Ирээдүйгээ залхууралд ногтолж байна

- Ялангуяа цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийг амьдралаас “тасалж” буйг эцэг, эхчүүд шүүмжилдэг –

Монгол Улс 3.2 сая гаруй хүн амтай. Тэдний 63.7 хувь нь 35 хүртэлх насныхан, үүнээс бараг 31 хувь буюу нэг сая гаруй нь 0-14 насны хүүхэд байна. Нийслэлийн 1.3 сая гаруй хүн амын олонх буюу 67 хувийг 35-аас доош насныхан эзэлж байгаагаас 30 хувь нь 16 хүртэлх насныхан. Энэ бол Монгол Улс хүүхэд, залуучуудын орон гэдгийг батлах баримт. Тэгэхээр томчууд бид улс, үндэстнийхээ ирээдүйг өлгийдөж, манцуйнаас нь гаргаж, төлөвшүүлж буй асар хариуцлагатай үүрэгтэй удирдлага юм. Өөрөөр хэлбэл, ирээдүй маань ямар байх нь эмээ, өвөө, эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч, багш нараас шууд хамаарна. Хүүхдүүдээ амьдралын ухаантай, ажилтай анхиатай байлгахын төлөө сэтгэл чилээдэггүй хүн байхгүй биз ээ. Угаас монголчуудын эртнээс уламжилж ирсэн ахуйн хүмүүжлийн соёлд хүүхдийг хөдөлмөрөөр бойжуулан хүн болгох арга барил бий.

Харин сүүлийн үед хотын соёлд “хэтэрхий нэрвэгдэж” зарим сайхан уламжлал, ахуйгаа зориудаар таягдаад байх шиг санагдах боллоо. Амьдардаг орчныг нь хүүхдүүдээр цэвэрлүүлэхгүй, ойр зуурын, ахуйн ажилд оролцуулахгүй “бөөцийлдөг” буруу хандлага гэр бүл, цэцэрлэг, сургуулийн орчинд байгааг шүүмжлэх хүн олон. Ялангуяа сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдаар хичээллэдэг анги, танхимыг нь угаалгаж, цэвэрлүүлэхийн оронд цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчин хөлсөлдөг “моодыг” олонх эцэг, эх таашаадаггүй. Хүүхдээр нь “бохир” ажил хийлгэхийг эсэргүүцдэг зарим хүний тайлбарласнаар, ингэж хүн хөлсөлж цэвэрлүүлэхэд аав, ээж нараас мөнгө татдаг болохоор ихэвчлэн дургүйцдэг гэх. Харин хүүхдийг орчиндоо цэвэр цэмцгэр амьдарч сургахад, цаашлаад зөв, соёлтой иргэн төлөвшүүлэхэд багагүй нөлөөтэй наад захын ажил нь ангийн цэвэрлэгээ байдгийг “юм үзэж”, ухаан суусан олон аав, ээж хэлж, дэмждэг. Тэд “Бид ч багадаа ангиа цэвэрлэж, бүх нийтийн субботникт оролцож, ургац хураалтад дайчлагдаж янз бүрийн ажил, хөдөлмөр хийж өссөн. Заримдаа хүүхдэд ахадмаар ажил ч хийсэн. Тэглээ гээд муу, муухай болсонгүй, харин ч зөв хүмүүжсэн” гэдэг. Тэгвэл багш нар энэ тал дээр ихэвчлэн нэг байр суурьтай байдаг аж. Тодруулбал, эцэг, эхчүүдээс авсан хураамжаар хүн хөлсөлж, ангиа цэвэрлүүлэх нь нэгдүгээрт, хүүхдээ өмөөрдөг аав, ээж нарын “дайралтаас” бултах шилдэг арга. Хоёрдугаарт, цаг хугацаа хэмнэхэд хэрэгтэй. Учир нь, цэвэрлэгээ хийж байгаа хэдэн хүүхдийг “манаж” суух нь хичээл заахаас ч ярвигтай гэнэ. Эдгээр шалтгаан багш нарт “хожоотой” ч хүүхдүүдэд алсдаа сөрөг дагавартай байхыг үгүйсгэхгүй.

Би сурагч байхдаа ангиа цэвэрлэж, жижүүр хийдэг байсан. Тэр үед болсон хөгжилтэй явдлууд одоо ч санаанаас гардаггүй сайхан дурсамж болжээ. Тэгэхээр анги, танхимаа цэвэрлэх нь хүүхдүүдэд дурсамж тэрлэх, нөхөрлөж, ойлголцох бас нэгэн боломж, шалтаг шалтгаан байжээ гэж боддог. Уучлаарай, ингэж бичлээ гээд өмнөх нийгмийг санагалзагч, “дарангуйлагч”, одоогийн хүүхдүүдийн хөгжил, сэтгэл зүй, хүмүүжил, аливааг харж, хүлээн авах өнцөг нь тэс өөр болсон гэж шүүмжлүүлэхгүйн тулд анги, танхимаа цэвэрлэх нь олон улсад байдаг сайн жишиг, эл дадлаас ирээдүйн иргэдийн хүмүүжил, төлөвшил тогтдог гэдгийг хэдхэн жишээгээр дурдъя.

Хүмүүжил, төлөвшил гэдгийг олон улсын судлаач нар “хүн болгон ургуулах үйл явц” гэж тайлбарладаг. Эл үйл явцын хамгийн ярвигтай үе нь бие даан шүдээ угааж, хоолоо идэж, хувцаслахаас эхэлнэ. Энэ үед өөрийнх нь тоглоом, гутал, хувцас, аяга, халбагыг цэгцлүүлж сургах нь алсын төлөвшилд нь асар чухал үүрэгтэйг тэд онцолжээ. Тиймээс л цэцэрлэгийн наснаас нь л хувийн “өмчөө” замбараатай байлгахын чухлыг ойлгуулж, хэвшүүлээд, цаашдаа сурагч болох үед нь ангийн цэвэрлэгээнд оролцуулдаг. Орчноо ая тухтай, цэвэрхэн байлгаж хэвшсэнээр хүүхэд насан туршийнхаа нэгэн зөв дадлыг бий болгодог байна. Үүнээс л ирээдүйн сайн хүн төлөвшинө гэж япончууд үздэг учраас гэртээ ч, сургууль, цэцэрлэгийн орчин ч байнга цэвэр цэмцгэр байхыг сургаж, зөвлөж, багш, хүмүүжүүлэгч нь үйлдлээрээ үлгэрлэдэг аж. Өөрөөр хэлбэл, хүмүүжилд нөлөөлөх хамгийн чухал зүйл нь үйлдэл, үлгэр, дуурайл гэдэг. 

Тийм учраас Японы ерөнхий боловсролын сургуулиудад цэвэрлэгч, үйлчлэгч, угаагч гэсэн тусгай “мэргэжилтэн” байхгүй. Анги, танхимаас гадна ариун цэвэр болон бусад өрөө, хонгил гээд бүгдийг хүүхдүүд өөрсдөө цэвэрлэдэг. Энэ нь хичээлийн хөтөлбөрийн нэг хэсэг болдгоороо оцлогтой юм байна. Үүнээс гадна сурагчид 08.30 цагаас хоцрохгүй ангидаа орсон байх ёстой бөгөөд таваас олон удаа хичээлээс хоцорсон тохиолдолд шийтгүүлнэ. Ингэхдээ долоо хоногийн хугацаанд сургуулийн хэмжээнд цэвэрлэгээ хийлгэдэг аж. Ингэж байж хоцорсон хугацааны хичээлээ нөхсөнд тооцуулдаг гэсэн. Японы боловсролын уламжлалын нэг нь o-сожи буюу цэвэрлэгээ хийх юм. Өөрөөр хэлбэл, ангиа, сургуулиа угааж, цэвэрлэх нь сурагчийн үндсэн үүргийн нэг хэсэг гэсэн үг. Ердийн сургуульд o-сожи өдрийн хоолны дараа эхэлж, 20 минут үргэлжилдэг бөгөөд үүний дараа хүүхдүүд завсарладаг. Ийм цэвэрлэгээ нь лхагва, бямбаас бусад гарагт буюу долоо хоногт дөрвөн удаа тохионо. Улирал бүрийн сүүлчээр ососожи буюу их цэвэрлэгээтэй байдаг бөгөөд энэ үеэр хүүхдүүдийг хөгжөөх олон арга хэмжээ, уралдаан зохион байгуулахын зэрэгцээ том ангийнхан нь багачуулдаа заавал тусалж, ангийг нь цэвэрлэлцдэг гэнэ.

Ихэнх сургуулийн бага, ахлах ангийнхан харилцан тусалж, цэвэрлэгээг нь хамждаг бөгөөд үүнийг хиторикко гэдэг аж. Жилд гурван удаа, гуравдугаар ангийн сурагчид, ахлах ангийнхан сургуулийнхаа ойр орчмыг цэвэрлэдэг. Үүнийг чиики сейисо гэдэг. Энэ мэтээр бүр нарийвчлан цэвэрлэгээ хийлгэдэг байна. Ингэж цэвэрлэгээ хийлгэснээр юу ойлгуулж, заадаг вэ? Хүүхдүүд үймж, замбараагүй байдал үүсгэхгүй байх нь илүү дээр гэдгийг мэдэрч, ойлгохын зэрэгцээ хамтын ажиллагаа, бусдад туслахын, харилцан хүндлэлийн чухлыг ухаарах том боломж гэж багш нар нь тайлбарлаж байна. Өөр нэг сонирхолтой зүйл нь Японы ерөнхий боловсролын сургуулийн өдөр тутмын хөтөлбөрт усанд сэлэлт ордог нь эрүүл амьдрах, цэвэрч зан төлөвшүүлэх зорилготой юм байна. Сонирхуулахад, дүрэмт хувцасны загварыг өөрчлөх, дотуур, гадуур нь өөр хувцас өмсөх, үсээ олон өнгөөр будах, урд хэсгийг нь хөмсөгнөөс хэт доош тайрахыг, гар утсаа сургууль дотор асаахыг хориглодог нь мөн л хүмүүжил, төлөвшлийн ач холбогдолтой аж.

Тэгвэл БНСУ-ын бага, дунд, ахлах сургуулийнхан хичээлээ тарангуутаа анги, танхимаа цэвэрлэдэг журамтай. Барууны орнуудаас Герман энэ тал дээр илүү ухаалаг буюу хүүхдүүдэд хөдөлмөрийн амтыг мэдрүүлэх үүднээс анги тус бүрээрээ сургуулийн дотор, гаднах орчныг жижүүрийн системээр, хуваарийн дагуу цэвэрлэдэг юм байна. Тайваньд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд өдөр бүр хичээл эхлэхээс хагас цагийн өмнө анги, танхимаа цэвэрлэдэг “хуультай”.

“Өсвөр үеийн хүүхдийг хөгжүүлэх гол зорилтуудын нэг нь үүрэг, хариуцлагыг мэдэрүүлэн, ухамсарлуулах явдал. Үүний тулд тэднийг аливаад идэвхтэй байлгаж, ангиа цэвэрлэдэг дадалд сургах нь маш чухал” гэж Москвагийн төвийн дүүргийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн тэргүүлэх зэргийн багш, сэтгэл судлаач Т.Евграфова илтгэлдээ өгүүлжээ. Түүний тайлбарласнаар, өсвөр үеийнхэн цэвэрлэгээ хийх тун дургүй бөгөөд хүн хөлслөхийг илүүд үздэг. Ийм хандлагыг засаж, залруулахаар сургуулийн удирдлага сэтгэл судлаач, эмч, нийгмийн ажилтнуудын хамт 5-8 дугаар ангийн сурагчидтай хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, санал бодлоо солилцож, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Үр дүнд нь хүүхдүүд өөрсдийн сонголтоор хос болж, долоо хоногт нэг удаа, цаашлаад өдөр бүр цэвэрлэж хэвшсэн гэнэ, зарим нэг сурагчийг эс тооцвол. Энэ өөрчлөлтөөс гарсан эерэг зүйл олон гэнэ. Жишээ нь, тухайн ангиудын сурлагын чанар дээшилсэн, өдөр тутмын цэвэрлэгээний асуудал шийдэгдсэн, зарим сурагчдын нөхөрлөл зузаарсан гэдгийг орос багш тайландаа дурдсан байна.

Улс, үндэстнүүд хүүхдүүдийг багаас нь ингэж ажилд дурлуулж, ангийг нь цэвэрлүүлэх дадалд сургаснаар ирээдүйн иргэдээ төлөвшүүлэх гол хөшүүрэг гэж үздэг байна. Төлөвшсөн иргэдтэй нийгэм соёлтой, зөв хөгжих нь мэдээж. Гэтэл манай багш нар үүнээс эсрэгээрээ мөнгөөр бүх асуудлыг “зодож” шийдэх буруу хандлагад сургаад байна уу гэлтэй сурагчдаас мөнгө татаж, ангиа цэвэрлүүлж байна. Монгол Улсын хөгжлийн хурд энэ мэт “жижиг сажиг” асуудлаас шалтгаалж байна гэхэд буруудахгүй болов уу.

Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)