Ирээдүйгээ эрэмдэглэгчид нь ЭЦЭГ, ЭХЧҮҮД

Хөмсөг нь хөдөлдөггүй, инээхээр хацар нь чичрээд байдаг нэгэн охинтой сар гаруйн өмнө танилцсан юм. Уламжлалт эмнэлэгт зүү тавиулж, бариа хийлгэж байсан тэр охин мэдрэлийн архаг ядаргаа гэсэн оноштойгоор сарын турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлчихээд саяхан гэртээ гарчээ. Гэсэн ч бүрэн илааршаагүй тул зүү тавиулж буй нь энэ. 10-хан настай түүнийг юу ийм болгож орхисныг сонсоод итгэсэнгүй.

Ердөө л зурагт. Чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлж, мэдээлэл авч, хөгжих гэж бид гэртээ зурагт үздэг. Харин хүүхдүүдэд энэ дэлгэцийн уршиг дэндүү их гэнэ. Одоо охиныг нь “өвтгөсөн” зурагтыг ээж нь зүхэж сууна. Тэр ч бүү хэл гэртээ зурагт үзэх цагийн хуваарь гаргаж, бусад үед нь удирдлага болон дамжуулагч төхөөрөмжийнхөө картыг нуудаг болжээ. Үнэндээ буруу зүйлд үрсээ донтуулсан бид өөрсдийгөө л шийтгэх учиртай.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт өнгөрсөн жил дэлгэцийн дон гэсэн оноштойгоор 44 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бол энэ оны эхний 10 сарын байдлаар энэ тоо 55 болж нэмэгдсэнийг тус клиникийн эрхлэгч Д.Энхтуяа хэлсэн юм. Түүнчлэн сурагчдын амралт эхлэхээр хэвтэн эмчлүүлэгчдийн тоо улам өсөж, 25 ортой хүүхдийн тасгийнхан ачааллаа дийлэхээ больдог гэнэ.

Энэ клиникт нойрны өөрчлөлт, шээс задгайрах эмгэг зэрэг оноштой хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг бөгөөд нийт үйлчлүүлэгчийн 25 орчим хувь нь компьютер тоглоом, гар утас, зурагтанд донтогчид байдаг аж. Хүүхдийг мэдрэлийн архаг ядаргаанд оруулдаг эдгээр төхөөрөмжийг хязгаартай хэрэглүүлэхгүй бол эдгэшгүй өвчин тусах эрсдэл бий. Тухайлбал, эмнэлэгт хүүхдийг 10 хоног эмчлээд буцаадаг ч энэ өвчнийг бүрэн анагаахын тулд багадаа хагас жил сэтгэл заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй байдаг гэнэ.

Нэгэнт ийм зүйлд донтсон хүүхэд бие даан шийдвэр гаргаж, өөрийгөө хязгаарлаж чадахгүй учраас зайлшгүй эцэг, эхийнхээ хараа хяналтад байж дэглэм барих хэрэгтэй болдог аж. Завгүй эцэг, эхчүүд ийм нарийн дэглэмийн дагуу хүүхдээ эмчлүүлж чаддаггүй учраас цаашид даамжирч, сэтгэл мэдрэлийн өвчтэй болоход ч нөлөөлж мэднэ.

ХАМГААЛАХ МЕХАНИЗМ УДААН АЖИЛЛАВАЛ ӨВЧИН ҮҮСГЭНЭ

Сэтгэлзүйчдийн тайлбарлаж буйгаар компьютер, гар утсанд донтсон хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүл болон сургуулийн орчинд ямар нэгэн бэрхшээлтэй учирч, харилцаанд нь доголдол үүссэн байдаг гэнэ. Өөрийгөө тусгаарлаж, ямар нэгэн зүйлээс бие, сэтгэлээ хамгаалах зорилгоор тэд дэлгэцтэй нөхөрлөж, эцэстээ үүндээ донтдог байна.

...Хараа муутай, нүд нь анивчдаг, харилцааны чадваргүй, өөрийгөө илэрхийлж мэддэггүй, анхаарал төвлөрөл муутай хүүхдүүдийг тусгай оношлогоонд оруулж, дэлгэцийн хамаарлыг нь эрт оношлон илрүүлэх шаардлага хэдийнэ тулгарчээ...

Саяхан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нийслэлийн Боловсролын газар, СЭМҮТ, ЭЦГ-ын Киберт гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран хүүхэд, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан цогц сургалт зохион байгуулж, дэлгэцийн хамааралтай болох эрсдэлийн талаар танилцуулж байсан юм. Тус сургалтад суусан хүүхдүүдээс багш нар “Гар нь чийгтдэг, хөл нь байнга шивэртдэг хүүхэд байна уу” гэж асууж байсан. Энэ нь дэлгэцийн донгийн анхдагч шинж тэмдэг юм билээ. Цаашилбал, донтсон хүүхэд амархан ядарч, нойрны хямралтай болж, анхаарал нь төвлөрдөггүйгээс хичээлдээ муудан, аливааг хурдан мартаж, биеэ барих чадваргүй, огцом ууртай болдог аж.

УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ НЭГДСЭН СУДАЛГАА АЛГА

Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүдтэй уулзаж, ерөнхий боловсролын сургуулиудад нэгдсэн судалгаа явуулж, дэлгэцийн хамааралтай хүүхдийг илрүүлдэг, эсэхийг тодруулахад тэдэнд мэдэх зүйл байсангүй. Багш, мэргэжилтнүүд хий дэмий санаа зовж, ярилцдаг ч компьютерт донтсон хүүхдийг хэрхэх талаар зохион байгуулалттай ажил хийж эхлээгүй байгаа аж.

Тиймээс хүүхдүүдтэй хамгийн ойр байдаг нийгмийн ажилтнуудын үгийг сонсохоор шийдэж, 16 дугаар сургуулийг зорьсон юм. Тус сургуулийн нийгмийн ажилтан Г.Нямдаваа сүүлийн үед хүүхдүүдийн дунд огцом нэмэгдээд байгаа дэлгэцэнд донтохын эсрэг ямар арга хэмжээ авахаа сайн мэдэхгүй байгаагаа хэллээ. Мэдээлэл түгээж, сэрэмжлүүлэх хэрэгтэй ч сургуулийн эргэн тойронд байрласан цахим тоглоомын газрууд, тэдгээрийг ажиллуулж байгаа хувь хүмүүсийн сэтгэхүйг л өөрчлөхгүй бол түүнд гарц харагдахгүй байгаа гэсэн.

Хичээлийн бус цагаар тэрбээр эдгээр тоглоомын төвд очиж, сурагчдаа гэр рүү нь явуулдаг. Гэвч түүнийг гараад явмагц тоглоомын төвийнхөн хүүхдүүдийг эргээд оруулчихдаг нь харамсалтай. Одоо энэ хавийн тоглоомын газрын ажилтнууд түүнийг таньдаг болчихсон учраас зориод очиход нь хаалгаа цоожилж, нуугддаг болжээ.

Тэрбээр уржнан гурав, өнгөрсөн жил хоёр сурагчаа хичээлийн цагаар СЭМҮТ-д хүргэж, эмчлүүлсэн байна. Өвчин нь хүндэрсэн хүүхдүүдийг л ийн эмнэлэгт аваачдаг ч донтолтын шинж тэмдэг илэрснийг хэрхэх нь тодорхойгүй байна гэлээ.

20 ЖИЛИЙН НАСТАЙ “ЗАЛУУ” ӨВЧИН

Хүүхдээ уйлахад нь утсаар аргадаж, өөрийнхөө хийж байгаа ажилд садаа болгохгүйн тулд компьютерын өмнө суулгаад мартаж байгаа эцэг, эхчүүд бид л ирээдүйгээ эдгэшгүй өвчинд нэрвэгдүүлж, нэг төрлийн мансуурагчид болгож байна. Ухаалаг утас, компьютерт донтох нь сэтгэцийн эмгэг мөн гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч, сэтгэцийн эмгэгийн оношийн V ангилалд дэлгэцэнд донтох өвчнийг оруулсан байдаг. Үүнд насны хязгаар байдаггүй аж. Харин эдүгээ Монгол Улсад 5-18 насны хүүхдүүдийн дэлгэцэнд донтох нь нэмэгдэж, хянахад түвэгтэй хэмжээнд хүрчээ.

20 жилийн өмнө эмч нар ийм шинэ эмгэг бий болж буйг анхааруулж байсан бөгөөд эдүгээ дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж байгаа тоо ч үүнтэй холбогдох биз ээ. Манай улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүний 15 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байгааг судалгаанд дурдсан байна.

“Сэтгэлийн толь” төвийн сэтгэлзүйч Х.Хандсүрэн дэлгэцийн хамааралтай болсон хүүхдүүдтэй ажиллаж байсан туршлагатай ч хүүхэд бүрт тусгай арга хэрэглэх шаардлагатай болдгийг онцолсон. Тэрбээр хүүхдүүддээ гар утас, компьютерыг цагийн хязгаартай хэрэглүүлэхийг эцэг, эхчүүдэд зөвлөдөг байна.

20х20х20 ДҮРЭМ

АНУ-д эцэг, эхчүүд хүүхдүүдээ дэлгэцийн хамаарлаас хамгаалахын тулд 20х20х20 гэсэн дүрэм мөрдүүлдэг гэнэ. 20 минут, 20 фийт буюу хоёр метр зайнаас зурагт үзээд 20 секунд амрахыг зөвлөдөг нь энэ дүрмийн агуулга аж. Дэлхий нийт ч бас энэ өвчний аюулаас ирээдүйн иргэдээ хамгаалахыг хичээсээр байна. Финландад хоёр жилийн өмнө хийсэн судалгааны дүн эрх баригчдыг нэлээд сандаргасан гэдэг.

Тодруулбал, 15-19 насны хүүхдүүдийн 61 хувь нь компьютерт донтсон, 24 хувь нь архаг донтолттой гэж гарсан байна. Ердөө 15 хувь нь эрүүл гарчээ. Хараа муутай, нүд нь анивчдаг, харилцааны чадваргүй, өөрийгөө илэрхийлж мэддэггүй, анхаарал төвлөрөл муутай хүүхдүүдийн дэлгэцийн хамаарлыг оношлон илрүүлэх шаардлага хэдийнэ тулгарчээ.

Монголчуудад тогтсон ийм дүрэм байдаггүйн зэрэгцээ хүүхдүүдээ юу үзэж байгааг ч хянадаггүй нь маш том аюул юм. Тухайлбал, СЭМҮТ-д оношилгоо хийлгэсэн нэгэн ээж шөнөжин хар дарж зүүдлээд, унтаж чадахгүй байсан хүүгээ үзсэн зүйлээсээ айж, бухимдах болсныг мэдээгүй л явсан гэдэг.

2004 онд компьютерт донтсон оноштой анхны, бага насны өвчтөн СЭМҮТ-д эмчлүүлж байсан бол эдүгээ дэлгэцийн дон гэсэн оноштой хүндэрсэн өвчтөнөө л хэвтүүлж, эмчилж дийлэх хэмжээнд байна. Жил ирэх тусам нэмэгдэж буй энэ өвчин архинд донтохтой төстэй, маш хүчтэй хамааралд оруулдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Таны хүүхэд хоёр цагаас илүү хугацаагаар гар утас ашиглаж, тоглоом тоглож байгаа бол донтсон байх магадлалтай аж.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүд өдөрт 20, бага, дунд ангийнхан 30 минутаас их хугацаагаар цахим тоглоом тоглож байгаа бол эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж эхэлдгийг мэргэжилтнүүд сануулж буй юм. Хууль дүрэм, тогтоол шийдвэрээс илүүтэй эцэг, эхчүүдийн ухамсрыг өөрчилж, ирээдүйгээ аврахгүй бол бид сэтгэцийн эмгэгтэй, эрэмдэг ирээдүйг идэвхтэйгээр бэлдсээр л байх нь. Хамгаалж, хайрлах нь энгийн дадлаас эхэлдгийг энд сануулахад илүүдэхгүй биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)