилгааны утсыг бүртгэнэ” гэх зэргээр бөөн сүр болж мэдээлсэн.

Уг нь иймэрхүү ажлыг нийслэлийн удирдлага тогтмол хийж, хянаж, сайжруулан, тордох үүрэгтэй. Тэд бол улаанбаатарчуудын амар амгалан амьдралын төлөө томилогдсон “цэрэг”.

2018.07.09. Нийслэлийн ИТХ-ын тэргүү­ лэгчид хуралдаад “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” гэсэн гоё үгтэй тогтоол батлав. 119 дүгээр тогтоолын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүд гэрэлт хаягийн, галын зэргээр орчиндоо буй аюултай зүйлсийг сар бүрийн 9-нд цэгцлэх ёстой. 

Энэ мэтээр дор бүрнээ хуралдаж, ажлын хэсэг байгуулан, гудамж, талбайн цахилгааны холболтын аюулгүй байдлыг хангуулахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани хамтран ажиллаж эхэллээ гэхчлэн хэвлэл мэдээллээр “чанга” дуугарч байсныг хүмүүс санаж байгаа болов уу. Бас тооллого хийж, цахилгааны хамгаалалтын зурвас суурьшсан айл өрх, байгууллагуудыг илрүүлсэн гээд л зурагтаар баахан ярьсан. Харамсалтай нь, тэр ажлынх нь үр дүн өнөөдөр бодитоор харагдахгүй л байна. 

“Ажлын хэсгийнхэн” гэх тодотголтой нөхөд чухам юу хийсэн нь тодорхойгүй. Тухайн үед нийслэлийн ИТХ-ын дарга нь С.Амарсайхан байлаа. Түүний санаачлан, батлуулсан тогтоол хэрэгжиж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Өдгөөгийн нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва ч эл тогтоолын хэрэгжилтийг хангуулж байгаа гэхэд хэцүү. Учир нь өнөөдөр ч нийслэлийн нутаг дэвсгэрт хэзээ мөдгүй унах шахсан шонгийн мод, цахилгааны утас, тулгуур шон өчнөөн байна. Худлаа гэвэл өөрсдөө яваад үзээрэй. Миний мэдэхээр, Хан-Уул дүүргийн XI хорооны Ар Зайсангийн гудамжаар “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын газар луу өгсөх авто замын гэрэлтүүлгийн хэд хэдэн шон согтуу, сагсуу, “солиотой” жолооч нарын “ачаар” хугарч, унаад, цахилгааны утаснууд нь ёрдоосон суурьтайгаа үлдсэн. Тэр замаар өдөр бүр сургуулийн хүүхдүүд уруудаж, өгсдөг. Цэцэрлэгийн жаалуудаа хөтөлсөн, тэвэрсэн ээж, аав, эмээ, өвөө нар зорчдог. Амралтын өдрүүдэд хүүхэд, багачууд бөөнөөрөө уул руу аялдаг учраас маш их хөл хөдөлгөөнтэй газар гэдгийг хотын дарга ажилдаа явж, гэртээ харихдаа хардаг л баймаар. Уг нь хотынхны аав байж ийм зүйлийн хажуугаар нүдээ “аниад” өнгөрч болохгүй. Хариуцлагатай, сэтгэлтэй хүн бол тэр зам дагуу хурд сааруулагч хийхээс эхлээд, хэзээ ч аюул дагуулж мэдэх цахилгааны утастай ёрдгор шонгуудыг янзлуулчих байх. Ийм байдалтай бараг хоёр жил болсныг, мөн тэр хавийн оршин суугчид хотхонуудын орц, гарц хэсэгт хурд сааруулагч тавиулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хашлага, хайс хийлгэхээр холбогдох газрууд, албан тушаалтнуудад нь хүсэлтээ удаа дараа гаргасаар ирснийг энэ ташрамд дуулгая.

Нийслэлд энэ мэт “чимээгүй дайсан” өчнөөн байгаагийн нэг нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын эцэс дэх эл шон.

Дүүрэг, хорооны ажилтнууд нь үүнийг лав мэдээгүй янзтай. Түүгээр зорчсон нэгэн иргэн цахим хуудсаараа энэ талаар мэдээлж, албаныханд анхааруулсан байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан болон бусад холбогдох эх сурвалжаас цахилгааны аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй ажлын хэсэг өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу амжуулсан талаар нь тодруулахыг хүссэн юм. Гэтэл үнэндээ тийм ажлын хэсэг байдгийг мэдэхээс, юу хийснийг нь хэлээд өгчих албан тушаалтан алга. Өнгөрсөн оны 7-10 дугаар сарын хугацаанд тэр “нууцлаг” ажлын хэсгийнхний хийсэн гэх ажлын тайланг нь олж үзлээ. Түүнд дурдсанаар, “6-35 кВ-ын 4325.1, 0.4 кВ-ын 2903.2 км цахилгаан дамжуулах шугам, 6-35 кВ-ын 2184 дэд өртөөнд үзлэг хийж, ашиглалтын шаардлага хангахгүй 331 ширхэг шугам, тоноглол илрүүлж, 108-ыг нь зассан” гэжээ. Мөн цахилгааны шаардлага хангаагүй 337 самбарыг засуулсан, хамгаалалтын зурваст буусан 4100 иргэнд мэдэгдэх хуудас хүргүүлсэн тухайгаа ч бичжээ. Харин цаашид ямар арга хэмжээ авах болон зөрчлийг хэрхэн арилгуулсан талаар тун тодорхой бус, тайланд дурдсан зарим ажлын гүйцэтгэл нь алга. Тухайлбал, цахилгаан дамжуулах 0.4 кВ-ын эзэмшигч нь тодорхойгүй 609 ширхэг кабель шугамыг эзэнжүүлэх, зургаа болон 10 кВ-ын цахилгаан хуваарилах байгууламж, дэд станцын хамгаалалтын зурваст байрласан хогийн цэгүүдийг шилжүүлэх ажлаа тэд хийгээгүй байна. Хэзээ мөдгүй нурах аюултай орон сууцны барилгыг дахин төлөвлөх хүртэл цахилгааны ерөнхий самбарыг нь засах тухай тайлагнасан хэрнээ мөн л гүйцэтгээгүй байх юм.

Энэ мэт зүйлийг тодруулахаар албаныхантай холбогдоход “Ажлын хэсгийг удахгүй шинэчилж, дахин төлөвлөгөө гаргахаар ажиллаж байгаа” гэхээс өөр хариулт хэлсэнгүй. Тэр ч бүү хэл, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргасан тайланд “119 дүгээр тогтоолын хэрэгжилт энэ оны эхний улирлын байдлаар 0 хувь” гэж дурдсан байна. Тэгэхээр “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” буюу 119 дүгээр тогтоолын хэрэгжилт нэг иймэрхүү. Ёстой нөгөө “Ажлын хэсэг байгуулчихаар л ажил нь цэгцэрчихдэг” гэсэн монголчуудын тэнэг ойлголтоос хэтэрсэнгүй. Ингэж байтал зөвхөн хүүхэд гэлтгүй хэн нэгэн дахин харамсалтайгаар хорвоогоос явахгүй гэх баталгаа алга. Холбогдох албаныхан ажлаа хийхээр бэлтгэж байна гээд суух хооронд цахилгааны тулгуур шонгууд хэзээ мөдгүй унах гэж “айлгаад” байгааг, бас өнгөрсөн жил тагласан гэх гэрлийн шонгууд нь буцаад “онгойчихсон” талаар иргэд эхнээсээ мэдээлж байна.

Нэг жилийн өмнө золгүйгээр амиа алдсан хүүхдүүдийн араас харамсаж, гашуудсан иргэд тухайн үед хөдөлгөөн өрнүүлж, амьдарч буй орчныхоо зөрчлийн талаар цахимаар мэдээлж, нийслэлийн болон холбогдох албан байгууллагуудын удирдлагын чихнээс хонх уяж байсан. Уг нь иргэдийн хүргэсэн “хов”-ын дагуу бус, өөрсдөө санаачилгатай, идэвхтэй сэтгэлтэй ажиллах ёстой, нийслэлийн удирдлага аа. Энэ асуудалд нийслэлийн ИТХ-д ч хамаатай шүү, Р.Дагва дарга аа. Өнөөдөр (өчигдөр) Ерөнхий сайдыг ажлынхаа өргөөнд угтаж, “хөөрцөглөсөн” шигээ ажлаа хийгээрэй. Цаашлаад төр, засгийнханд ч хамаарахыг хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу.

Эргээд 2018 он руу “явъя”.

  • 79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь халлаа.
  • “Эко шинэс” эмийн сангийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа.
  • Налайхын “Болор” амралтын газрыг хэрхсэн нь тодорхой бус.

Ингээд л болчихсон. Өөрөөр хэлбэл, гурван сайхан амийг захирлын албан тушаал, эмийн сангийн үйл ажиллагааны эрх төдийхнөөр хэмжээд л өнгөрснийг юу гэх билээ. Тухайн үед нийслэлийг удирдаж байсан С.Батболд өнөөдөр энэ талаар таг мартчихсан л яваа. Гурван хүүхэд цаг бусаар явсантай зэрэгцээд шахуу өнгөрсөн оны зургадугаар сарын 14-нд Хүүхдийн паркийн тоглоом эвдэрснээс болж дөрвөн хүүхэд гэмтэж, бөөн шуугиан дэгдсэн. Ингэж хүүхдүүд үрэгдэж, гэмтэж бэртэж, нийслэлчүүд айдаст автчихаад байхад л “Аз жаргалтай Улаанбаатарын төлөө” гэж явсан хүн шүү дээ, мээр асан. Бас Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч “Хариуцлагагүй байдалтай эрс тэмцэнэ” гээд л байсныг иргэд санаж байгаа нь лавтай. Эрүүл, саруул өсөж торниод, тоглон наадаж явсан хүүхдүүд гашуун дурсамж болоод үлдэх учиргүйг дахин дахин сануулъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)