Ирээдүйд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт хэрхэн өөрчлөгдөх вэ

Өндөр цалин, тохилог албан тасалгаа, хангамж сайтай ажлыг хүн бүр л мөрөөддөг. Ийм байхын тулд мэргэжлээ зөв сонгох нь чухал. Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 30 оюутнаас “хүссэн мэргэжлээ сонгон суралцаж байна уу” гэх асуултад 18 нь “үгүй” гэх хариултыг өглөө. Тэд эцэг эх, найз нөхөд, багш нарынхаа шахалтаар хүсээгүй мэргэжлээ сонгоход хүрчээ. Сонголтоо буруу хийсэн бол идэвхгүй, сэтгэл ханамжгүй байх нь тодорхой.

Өнөөдөр дэлхий дахинд мэргэжлээ зөв сонгох нь амжилтанд хүргэх үү эсвэл харамсаж суух уу гэдгийг тодорхойлж өгөх гол хүчин зүйл болоод байгаа билээ. Хүсэхэд хясна гэгчээр хэн нэгний шахалтаар багш, хуульч, эмч гэх түгээмэл мэргэжлүүдийг сонгон, түүндээ эзэн болж чадалгүй ажлын байргүй хоцрох нь ч бий. Тодруулбал, Монголд нийт төгсөгчдийн гуравны нэг нь л мэргэжлээрээ ажилладаг байна. Үлдсэн нь өөр мэргэжлээр ажиллаж, зарим нь “лааз өшиглөгчид”-ийн эгнээнд шилждэг. Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдийн дийлэнх нь нийгмийн салбарын мэргэжил сонгодог учир нь зах зээлд нийлүүлэлт нь эрэлтээсээ давчихаад байна. Харин тогооч, инженер зэрэг эрэлттэй мэргэжлүүдийг сонгох нь ховор болж. Иймд мэргэжил гэж чухам юу юм, ямар мэргэжлийг сонговол ирээдүйд юу хийх вэ гэхчлэн олон асуултын хариултыг уг нь дунд сургуулийн сурагч байхаас нь зааж, сургах хэрэгтэй юм шиг. Мөн сургуулиа төгсөж байгаа мэргэжлээ хэрхэн сонгохоо мэдэхгүй сурагчдад ямар чиглэлээр суралцвал ямар хүн болох вэ гэдгийг нь ойлгуулах мэргэжлийн чиг баримжаа олгох газар дутагдалтай байна. Мэргэжлийн чиг баримжааг дутуу олгодог учир хуульчид өнөөдөр цөөн ажлын байраа булаацалдан сууна.

Иймд дэлхийд болон монголд ирээдүйд эрэлттэй, ажлын байртай байх мэргэжлүүдийг танилцуулья.

  • Маркетингийн менежер

Хэдийгээр энэ чиглэлийн мэргэжилтнүүд их ч компаниуд илүү ур чадвартайг хайсаар байна. Эдийн засаг сэргэж буй өнөө үед компани болон аж ахуйн нэгжүүдийн тоо ихсэх магадлалтай юм.

  • Хүрээлэн буй орчны мэргэжилтэн

Энэ нь зөвхөн байгаль, экологийн асуудлаар дуусахгүй. Өнөөдөр дэлхий нийтийн санаа зовниж буй асуудал бол яах аргагүй хотжилт. Нийгмийн шинэчлэлт өөрчлөлтийн үед хязгаар нутагт хөгжлийн төвшний ялгаа гарч, улмаар хүн ам оршин байгаа сум, аймгаас томоохон суурин газрууд руу шилжих хандлага ихэссэн. Ингэх тусам экологийн асуудал, хүний хүрээлэн буй орчны асуудал хурцаар тавигдсаар байна. Эрүүл цэвэр ус, агаар, газраар хангах, бохирдсон газар нутгийг судлах мэргэжилтэн одоо ч, ирээдүйд ч Монголд нэн хэрэгцээтэй.

  • Мэдээлэл технологийн мэргэжилтэн

Бүх юм дижиталчлагдаж, интернэтжиж, хурдасч, гүйцэхийн аргагүй болсон өнөө үед энэ салбарын ажлын байрны тоо болон үнэ цэнэ өдрөөс өдөрт нэмэгдэх нь дамжиггүй.

  • Өндөр зэрэглэлийн тогооч

Үйлчилгээний салбар өргөжихийн хэрээр энэ чиглэлийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж , тавигдах шаардлага ч мөн адил өндөрсөж байгааг судалгааны байгууллагууд хэлсээр буй.

  • Барилгын инженер

Барилгын зах зээлийн халуурал ойрын 20 жилдээ буурахгүй гэсэн албаны тооцоо бий. Бүтээн байгуулалт цааш үргэлжлэхэд хамгийн нөлөө бүхий мэргэжил бол барилгын инженер юм.

  • Шүдний эмч

Монгол Улсад 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94 хувь, 12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 84 хувь байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдийн дунд ч шүдний өвчлөл газар авсаар. Иймд шүдний эмч, эмнэлгийн эрэлт хэрэгцээ ч дуусахгүй бололтой.

  • Сонсголын эмч

Орчин үед техник технологийн хурдацтай хөгжлийг дагаад хүн болгон л тэдэнд уусаж байна. Гэсэн ч юм бүхэн хэмжээтэй, хэмжээнээсээ хэтэрвэл хор болдог гэдэг үгийг санахад илүүдэхгүй биз ээ. Дуу, хөгжим сонсохдоо байнга чихэвч хэрэглэх нь сонсголд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд хэдийнэ баталсан. Тэгвэл үүгээр зогсохгүй чихэвчний чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг гэж Их Британийн Лестерийн их сургуулийн шинжээчид мэдээлжээ. Энэ нь яваандаа сонсголгүй болох замд хөтөлдөг байна. Тиймдээ ч сонсгол, чих хамар хоолойн эмч нарын эрэлт эрс нэмэгдэж, тэр хэрээрээ цалин ч өсөх биз ээ.

  • Эмнэлгийн төхөөрөмжийн мэргэжилтэн

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт хамгийн дэвшилтэт техник технологи бүхий багаж хэрэгсэл, машин техникийг ашиглах болсон. Гэсэн ч техникийн засвар үйлчилгээ хийх, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах асуудалд анхаарлаа хандуулах шаардлага тулгараад байна. Иймд энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн "эрэл"-д гарах магадлалтайг судлаачид хэлсээр байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)